УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАНТАЙ ярилцлаа.
-Хаврын чуулгантай зэрэгцэн эдийн засгийн хямралын талаар хөндөж байна. Ер нь Монголын эдийн засаг өнөөдөр ямар байна вэ. Та ямар дүгнэлттэй байгаа бол?
-Засгийн газрын хэдэн сайдаас бусад нь Монгол Улсын эдийн засаг хүнд сорилтын өмнө ирчихсэн гэдгийг мэдэж байгаа. Эдийн засаг үнэхээр хүнд байна. Үүнийг эдийн засгийн бүх үзүүлэлт харуулж байна. Валютын ханш өслөө. Үйлдвэрлэлийн өсөлт буурсан, гадаад худалдаа алдагдалтай гарлаа. Иргэдийн орлого багаслаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар буурсан гээд тоочвол олон сөрөг үзүүлэлт ажиглагдаж байна. Энэ бол эдийн засаг ямар байгаагийн бодит дүр зураг.
-Энэ юунаас үүдэлтэй хямрал вэ?
-XXI зуунд хямрал зөвхөн үндэснийх байхаа больсон. Яагаад гэхээр бид даяаршсан дэлхий ертөнцөд амьдарч байна. Дэлхийн улс орнуудын эдийн засаг болон бүс нутгийн эдийн засаг бие биеэсээ шууд хамааралтай болж байгааг ойлгох хэрэгтэй. Монголын эдийн засгийн хямралын шалтгааныг аваад үзвэл 40 орчим хувь нь гадаад хүчин зүйлээс, 60 орчим хувь нь бидний бодлогын алдаанаас хамаарна гэж судлаачид дүгнэж байна. Дэлхийн банк, ОУВС, гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагуудын дүгнэлтийг бас харах хэрэгтэй. Монголын эдийн засаг амаргүй байгааг тэд ч хэлж байна.
-Бодлогын алдаа гэдгийг тодруулж болох уу. Засаг яг юун дээр алдчихсан юм бэ?
-Засгийн газрын эдийн засгийн бодлого нь үндсээрээ буруу байна. Хоёр том дутагдал харагддаг. Нэгдүгээрт, эдийн засагт салбар хоорондын баланс алдагдлаа. Манай засаг сүүлийн хоёр жил зөвхөн барилга болон замын салбар руу байгаа бүх хөрөнгө мөнгөө орууллаа.
Барилга, замын салбар гэдэг үр ашгаа шууд өгдөг, богино хугацаанд иргэдийн амьжиргааг дээшлүүлдэг салбар биш шүү дээ. Зөв балансаараа бол хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбараа босгосны дараа барилга, зам руу хөрөнгө оруулалт хийдэг. Энэ баланс алдагдсанаар эдийн засаг хүндэрч байна. Нөгөөтэйгүүр, барилга, замын салбарт хөрөнгө оруулалт хийснээр валютын хомсдолд орлоо. Энэ хоёр салбар хэзээ ч шууд валют авчирдаггүй. Ялангуяа манайх шиг үндэсний мөнгөн тэмдэгт нь хөрвөдөггүй улсад валют авчирдаг салбараа тэргүүн эгнээнд дэмжих ёстой.
Хоёрдугаарт, Монголд эдийн засгийн нэгдсэн бодлого алга. Эдийн засгийн нэг цонх, нэг удирдлагын зарчим алга. Мөнгөний бодлого, төсвийн бодлого, үйлдвэрлэлийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого нь бүгд тусдаа толгойтой. Ямар ч уялдаа алга. Ерөнхий сайд ч зангидаж чадахгүй байна.
-Бодлогын алдаагаа засахын тулд юу хийх ёстой юм бэ. Танай АН эрх барьж байгаа биз дээ?
-АН, “Шударга ёс” эвсэлтэй хамтарч эрх барьж байгаа. Тиймээс Засгийн газарт тодорхой чиглэл өгч байна. Энэ хаврын чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулна. Бас л Засгийн газарт чиглэл өгөх тогтоол шүү дээ. Мөн Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланг авч хэлэлцэнэ. Засгийн газрын зарим сайдтай, танхимтай нь бүхэлд нь хариуцлага тооцох асуудлыг ч сөрөг хүчний зүгээс тавьж байгаа.
-Засгийн газрыг огцруулах сөрөг хүчний саналын талаар та ямар бодолтой явна вэ?
-Миний хувьд нэг намыг нөгөөгөөр сольсноор, нэг сайдыг нөгөө хүнээр сольсноор хямралаас амархан гарчихна гэж бодохгүй байгаа. Гол нь эдийн засгийн суурь бүтцээ өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт бүрэн утгаараа шилжиж чадсангүй. Улс төрийн шилжилтээ ч бүрэн утгаар нь хийж чадахгүй явж ирлээ. Коммунизмаас салаад пост коммунизм гэдэг нийгэмд бид 20 гаруй жил зүдэрлээ шүү дээ. Ийм тогтолцоонд шударга өрсөлдөөн алга. Эрх мэдэлтэн, олигархиудын эрх ашиг хангагдаж, жирийн иргэдийн эрх ашиг хөсөр хаягддаг. Нийтийн, хувийн эрх ашиг хамгаалагдахгүй орхигддог. Ийм л нийгмийн тогтолцоо бий боллоо. Тиймээс эдийн засаг, улс төр, нийгмийн тогтолцоогоо ултай, суурьтай эргэж харах ёстой гэдэг саналтай байгаа, би.
-Тэгэхээр нэлээд том өөрчлөлт хийж байж энэ бүхэн засагдана гэсэн үг үү?
-Манай нийгмийн систем болохгүй, улс төрийн систем буруу ажиллаж байна. Бидний хүссэнээс эсрэг үр дүн гарч ирлээ шүү дээ. 24 жил ардчилсан нийгэм рүү шилжих гэсэн боловч энэ завсрын шинжтэй систем үр ашиггүй болох нь батлагдлаа. Олон зүйл дээр харагдаж байна. Би хэдхэн жишээ хэлье. Төмөр замын асуудлыг шийдэж чадахгүй долоон жил, ДЦС V-ын асуудлыг шийдэж чадахгүй 10 жил, Эгийн голын цахилгааны станцын асуудлыг шийдэж чадахгүй 23 жил болсон. Ингээд тоочоод байвал томоохон эдийн засаг, улс төрийн бодлогын асуудал дээр шийдвэр гаргаж чадалгүй явж ирлээ. Гаргасан ч тэр шийдвэртээ тууштай, үнэнч байж чадсангүй. Ийм л байна. Тиймээс системээ өөрчлөх хэрэгтэй. Бидэнд шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртээ тууштай байдаг, түүнийгээ бодит үр дүн болгодог систем хэрэгтэй. Өнөөдөр бидний явж байгаа систем цаг үеийн шаардлагадаа нийцэж чадахгүй байгаа нь тодорхой боллоо.
-Бидний ардчилал гэж томъёолоод байгаа энэ систем Монголд тохирохгүй гэж үү?
-Коммунист системд амьдарч байсан улс орнууд коммунизмын дараа хаашаа, ямар систем рүү шилжих вэ гэж судалгаа хийжээ. Зүүн Европын ихэнх орон пост коммунизм гэдэг систем рүү орсон. Уг нь энэ улс орнууд ардчилсан зах зээл, чөлөөт эдийн засгийн замаар явна гэж итгэж байсан ч өөр систем рүү явчихсан байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгэм гэдэг хуулийн засаглалтай байдаг. Гэтэл өнөөдөр Монголд “Хуулийн засаглал” гэж байхгүй. Харин хуулийн биш “Хүний засаглал” л байна. Чөлөөт өрсөлдөөн байхгүй. Монополь болон олигархи ноёлсон эдийн засагтай л болсон. Өөрөөр хэлбэл, бид ардчилсан биш пост коммунист нийгэмд амьдарч байгаа. Үүнийгээ одоо хүртэл шилжилтийн нийгэм гэж андуурсаар байна. Үнэндээ энэ бол шилжилтийн биш, пост коммунизм гэдэг нийгмийн бие даасан чөтгөрийн тогтолцоог бий болгожээ гэж эрдэмтэд дүгнэлт хийж, зүүн болон төв Европын улс орнууд пост коммунизмаас гарах суурь реформоо хийж эхэлсэн. Тэд улс төр, нийгмийн, эдийн засгийн суурь бүтцээ эргэн харж, шинэчилж байна. Харин монголчууд бид өөрсдийгөө шилжилтийн үед амьдарч байна гэж ойлгоод чөтгөрийн энэ тогтолцоондоо л хий эргэж явна. Олонхийг ядуу, эрх мэдэлтэй цөөнхийг баян болгодог энэ тогтолцоог эргэн харахаас өөр аргагүй.
-Сөрөг хүчин бол энэ бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн буруу гэж л үзэж байна. Та системдээ байна гэж үзэж байгаа хэрэг үү. АН-ын гишүүн болохоор намаа, даргаа хамгаалж байгаа хэлбэр юм уу?
-МАН-ын үед ч энэ улс оронд томоохон бодлого, олигтой дэвшил гараагүй. Тэдний үед ч төмөр зам, цахилгаан станцууд гацсан, МАНАН-гийн үед ч ялгаагүй байсан. Монгол Улсын хөгжил дэвшилд дорвитой ахиц гараагүй. Энэ бол намын гэхээс илүү нийгмийн, улс төрийн, эдийн засгийн тогтолцоог өөрчлөх цаг болсныг л харуулж байгаа юм. Энэ маягаараа явбал бид улам л балчиг намагтаа шигдсээр байх болно.
-Алдааг системээс хайж хүмүүсээс холдуулах нь зөв үү?
-Хүмүүсээс холдуулах гээгүй. Энэ засагт хариуцлага тооцох шиг амархан юм байхгүй. Үнэхээр хариуцлагын асуудал яригдвал би 100 хувь дэмжих болно. Тэглээ гээд Монгол Улс хурдан өөрчлөгдөх нь юу л бол. Н.Алтанхуягийг солилоо гээд тэнгэрээс бурхан бууж ирээд сайхан болгочихно гэж би хувьдаа итгэхгүй л байна. Гэхдээ өөрчлөлтөөс, хариуцлага тооцохоос би татгалзахгүй ээ. Угаасаа Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ хариуцлага тооцох бүрэн эрхтэй. Би хариуцлагын талд зогсох болно.
-Системийн өөрчлөлтийг хийхийн тулд багаас нь эхлэх санаачилгууд гарч байна л даа. Сайд нарын “давхар дээл”-ийг тайлуулж, УИХ, Засгийн газрын зааг ялгааг тодруулъя гэдэг ч юм уу?
-Энэ бол системийн өөрчлөлт биш, зүгээр л өнгөц косметик засвар. Ийм системийн асуудлыг бага зэрэг засвар хийгээд өөрчлөх боломжгүй гэдгийг бид харсан. Мэдээж “Давхар дээл”-ийг тайлахыг би дэмжиж байгаа. Яагаад гэвэл, УИХ, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсанаас болж ажил цалгардаж байгаа. Засаглалын баланс алдагдаж, ажил гацаж байна. Үүнийг засч залруулах ёстой. Хуулийг хэрэглэх хугацааг нь наашлуулах санал ороод ирвэл би хувьдаа дэмжих болно. Гэхдээ Н.Алтанхуягаас, Х.Баттулгаас, Н.Батбаяраас, АН-аас, МАН-аас болж хөгжихгүй байна гэдэг бол хамгийн өнгөцхөн дүгнэлт. Бид системийн гүн гүнзгий өөрчлөлт хийх хэрэгтэй.
-Тиймээс л томоос нь асуудлыг харах ёстой гэж үү?
-Тийм ээ, системээ харах ёстой. Жишээ нь, бид хараат бус чөлөөт хэвлэл мэдээллийг дэмждэг. 24 жил хараат бус, чөлөөт сэтгүүл зүйтэй болохын тулд явсан. Өнөөдөр хэвлэл бүрийн ард улс төрийн бүлэглэл зогсч байна. Бид банк санхүүгийн зах зээл дээр чөлөөт өрсөлдөөн бий болгох гэж 24 жил зүтгэсэн. Өнөөдөр банк болгон улстөрчийн халаасанд байгааг мэдэж байгаа шүү дээ. Бид шударга сонгууль бий болоосой гэж хүсдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл сонгууль бүр дандаа маргаантай болсон. Бид хүссэн нийгэмдээ хүрч чадсан уу гэвэл эргэлзээтэй л байна. Ардчилсан нийгэмд, чөлөөт зах зээлтэй эдийн засагтай улс оронд Засгийн газар нь хэзээ ч уурхай ажиллуулдаггүй, хэзээ ч барилга барьдаггүй, хэзээ ч төсөл шалгаруулдаггүй, бас хэзээ ч төрийн банк байгуулж мөнгө тараадаггүй. Ардчилсан зах зээлийн нийгэмд ийм юм байхгүй. Бид ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна уу гэдэг маань ч эргэлзээтэй. Бид хүний эрхийг дээдэлдэг, зах зээлийн баримжаатай улс оронд амьдарч байгаа гэж итгэдэг боловч өнөөдөр хаана ирчихээд, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй байна. Одоо бодох цаг болсон. Бид хүссэн нийгэм рүүгээ биш, хүсээгүй газар руугаа явж байна. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр болгон зах зээлийн бус зарчим дээр тулгуурлаж байна. Энийг зогсоох цаг болсон. Засгийн газрын гаргасан шийдвэр болгон хүссэнээсээ өөр үр дүн авчирч байна. Энэ бол өөрчлөх ёстой гэдгийн баталгаа юм. Гэхдээ энэ улсад бүх юм болохгүй байгаа биш шүү. Болж байгаа зүйлээсээ болохгүй байгаа нь олон байгаа учраас л өөрчлөлтийн тухай бодох ёстой.
-Тэгвэл хямрал нь ингэж гүнзгийрчихээд байхад яагаад гараа хумхиад суугаад байгаа юм бэ?
-Хямрал гүн гүнзгий болж байна. Хямралаас гарах арга бидэнд байна. Улстөрчид, улс төрийн намууд үүнийг ойлгох хэрэгтэй. Ойлгуулахын тулд бид хичээн ажиллаж байна. Харамсалтай нь өнөөдөртөө манай засагт байгаа нөхдүүд илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч адилхан гэдэг шиг аашилж байна даа. Бодит үнэнтэй тулгарахаас айж байна, тэд.
-Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал багтаагүй. Уг нь Үндсэн хуулиасаа системийн шинэчлэлээ хийх ёстой юм биш үү?
-Мэдээж, Үндсэн хуулийн шинэчлэл яригдах ёстой. Чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд хараахан оруулаагүй ч “бусад” гэдэг зүйлээр орж ирэх байх гэж найдаж байна.
-Та УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Хууль зүйн салбарт явж байгаа шинэчлэл үр дүнгээ өгч чадаж байна уу. Хууль зүйн сайд ажиллаж чадаж байна уу. Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулаад ирлээ шүү дээ?
-Асуудлыг Байнгын хороо хэлэлцэх байх. Иргэд, олон түмэн, салбарын байгууллагын зүгээс ирж байгаа санал гомдлуудтай танилцаж байгаа. Үндэслэлтэй нь ч байна, үндэслэл муутай нь ч байна. Ажил хийж байгаа хүнд алдаа байдгийг ойлгож байна аа. Гэхдээ алдаа завхрал бас хэмжээтэй байх ёстой шүү дээ. Тиймээс сайдын асуудлыг хэлэлцэх үед улстөрчийн ёс зүйтэй холбоотой асуудал, хуулийн хэрэгжилттэй холбоотой хэд хэдэн асуулт тавина. Сайдаас амнаас нь хариулт сонсч байж шийдвэр гаргана аа.
Ч.ГАНГЭРЭЛ
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН