УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч хойшлуулав. Засгийн газрын гишүүнийг огцруулах болон, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын томилгоо, УИХ-д албан бус бүлэг байгуулах талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн байр суурийг сонирхлоо.
-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэхийг танай намын бүлэг хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Н.Батбаяр сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа.
-Гэхдээ таныг өөр байр суурьтай байгаа гэж сонссон?
-Иргэдийн худалдан авах чадвар 30 гаруй хувь муудсан, цалин тэтгэвэр олигтой нэмэгдээгүй, валютын ханш өссөөр байгаа, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж манай эдийн засаг зогсонги байдалд орлоо. Тэгэхээр хариуцлагын асуудал ярих нь зүйтэй гэж цөөнгүй гишүүн байр сууриа илэрхийлсэн.
-Эдийн засгийн нөхцөл байдал муудсанд Эдийн засгийн хөгжлийн сайд буруутай гэсэн сөрөг хүчний гаргасан дүгнэлтийг та хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү?
-Шалтаг, шалтгаан олон бий. Эдийн засгийн байдал хүндрэхэд гадаад, дотоод хүчин зүйл байгааг үгүйсгээгүй. Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарах ажлыг зохион байгуулах, эдийн засгийн бодлогыг зөв залах зэрэг асуудал нь Эдийн засгийн хөгжлийн сайдын хийх ёстой ажил. Сайд сайн ажиллаж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Зөвхөн хариуцлага ярихаас гадна цаашид эдийн засгаа яаж босгох вэ, хэрхэн зөв шийдлийг гаргаж ирэх вэ гэдгээ хамтад нь ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Танай намынхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй. Сайдын албанд гишүүнийг томилох нь буруу гэсэн таны өмнөх байр суурь хэвээр байгаа юу?
-Нэг хүн олон албан тушаал зэрэг хашихыг би анхнаасаа эсэргүүцэж байсан. Ялангуяа гишүүн сайдын албыг давхар хаших нь ажлын үр дүн, төрийн ажлыг чанартай хийхэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа. Энэ байр сууриа цаашид би барина гэдгээ намын бүлгийн хуралдаан болон хэвлэл мэдээллээр тодорхой илэрхийлсэн.
-Бие даагч гишүүд албан бус бүлэг байгуулах талаар мэдээлсэн. Тус бүлэгт таныг орно гэсэн мэдээлэл бий. Албан бус бүлэгт орох санал танд ирэв үү, энэ талаар бодож үзсэн үү?
-Албан бус бүлэгт орж ажиллаач гэсэн урилга надад ирсэн. Энэ талаар бодож үзнэ, одоогоор шийд хэлэх эрт байна.
-Ийм бүлэг байгуулах боломж байгаа юу?
-Миний бие Ардчилсан намын албан ёсны бүлэгт хамаардаг. Найм ба түүнээс дээш гишүүнтэй улс төрийн хүчин парламентад албан ёсны бүлгээ байгуулдаг. Харин албан бус бүлгийг тодорхой асуудлаар байгуулахыг хориглосон заалт Монгол Улсын хуульд байхгүй. Энэ утгаараа УИХ-д эмэгтэйчүүдийн албан бус бүлэг бий. Мөн миний бие цөмийн энергийн асуудлаар таван гишүүнтэй албан бус бүлэг байгуулаад ажиллаж байгаа. Тэгэхээр бие даагчид, хэн ч байсан албан бус бүлэг байгуулах эрх нь нээлттэй. Нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө албан болон албан бус аль ч бүлэгтэй хамтарч ажиллахад би бэлэн байна.
Эх сурвалж: http://olloo.mn/n/1662.html
М.ГАН
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН