Ж.Батзандан: Энэ хууль татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хувьсгал авчирна

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Энэ хууль татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хувьсгал авчирна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шилэн дансын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж санал хураалт явуулахад 90 хувийн дэмжлэгтэйгээр хэлэлцэхээр боллоо. Хуулийн төслийн талаарх асуулт хариултын дараагаар дэмжиж буй хоёр, дэмжихгүй хоёр гишүүн үг саналаа хэлэх дэгтэй бөгөөд дэмжихгүй гэж санал хэлэх гишүүн гарсангүй. Харин төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн дараах гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хуулиар төсвийн байгууллагуудын дотоод, гадаад аудитыг тодорхой болгож өгсөн. Мөн иргэний хяналт, иргэний хүсэлт, өргөдлийн дагуу аудит хийх боломжийг тусгаж өгсөн. Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хувьсгал авчирна гэж үзэж байна. Иймд дэмжих шаардлагатай.” гэв.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ”Хуулийн нэр томъёонд анхаарах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад нэрийг нь өөрчлөх боломж бий юу. Шилэн данс гэсэн нэр томъёог тайлбарлаж өгнө үү” хэмээхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газрын дарга П.Цагаан ”Олон нэр томъёо гарч ирж байсан. Энэ хуулийн төслийн нэршлийн хувьд шил шиг тунгалаг хэмээн монголчууд ярьдаг. Ерөнхийдөө тунгалаг ил тод гэсэн утгатай юм. Нэрнээсээ гадна агуулгын хувьд өргөн хүрээтэй. Тиймээс шилэн данс гэдэг нэрээр нь цаашид хэлэлцээд явах нь зүйтэй болов уу” хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  “Энэ хуулийг эртхэн дэмжих байсан юм. Шилэн дансны хууль гарчихсан байсан бол Бразил руу төлөөлөгчид явахгүй л байх байсан. Гурван сая төгрөгөөр авдаг зүйлийг 15 саяаар авахаа болино. Хаана татвар төлөгдчийн хөрөнгө буруу зүйлд зарцуулагдаж байгааг энэ хуулиар мэдэх боломжтой болно. Бидэнд ил тод мэдээллийн тухай хууль гэж бий. Тэр нь мэдээлэл хүсвэл 14 хоногийн дараа гаргаж өгөх агуулгатай.  Гэвч энэ хуульд анхаарах асуудал байгаа. Тухайлбал, нэг мөнгийг өөр зориулалтаар гаргаж мэдээлэл гаргачихаад, дараа нь зарцуулалтаа өөрчлөх боломж нь байна.  Үүнийг тусгах хэрэгтэй гэлээ.

С.Сонор

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж