Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах боломж бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах боломж бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.10.22/ өргөн барилаа.

  Уг хуулийн төсөлд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацааг богиносгож, “30 хоног” гэснийг “14 хоног”, “90 хоног” гэснийг “45 хоног” болгож өөрчлөхөөр тусгасны зэрэгцээ хуулиар заасан хугацаанд багтаж хариу өгөөгүй бол өргөдөл, гомдол гаргагчид ашигтайгаар шийдсэн гэж үзэн эрхээ баталгаажуулахаар дээд шатны албан тушаалтанд хандах эрхтэй байх зохицуулалт хийхээр тусгажээ. Мөн иргэдийн өргөдөл, гомдлын хариуг заавал бичгээр өгөх бөгөөд өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн явц байдалтай тогтмол танилцах боломжийг төрийн бүх шатны байгууллагууд цахим хуудсаараа дамжуулан өргөдөл, гомдол гаргагчид бүрдүүлж өгөх зохицуулалтыг тусгасан байна.

  Хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллага, албан тушаалтан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн зэрэгцээ иргэд улс орныхоо өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрахад төрийн байгуулага, албан тушаалтны зүгээс элдэв тээг, саад учруулахгүй байх бодит боломж бий болж, ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд ногдуулах хариуцлагын тогтолцоо илүү тодорхой болох нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж буйгаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж