
Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрэллээ гэх 2008 оны эцэст төр банкны хадгаламжийн эрсдлийг даана гэж амласан. Дэлхийн санхүүгийн хямрал гэсэн үгээр “чимэглэгдэж”, Анод банкны дуулианаар эрч нэмсэн өдрүүдэд хадгаламж эзэмшигчид банкуудаас хадгаламжаа татсаар, бат бэх хөл дээрээ зогсч байсан банкуудыг ч хөлдөө чирэх аюул нүүрлээд байсан үе. Тийм ч учраас үүнийг цаг үеэ олсон, хямралын үед авах ёстой арга хэмжээ гэгдэж байсан юм. Төр баталгааг нь хангасан шүү гэсэн энэ итгэл олон хадгаламж эзэмшигчийг тайвшруулж байсан нь үнэн.
Төр хэнийг ивээлдээ авав?
Гэвч 2008 оны арванхоёрдугаар сарын 28-нд баталсан хуулийн зарим нэг нүх сүв, шинэ жилийн баярын оргилуун дарс, вальсын эгшигтэй сүлэлдэн олны анхааралд тэгтэл их өртөлгүй өнгөрөв. Ер нь аливаа баяр цэнгэлийг угтуулаад “но”-той хууль батлаад өнгөрдөг жишиг ёсоор… Олон нийтийн хувьд хадгаламжийн дэвтэрт байгаа “өмч”-ийг нь л баталгаажууллаа гэсэн итгэл, талархал илүү хүчтэй буусан. Тэгвэл энэ хуулиар зөвхөн хадгаламж бус харилцах, хадгаламжийг баталгаажуулна гэж хуульчилсан. Харилцах дансны гүйлгээ, авлага, үлдэгдэл хийгээд банкны эзэд, хувьцаа эзэмшигчид, их хэмжээний зээл аваад “бултагсад”-ыг ч бас төр сайн дураараа “зөөлөн өвөр”-төө авчихсан байсан гэсэн үг. Үүний урхагийг ухаж үзэхэд тийм ч хэцүү биш. Банк дампуурлаа гэхэд зөвхөн хадгаламж эзэмшигчид биш, харилцах данстай компани, пүүсүүд, банкны эзэд, зээлээ төлөөгүй хүмүүсийн мөнгийг ч төр өмнөөс нь даана гээд бодохоор төр өөр дээрээ ямар том “лай” үүрснийг тоймлоход хэцүү. Лай ч гэж дээ, төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр тэр бүхнийг төлнө гэсэн үг. Монголбанкны ерөнхийлөгчийн хэвлэлд албан ёсоор хэлснээр бол Монголын нийт арилжааны банкнуудын актив 4,3 их наяд төгрөг. Тэрбум биш шүү дээ. Үүнээс харилцах, хадгаламжийн буюу 3,1 их наяд төгрөгийн хариуцлагыг төр сайн дураараа хариуцлагыг нь хүлээе гээд амлачихсан. Энэ нь манай дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувь. Муугаар бодоход банкууд дампуурлаа гэхэд ийм хэмжээний мөнгийг төсвөөс гаргана гэсэн үг. “Аз болж” одоогоор “хоёрхон” банк л асуудал үүсгэж /Зоосыг төрийн мэдэлд авсан, үүнээс өмнө асуудал үүсгэсэн Анод банкны дампуурлыг одоо хэр нь албан ёсоор зарлаагүй байгаа/ төсвийн мөнгөнөөс 230-хан тэрбум төгрөгийн алдагдалд “өртөөд” байгаа. Үүнд Анод банкинд төр аль хэдийнэ татвар төлөгч бидний хөрөнгөнөөс 130 тэрбум төгрөг зарцуулчихсан, Зоосын хувьд 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Үүнийг төрийн албатууд зээлдэгчдээс нь буцаан цуглуулж чадвал аз. Гэвч нэгэнт ингэж бонд гаргаж, төрийн мэдэлд орсон банкны хуучин зээлийг 100 хувь цуглуулж чадна гэж хэзээ ч үгүй гэнэ. Тал хувийг нь цуглуулж чадвал их юм.
Хуулинд ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ?
Албан хэллэгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ч мэргэжилтний тайлбарласнаар өмнөх хуулийг хүчингүй болгож, Хадгаламжийн даатгалын хууль болгон өргөжүүлэх гэж байгаа аж. Хадгаламж эзэмшигчид өөрсдийг нь үнсэнд хаясан шалз шиг орхих нь гэж сандрахаа азнаарай. Хадгаламж эзэмшигчдийн хувьд төрийн хамгаалалтын “шүхэр” хэвээр байна. Харин дээр дурдсан 3,1 их наяд төгрөгийн эрсдэл хүлээхээр байгаа хязгаарыг үүгээр багасгах санаатай байгаа аж.
Үүнд
-Хувь нийлүүлэгч, эзэд
-Харилцах данс /үүнд их хэмжээний зээлийн өртэй этгээдүүд/
-Тодорхой төвшнөөс их хэмжээний хүүтэй хадгаламжийн эрсдлийг төр даахгүй гэж байгаа аж, энгийнээр тайлбарлавал шүү дээ. Үүнд дээр дурдсанчлан өөрсдийн оруулсан хувь хөрөнгө, хийгээд өр зээлээ төрөөс төлүүлэх боломжийг хааж байгаа. Түүнээс гадна хэт их өндөр хүү амлах банкнуудын “уралдаан”-ыг хязгаарлаж байгаа аж. Өндөр хүүтэй хэмээн баахан хадгаламж татчихаад, түүнийгээ үрэн таран хийгээд, төр даана биз дээ гээд дээшээ хараад хэвтчихийг хязгаарлана гэсэн үг. Харин өндөр хүүтэй гэдэгт тухайн үеийн төв банкны бодлогын хүүгээс илүү гэсэн томьёоллыг барьж байгаа.
Гэхдээ сүүлийн үед тун ч шуурхай өөрчлөгдөж, хөдөлгөөнтэй байгаа бодлогын хүүг босго болгох нь хэр оновчтой вэ гэсэн асуулт ч бас байгаа аж. Эрх баригчдын мөнгө амлах үрэлгэн бодлоготой инфляциас үүдээд бодлогын хүүг ч бас чангатгах сүүдэр сүүмэлзээд л байгаа.
“Азаар” банкууд дампуурсангүй
Хэрвээ би банкны эзэн юм уу хөрөнгө оруулагч байсан бол асар их мөнгөө ийш тийш зувчуулж орхиод сайн дураараа дампуурах байв гэчихвэл гэмт хэрэгт өдөөн дуудсан хэрэгт орчих болов уу, яах бол? Гэвч нүцгэн үнэнээр хэлэх юм бол банкуудын бүх эрсдлийг төр нэгэнт даачихсан тохиолдолд ийм зүйл болохгүй гэх аргагүй. Наад зах нь өөрийн мөнгийг өөр банк руу шилжүүлэн зээл болгон авах магадлал бий гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тийм ч учраас одоо УИХ-д санал болгоод байгаа хуулийн төслөөр банк хоорондын арилжааны эрсдлийг мөн төр даахгүй байхаар тусгаад байгаа аж.
Зах зээлийн хуулиар өөдлөн дэвшихийг хүсч тэмүүлж байгаа арилжааны банкууд маань юун түрүүнд ”банкрот” руу гулгахыг хүсэхгүй нь лавтай. Гэвч хүн бол чөтгөр. Төр аливаа эрсдлийг нь даана гээд амлачихсан байхад хэн ч гэсэн өдөн дэрэн дээр бөмбөлзөж байхын амтыг мэдрэхийн хэрээр, хэнэггүй, тэнэг төрийн шийдвэр дээр дөрөөлөн тоглохыг санаархахыг үгүйсгэх аргагүй л билээ. Дахин дурьдахад азаар банкууд маань дампуурсангүй, үйл ажиллагааны хүнд нөхцөл байдал үүсээд байхад ч нэг их доголдсонгүй.
Гэхдээ төсвийн мөнгийг хэдэн тэрбум, бүр их наядаар нь эрсдэлд оруулж болохоор хууль батлагаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тиймээс үүнийг яаравчлан өөрчлөх шаардлагатай гэж төв банкныхан үзэж байгаа аж.
Одоо байгаа мэдээллээр бол УИХ-д өргөн барьсан төслийг бүлгүүд сайшаасан ч нэгэнт ээлжит чуулганых нь өндөрлөх хугацаа шахаж, найр наадмын хугацаа нь дөхөж байгаа болохоор төслийг ирэх намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх бололтой.
Жирийн иргэдэд тийм ч ойлгомжтой бус байгаа мэт хуулийн өөрчлөлтийн төслийн талаар тоймлоход ийм. Харин хамгийн их шар гозойлгож, анхаарал татаж байгаа асуудал бол хууль тогтоох дээд байгууллага УИХ яагаад анхны оновчтой зорилгоороо зөвхөн хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг хаах хуулиа л батлахгүй “харилцах” гэдэг үгийг шургуулж, хувь эзэмшигчдийн хөрөнгийг хүртэл даах хууль баталчихсан юм бэ гэдэг асуудал. Хямралыг давж, банкуудаа тогтвортой байлгахын тулд хадгаламжийн баталгаа гаргах арга хэмжээг бол ойлгож, бас талархаж байна. Харин яагаад төсвийн хөрөнгийн хэдэн их наядаар нь заазуурын дор тавьж, харилцах дансны эрсдлийг даана гэсэн юм бэ? Хэдэн тэрбум, их наядаар нь залгиж болох, 2,7 монголчуудын бүтээн байгуулсан, халаас хэтэвчинд байгаа бүхнийх нь талыг булаах ийм хууль яагаал баталсан, тэр нь яагаад өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаад байна вэ гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд, хууль тогтоогчдоос асуумаар байна.
А.Алтантуяа