Д.Мөнхбаяр &#34Тамирчдын баярт&#34-т оролцов

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Д.Мөнхбаяр &#34Тамирчдын баярт&#34-т оролцов

Жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гаригийг "Монголын тамирчдын өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ өдөр Монголын спортын салбарынхан дэлхийд нэр алдраа дуурсгасан тамирчдынхаа алдрыг магтан дуулдаг. Өнгөрөгч бямба гаригт Улаанбаатар хотноо спортын алдартнууд цуглаж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, спортын парад, ёслолд оролцсон.

Тэгвэл энэ өдөр Увс аймгийн төвд "Тамирчдын баяр"-ыг тэмдэглэв. Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааны хүндтэй зочин нь Герман иргэншилтэй Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр байсан. Монгол Улсынхаа төрийн далбааг олимп, тив дэлхийн тавцанд мандуулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Гавьяат тамирчин Д.Мөнхбаярыг Увс аймгийн хүндэт иргэнээр өргөмжлөн, медалиар шагналаа.

"Сидней-2000" зуны олимпт оролцсоны дараа Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Герман улсад суурьшиж, тус улсын иргэн болсон Д.Мөнхбаяр энэ оноос иргэншлээ сэргээх асуудлаа хөндөж эхэлсэн. Герман улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож чамгүй амжилтыг үзүүлсэн тэрээр "Бээжин-2008" зуны олимпийн их наадмаас хүрэл медаль хүртсэн.  

Энэ сард /06.4-13/ Германы Мюнхен хотноо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнд олимпийн наадмаас медаль хүртсэн 25 метрийн спортын гар бууны дасгалдаа Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртсэн бол Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртсэн билээ.

Иргэншилээ сэргээх асуудлыг тавьж эхэлсэн Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр ийнхүү Монголын "Тамирчдын баяр"-ын өдрийг Увс аймагт тэмдэглэв.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж