
Л.Болд:
-АТГ-ын дарга Ч.Сангарагчаа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байна гэсэн мэдээллийг АТГ-ын зарим ажилтан өгсний дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас энэ зургадугаар сарын 8-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр. Энэ хэргийг шалгах явцад АТГ-ын зарим ажилтныг хууль бусаар, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж тагнах, мөрдөн мөшгих ажиллагааг явуулсан тухай мэдээлэл бидэнд ирж, энэ дагуу нь шалгахад үйлдэл дээрээ баригдсан. Энэ асуудлаар УЕП, ТЕГ-ын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг гаргаж шалгаж байна. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар АТГ-ын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УЕП-оос УИХ-д санал оруулах явцад Ч.Сангарагчаа дарга ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд тараалаа. “Прокурорын байгууллагаас АТГ-ын удирдлагад зарим нэг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай үүрэг өгсөн, Дарамт шахалт үзүүлж байгаа” гэж Ч.Сангарагчаа дарга ташаа мэдээлсэн. АТГ-ын үндсэн үүрэг нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явдал. Зөвхөн прокурорын байгууллага эрүүгийн хэргийг шийдвэрлэх, тухайлбал, хэрэгсэхгүй болгох эрхтэй. Тэгэхээр АТГ-ын даргад прокуророос үүрэг өгсөн байх ямар ч үндэсгүй юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг нэлээд эрт түдгэлзүүлсэн. Энэ хэрэг дээр ямар нэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй. Тэгэхээр УЕП-оос Л.Гүндалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэг өгсөн гэдэг нь ор үндэсгүй гүжирдлэг. Энэ асуудал дээр зөвхөн прокурор шийдвэр гаргадаг байтал АТГ-ын даргад хэргийг хэрэгсэхгүй болго гэсэн үүрэг өгсөн гэдэг нь ор үндэсгүй, байж болшгүй зүйл. Ийм гүтгэлэг тараасан, прокурорын байгууллагын нэр хүндийг унагасан, түүний удирдлагад холбогдуулан худал мэдээлэл тарааж гүтгэсэн асуудал дээрээ Ч.Сангарагчаа зохих ёсны хариуцлага хүлээх ёстой гэж прокурорын байгууллага үзэж байна.
Авлигатай тэмцэх тухай хуулийн 22.4-т зааснаар АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос өчигдөр УИХ-д өргөн барьсан. Прокурорын байгууллага нь аливаа нэгэн албан тушаалтны хууль бус ажиллагааг өөгшүүлэхгүй, зохих ёсоор нь шалгаж, хариуцлага тооцуулах болно гэдгийг би мэдээлж байна.
Б.Галдаа:
-Сүүлийн үед ямар нэгэн улс төрийн зорилготой, улс төрийн өнцгөөс харж, зарим зүйл дээр УЕП-ыг холбогдуулсан байдлаар, мөн Мөрдөн байцаах албаны удирдлага юм уу, миний нэртэй холбогдуулсан дэндүү ташаа мэдээллүүд гарч байна. “Прокурор Б.Галдааг ажлаа өг гэж дарамталж эхэлжээ” гэх жишээтэй. Би УЕП Д.Дорлигжавтай тийм өргөдөл гомдол авах өгөх тухай ярих байтугай ажил хэргээ ярих завгүй явж байна. Ямар утга агуулгаар, ямар зорилгоор, ямар эх сурвалж нь тийм хилс ташаа юм өгөөд байгааг мэдэхгүй. Энэ нь хуулийн байгууллагын ажлыг гацаанд оруулах гэсэн зорилготой юм уу гэж би боддог. Хуулийн байгууллагын ажлыг ямар нэг улс төртэй битгий хутгаач ээ гэж хүсмээр байна. УЕП үүрэг өгсөн учраас би Ч.Сангарагчаагийн хэргийг шалгаж байгаа мэтээр хэд хоногийн өмнө мэдээлсэн. Ажлаа хийж яваа биднийг битгий сэтгэл санааны бухимдалд оруулаач гэж хүсмээр байна. Миний гол хэлэх зүйл энэ. АТГ-ыг хуулийн дагуу шалгаж л таарна. Бид Ч.Сангарагчаа даргын хэлснээр хэдэн орон сууцны асуудлаар тэдний хүмүүсийг дуудаад төрийн ажил алдуулаад байгаа юм байхгүй. Энэ бол ганц нэг орон сууцны асуудал биш. Олон талтай юм бий. Бид тэр байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэлээ.
Энэ мэдээллийнхээ дараа Л.Болд, Б.Галдаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав. Ингэхдээ зөвхөн Ч.Сангарагчаагийн мэдээлэлтэй холбоотой асуултад л хариулна гэсэн юм.
-Прокурорын байгууллага өнгөрсөн хугацаанд хэчнээн хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ. Үүнийг тоо баримтаар хэлнэ үү. АТГ-ын ямар ажилтан ямар хэргээр одоо шалгуулж байгаа вэ?
Л.Болд: -Тоо хэлэх боломжгүй. Тэр бол нууц. АТГ-ын ажилтнуудаас байгууллагынхаа зөрчлийн талаарх мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагад ч өгөөгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид, УИХ-д нэр хаягаа заагаад өгсөн мэдээллүүд бий. Тэр дагуу л шалгаж байна. Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь нууцын зэрэглэлтэй байгаа.
Б.Галдаа: -Төсөв хөрөнгийг зарцуулдаг, гарын үсэг зурдаг эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн ерөнхий менежер хүмүүс л төсөвтэй холбоотой зүйлийг нааш цааш болгодог. Энэ хүрээнд л асуудал яригдана. Товчхон хэлэхэд орон сууцнаас гадна төсвийн хөрөнгийг сургалтын зардалд үргүй зарсан. Гадаад, дотоодод докторын диссертац хамгаалахад ч зарцуулсан. Хувцас хунар бэлтгэсэн, байр сав авсан гээд олон зүйл байгаа.
-АТГ-ын хоёр газрын даргын өрөөг лацадсан байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх үү?
Л.Болд: -Өнөөдрийн байдлаар үүн дээр ажиллагаа явуулж байгаа учраас дараа хариулья. Энэ талаар одоо ярих боломжгүй байна.
-Нэлээд мөнгөөр аяны зориулалттай, загасны хэрэглэл авсан гэсэн?
Б.Галдаа: -Түүнийг шалгаж байгаа.
-Долдугаар сарын 1 дөхөж байна. Тэр үеэр хүний амь хохироосон хэрэгт сэжиглэгдсэн цагдаагийнхныг Өршөөлд хамруулсан, хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг прокуророос сэргээж байгаа гэсэн?
Л.Болд: -Сэргээж байгаа тухай мэдээлэл хэвлэл, мэдээллээр нэлээд гарсан. Хохирогчид болоод тэдний өмгөөлөгчдийн гомдлоор энэ асуудал УЕПГ-т хянагдаж байгаа. Энэ талаар ямар нэг шийдвэр гараагүй байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ