УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хяналтын тухай хуулийн төслийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хяналтын тухай хуулийн төслийг танилцуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, А.Бакей, Н.Батцэрэг нарын өргөн барьсан Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 Төсөл санаачлагчдын нэг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан илтгэлдээ, иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотоод хяналтын журам тогтоож ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх, байнгын хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээллийн сан бүрдүүлэхээр зааж өгсөн. Энэ хуулиар хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр зохицуулсан. Хуулийн төслийг боловсруулах хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг хэллээ. Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм байна.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
 


Эх сурвалж http://www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж