&#34Фракцын зарчмаар ажилладаг чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

&#34Фракцын зарчмаар ажилладаг чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй&#34

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-АН-ын удирдлагууд таныг Хууль зүйн байнгын хорооны даргаас нэрээ татахыг шаардсан гэсэн. Энэ үнэн үү?

-Намын удирдлагуудын зүгээс намайг нэрээ тат гэж өдөр болгон шахаж байгаа. Дарга нараасаа байнгын хорооны даргад мэргэжлийн хүмүүс чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгохыг хүсч байна. Намын удирдлагууд нэрээ татахыг надад тулгаж байгаа ч би тэгж чадахгүй гэдгээ шуудхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, шударга өрсөлдөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Уг нь УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд тухайн байнгын хорооны гишүүн нэр дэвшиж болно гэсэн заалт бий. Бүлгээс ганцхан хүнийг нэр дэвшүүлж байнгын хороо түүнийг нь гараа өргөн дэмжих ёстой гэсэн заалт лав холбогдох хуульд нь байхгүй.

 -Таныг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхгүй гэж зүтгээд байгаагийн цаад учир, шалтгаан нь юу вэ?

-Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх ёстой. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалыг өрсөл дөөний зарчмаар бус фракцаар хуваарилдаг болсон. Энэ ужиг зуршил гүнзгийрчээ. Манай дарга нар үүнийг хэвийн зүйл мэт ханддаг болж. Энэ бол хэвийн биш гажиг зүйл учраас засах ёстой. Улс төрийн өндөр албан тушаалд хэн нэгнийг томилохдоо чөлөөт өрсөлдөөнөөр сонгон шалгаруулалтыг явуулах ёстой. Нам, бүлгийн шийдвэрээр Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Яг одоогийн байдлаар АН-ын бүлэг хууль зөрчиж байна. АН-ын бүлгээс сонгосон хүнийг томилох ёстой гэж тулгаж байна. Гэтэл байнгын хороо бол намын биш төрийн байгууллага шүү дээ.

-Ер нь энэ байнгын хорооны даргын суудал МоАХ фракцынх гэдгээр танай намын удирдлагууд хандаж байгаа юм болов уу?

-Уг нь энэ бол фракцын биш төрийн асуудал. Намын албан тушаалыг фракцаараа хуваагаад явдаг л юм байгаа биз. Харин төрийн албан тушаалыг тэгж дураараа хуваарилж болохгүй. Би үүний эсрэг тэмцэнэ.

 -АН-ын гишүүд фракцын зарчмаар албан тушаалын бялуу хүртдэг энэ байдалдаа бүр дасчихсан юм биш үү?

-Гажуудлыг бид хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ. Олонхи маань гажуудчихаад хаашаа яваагаа мэдэхгүй, зүг чигээ алдчихаад байна. Бид засах ёстой, намынхныгаа аврах хэрэгтэй. Буруу чиглэлд явсан бол үүнийгээ өөрчлөх ёстой л доо.

-Та “Төрийн албан тушаалыг фракцаар хуваарилдгийн эсрэг” тэмцэнэ гэлээ. Намын удирдлагууд одоо нэрээ татахыг тулгаж байгаа юм чинь танд хариуцлага тооцно, намаасаа хөөнө гэх вий дээ?

-Надтай хариуцлага тооцож магадгүй. Намаас гаргах асуудал ч ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ АН-д эрүүл ухаантай хүн олон байгаа. АН-ын эгэл жирийн мянга, мянган гишүүн эрүүл сэтгэлгээтэй. Тэд боловсролтой, ардчилал, эх орондоо хайртай. АН дотроо ардчилалтай дүрэм, журмаа сахьдаг байх ёстойг гишүүд байнга сануулж байгаа. Сүүлийн хоёр жил АН-ын дүрэм үйлчлэхээ байсан. Намын удирдлагууд өдөр болгон дүрмээ зөрчдөг болсон. Намын дүрмээр жил болгон хурлаа хийж, ротаци явуулж, өөрсдийгөө шинэчилж байх ёстой. Ингэж байж дотоод болон гадаад хяналтын тогтолцоо ажиллана. Намын даргыг Их хурлаасаа сонгодог байх, захиргааны албан тушаалд очсон хүн намын гишүүнчлэлээс татгалзаж, төрд зүтгэх ёстой. Харамсалтай нь, манай намын дүрэм хэрэгжихээ больсон. Ерөөсөө нам нь төртэй хутгалдчихаад байна. Үүнийг засахгүй бол АН Монголын хөгжилд том чөдөр тушаа болно. Үүнийг засч сайжруулахын тулд би хэлж байгаа юм. Түүнээс биш дарга болохын төлөө хэлээгүй. Хууль зүйн байнгын хорооны дарга хэн ч байж болно. Би ч болох албагүй. Гол нь шударга өрсөлдөөнөөр хоёроос гурван хүн нэр дэвшүүлж сонгохыг шаардаж байгаа. Би өрсөлдөхгүй ч байж болно шүү дээ.

-Та одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна. Дээр нь АН засаг аваад хэр ажиллаж байна гэж бодож байна вэ?

-Эдийн засаг маш хүнд байна. Олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, дампуурч байна. Валютын нөөц хомсдож, ханш огцом өсч байгааг бид бэлхнээ харж байна шүү дээ. Төсвийн орлого 40 хувиар тасарсан. Манай Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл энэ. Засгийн газар хариуцлагаа хүлээж, огцрох ёстой гэж би олон удаа хэлсэн. Эдийн засаг хариуцсан сайд нартаа хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурьтаа баттай зогсоно. Хэлэх үгээ би байнга хэлж байгаа. Хэнээс ч айхгүй хэлнэ. Ийм байдал удах тусам улс орон их хэмжээний хохирол амсч байна. Эцэстээ энэ хямралын үр дүн Монгол өрх болгоны үүдээр орж байна. Тэдний худалдан авах чадвар буурлаа. Иргэд ядуурч байгааг хараад зүгээр сууж чадахгүй. Хямралын эх үндсийг тавьсан хүмүүст хариуцлага тооцох, намын шинэчлэлийн төлөө би цаашид зогсохгүй тэмцэнэ. Өнөөдөр эрх мэдэлд очсон манай намын удирдлагуудын чих нь дүлий, нүд нь сохор болчихоод байна. Тиймээс нүдийг нь нээж, чихийг нь сонсдог болгохын төлөө зүтгэнэ.

 -Та фракцын зарчмыг баахан шүүмжиллээ. Гэтэл та өөрөө Ардчилсан хүчний холбоонд хамаардаг.

-Яг үнэндээ би фракцад дургүй. Гэхдээ Ардчилсан хүчний холбооны гишүүн. Сүүлийн үед өглөөний цай клуб гэж иргэдээ сонсдог улс төрийн байгууллагад хамаарч байна.

 -АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг явуулна гэсэн. Яг ямар агуулгатай албан бичиг байх юм. Тодруулж болох уу?

-Бүлгийн даргадаа албан бичиг өгөхөөр зэхэж байна. Удахгүй оруулж өгнө. Би түүнтэй уулзах болгондоо юу нь болж байна, юу нь болохгүй байгааг амаараа хэлж байгаа. Энэ хямралын үндсэн шалтгаан гаднаас биш биднээс хамааралтай. Манай намын дотоод зохион байгуулалт, эрх мэдлийн буруу хуваарилалтаас болж байна. Ер нь бодлого мэдэхгүй хүнийг төрийн бодлогын албан тушаалд томилсноос, ажил хийж чадахгүй хүнийг хамгийн их ажиллах ёстой салбарт аваачсанаас, мэргэжлийн бус хүнийг мэргэжлийн байгууллагыг удирдуулснаас энэ бүхэн болж байна. Тиймээс төрийн ялзрал, гажуудлыг засахын төлөө өөрийгөө золиослоод ч хамаагүй зүтгэх болно.

-Байнгын хорооноос нэрээ татахыг шаардах эрх хуулийн хүрээнд танай бүлгийн дарга Д.Эрдэнэбатад бий юү?

 -Уг нь байхгүй. Төрийн түшээ хүн УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийг баримталж ажиллах ёстой. Тэгэхээр Үндсэн хуульдаа захирагдаж ажиллах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн дэргэд намын дүрэм жижиг асуудал. Аливаа намын дүрэм Үндсэн хуульд захирагдах ёстой. Энэ хил хязгаараас давсан бол хүчингүй гэсэн үг.

-АН-ын дотоод зөрчил хэнээс илүү хамааралтай байна гэж та харж байна вэ?

-Би хэн нэгэн хүнийг буруутгаж яримааргүй байна. Эцсийн дүндээ хариуцлагыг дарга нь үүрдэг. Өөрөөр хэлбэл, аав ээж нь үүрдэг гэсэн үг. Цэргүүд, хүүхдүүд, гишүүд нь хариуцлага үүрэхгүй. Нам удирдаж байгаа хүмүүс эцэстээ хариуцлагаа нуруундаа үүрнэ. Хэрвээ тэд хүлээж чадахгүй гэвэл гишүүд нь хүлээлгэдэг. АН Их хурлаа хуралдуулж, намдаа бугшсан асуудлыг хагалах цаг нь болсон. 2012 оны сонгуулиас хойш нэг ч удаа намын Их хурал, ҮЗХ-гоо хуралдуулсангүй. Одоо сэрэх цаг нь болсныг намын удирдлагууддаа хэлмээр байна.

 -Ер нь ҮЗХ-г хуралдуулбал намын удирдлагуудыг солих хүртэл асуудлыг сөхөх учраас жаахан зүрхшээгээд байгаа юм болов уу?

-Манайх ардчилсан нам. Ардчилсан нам асуудалд яаж ханддаг тэр зарчмаар хандана. Таавар хэлэхэд эрт байна.

 -АН-ын бүлгийн зүгээс Д.Ганбатыг зүтгүүлж байна. О.Баасанхүү гишүүн таны нэрийг дэвшүүлсэн. Бүлгийн дэмжлэгтэй нэр дэвшигчийн эсрэг өрсөлдөнө гэхээр жаахан хүч тэнцвэргүй тулаан юм шиг харагдаж байна. Танд ялах магадлал байна уу?

-Байнгын хорооны дарга болох, болохгүй байх нь чухал биш гэж би дээр хэлсэн шүү дээ. Хамгийн гол нь өрсөлдөөн, сонгон шалгаруулалт чухал. Дор хаяж хоёр хүн өрсөлдөх ёстой. Би үүнийг хэлээд байна. Байнгын хорооны дарга Дорж, Дондогийн хэн нь болох нь хамаагүй. Өрсөлдөх л ёстой.

-Фракцын зарчмыг эвдэх таны тэмцэл үр дүнд хүрэх болов уу?

-Манай намын олон гишүүн фракцын зарчмаар албан тушаал хуваарилах нь улс оронд асар их хохирол учруулдгийг ойл- госон. Одоо бид энэ чөтгөрийн тойргоосоо гарахгүй бол АН улс эх орондоо гай тарьж байна. Мэргэжлийн ажилд фракцын биш мэргэжлийн хүнийг томилдог байх хэрэгтэй. Хэрэв тухайн фракцад мэргэжлийн хүн байхгүй бол гаднаас авчирч шударга өрсөлдөөний журмаар томилох шаардлагатай.

-Н.Батбаяр сайдын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Та сайдыг огцруулах эсэхэд ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх байх. Тухайн үед ямар байр суурь барихыг хараарай. Хэлэх үгээ ил тод, нээлттэй хэлнэ.

 -Ярилцсанд баярлалаа

 

Эх сурвалж: www.unen.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж