Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдаар томилогдож түүний орны хүнийг томилох асуудал улстөрд багагүй үйл явдал өрнүүлээд байна.
АН-ын бүлэг уг суудалд Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлсэн боловч УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “Шударга ёс” бүлгийн гишүүн О.Баасанхүү нэр дэвшүүлсэн. Үүний улмаас АН-ын бүлэг завсарлага авч бодлогоо нэгтгэхээр хэд хэдэн удаа хуралдсан боловч Ж.Батзандан нэрээ татахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэр ч бүү хэл “Би өрсөлдмөөр байна, дарга болох болохгүйдээ гол нь биш, чөлөөт өрсөлдөөн шударга сонгуулийг эрхэмлэдэг АН-д өрсөлдөөн байхгүй болж байгаа нь анхаарах ёстой асуудал юм” гэсэн утгатай ярилцлагыг хэвлэл мэдээллийнхэнд өгч “шударгаар өрсөлдөх боломж олгохгүй байгаа намын бүлгийн удирдлага хариуцлага хүлээх ёстой” гэж хатуухан үг хэлээд авсан билээ.
Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ж.Батзандан гишүүнийг дэмжихгүй” гэж дахин дахин мэдэгдээд байгаа. Гэвч Хууль зүйн байнгын хорооны хурал болоход АН-ын бүлгээс нэр дэвшүүлж байгаа Д.Ганбат унах магадлал тун өндөр байсаар байна.
МАН-ын бүлэг дээрхи хоёр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжих тал дээр бодлого нэгдэх шаардлагатай байна гэсэн үүднээс уг асуудлаар завсарлага авч хэлэлцэх хугацааг дахин долоо хоногоор сунгаад байгаа. Тэгвэл тус намын бүлгийнхэн Ж.Батзанданг дэмжих магадлалтай байна гэдгийг эх сурвалж онцоллоо. Зарим нэг гишүүд Ж.Батзанданг даргаар томилбол амаа үдүүлээд эрх баригчдыг дотроосоо шүүмжлэх хүн үгүй болно. Тиймээс Д.Ганбатыг нь дэмжээд Ж.Батзанданг тэдний эсрэг үлдээсэн нь дээр гэсэн байр суурийг илэрхийлсэн аж. Харин Ж.Батзанданг дэмжиж байнгын хорооны даргаар томилж тэдний бодлогыг нь унагая гэсэн байр суурь илүү яригдаж байгааг эх сурвалж онцолсон юм. МАН-ынхан Хууль зүйн байнгын хороонд гурван л суудалтай. Тэдний бодлого байнгын хорооны даргад нэр дэвшигчийг ялалт байгуулахад дангаараа нөлөө үзүүлж чадахгүй. Гэвч Ж.Батзанданг уг албан тушаалд хүрэхэд “Шударга ёс” бүлгийнхэн болон “Шонхорууд” нэлээд хүч нэмээд байгаа юм. АН-ын бүлэг, “Шударга ёс” бүлэгтэй “өөрсдийн хүмүүстээ дотроо хариуцлага тооцож, орон гарсан бол дотроосоо нэр дэвшүүлье, түүнийг нь нөгөө тал нь дэмжээд явья” гэсэн тохироотой байгаа. Гэвч байнгын хорооны даргыг аль нэг намаас биш тухайн байнгын хороо дотроосоо нэр дэвшүүлж сонгодог зарчимтай тул “Шударга ёс” бүлгийнхэн энэ томилгоог гэрээнд хамаарахгүй гэж үзэж Ж.Батзанданг дэмжсээр байгаа ажээ.
Ийнхүү байнгын хорооны хуралдаан болж өрсөлдөөн явагдахад Ж.Батзандан ялах магадлал өндөр байна. Харин намын бодлогоо өдрөөс өдөрт алдаж, гишүүдээ нэгтгэж зохион байгуулж чадахгүй байгаа АН-ын бүлгийн удирдлагууд эл асуудлаас болж нам дотроо багагүй шүүмжлэлд өртөж эхлээд байгаа ажээ.
Т.Цагариг
ЭХ СУРВАЛЖ: 24TSAG.MN