Ж.Батзандан: Би хүнд дарамтлуулаад байдаг аавын хүү биш – See more at: http://www.yanaa.mn/read/7225#sthash.BybWZPEV.dpuf

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Би хүнд дарамтлуулаад байдаг аавын хүү биш – See more at: http://www.yanaa.mn/read/7225#sthash.BybWZPEV.dpuf

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж ҮХАА-н сайдаар томилогдсон учир Хууль зүйн байнгын хорооны даргын суудал эзгүйрээд байгаа билээ. Тиймээс байнгын хорооны даргын суудалд УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлээд байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийнхөө нэрийг байнгын хорооны даргад дэвшүүлжээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хорооны даргаар нэр дэвшсэн гэж сонслоо. Бие дааж нэр дэвшсэн гэсэн үг үү. Хуулиндаа яаж тусгагдсан байдаг вэ?

-Хуулинд бие даах гэдэг ойлголт байхгүй. Байнгын хороны даргад тухайн байнгын хорооны дурын гишүүн хүн нэр дэвших эрх нь нээлттэй байгаа. УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулинд заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд миний нэрийг дэвшүүлсэн.

-АН-аас албан ёсоор Д.Ганбат гишүүн нэр дэвшээд байгаа. Олонхийн саналаар байнгын хорооны дарга болох магадлал өндөртэй. Харин гишүүдээс таныг хэн дэмжих бол?

-Д.Ганбат гишүүн олонхийн саналийг авч шударгаар өрсөлдөж сонгогдох эрхтэй. Түүнээс биш ганцхан хүний нэр дэвшүүлээд, ганцхан хүний төлөө бүх гишүүд саналаа өгдөг хуучин коммунист аргаар явж болохгүй. Бид урьд нь энэ аргаар яваад ирлээ. Энэ арга нь фракцын зарчим буюу фракцаараа албан тушаал хуваарилах гэдэг хоцрогдсон арга барил удаан жил үргэлжилж байгаа. Үүнийг халахын тулд би эрсдэл хийж байна. Ер нь цаашид хоёр ба түүнээс доошгүй хүмүүс өрсөлддөг, хөтөлбөрөө танилцуулдаг, сонгон шалагруулалт юм уу аль эсвэл чөлөөт өрсөлдөөний журмаар байнгын хорооны дарга нар УИХ-ын бүтцийн удирдлагуудыг сонгогдог байх нь зүйтэй гэж бодож байгаа. Хууль нь ч ийм.

-Та өмнө нь “давхар дээл” тайлахыг дэмжиж санал өгч байсан. Харин Ш.Түвдэндоржийг сайд болоход дэмжиж санал өгсөн байна лээ. Энэ нь “давхар дээл”-ийг дэмжиж байгаа хэрэг биш үү?

-“Давхар дээл”-ийг эсэргүүцэж байгаа. Давхар дээлийн асуудал нэг тийшээ шийдэгдсэн. УИХ-ын гишүүдийн олонхи нь “давхар дээл”-тэй 2016 оныг хүртэл явна гээд шийдвэрээ гаргачихсан. Энэ тохиолдолд “давхар дээл”-ний тухай ярих шаардлага байхгүй.

-Хууль зүйн байнгын хорооны даргын суудалд суух гэж Ш.Түвдэндорж гишүүний “давхар дээл”-ийг дэмжсэн гэж ойлгож болох уу?

-Ш.Түвдэндоржийг би “давхар дээл”-тэй болгохыг дэмжиж санал өгөөгүй. Ш.Түвдэндорж гэдэг хүн ардчиллын төлөө, ардчилсан хувьсгалын төлөө олон жил зүтгэсэн хүнийг дэмжиж саналаа өгсөн. Өөр сонголт байгаагүй. Хэрвээ хоёр хүн өрсөлдсөн бол өөр хүнийг нь сонгох байсан байх. Манай парламентын асуудал эндээ байгаа юм. Өрсөлдөөнгүйгээр зөвхөн нэг хүн орж ирдэг. Тэрийг нь хүчээр дэмжихээс аргагүй байдалд ордог.

-Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлчихээд байхад таныг бас нэр дэвшинэ гэхээр намын зүгээс ямар нэгэн  дарамт, шахалт ирж байна уу?

-Шахалт, дарамт байлгүй яахав. Гэхдээ би хүнд дарамтлуулаад байдаг аавын хүү биш.

-АН-ын бүлгийнхэн “нэрээ тат” гэж хэлэх эрх бий юу?

 -Байхгүй. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийг баримталж ажиллах ёстой. Зөвхөн Үндсэн хуульд захирагдах ёстой. Тэр намын дүрэм гэдэг бол жижиг асуудал. Аливаа намын дүрэм Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах ёстой. Үндсэн хуулиас давсан намын дүрэм өөрөө хүчингүй.

-“Өглөөний цай” улс төрийн клуб байгуулсан байсан. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-“Өглөөний цай” клуб бол чөлөөт клуб. УИХ-ын 10, 10 гишүүн нэгдэж цай уудаг. Өглөөний цайны хүрээнд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцдог юм.

Ж.ГАНЦЭЦЭГ


Эх сурвалж: : www.yanaa.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж