Сайд уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Сайд уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй

Өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд явсан автобус замын хажуу руу онхолдож зургаан хүн газар дээрээ амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Дээрх осол гарсан даруйд Зам тээврийн яамныхан болон Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийнхөн түргэн авч шуурхай хуралдсан. Ямартай ч тал бүрийн арга хэмжээг авсны үр дүнд зорчигчдыг аварч чадсан билээ. Мөн гэмтэж, бэртсэн хүмүүст Засаг дарга 40 сая, Засгийн газраас 60 сая төгрөг өгөхөөр болсон. Осол гаргасан  автобусны жолооч нарыг цагдаагийн байгууллагаас хориод буй. Тэднийг ажилдаа хайхарамжгүй хандаж олон хүний амь насанд хүрсэн хэргээр хуулийн дагуу арга хэмжээ авах нь тодорхой. Нэг үгээр хэлбэл тэд шоронд ялаа эдлэхээр нөхцөл байдалтай байгаа. Харин автобусны компани болох “Дайчин сүйх” компанид захиргааны арга хэмжээ авч торгууль тавихаар сураг дуулдаж байна.

Гэхдээ уг ослын хэрэгт автобусны компани болон жолооч нараас гадна Зам тээврийн яам хариуцлага хүлээх ёстой гэж Монгол улсын зөвлөх инженер, авто тээврийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн Д.Батбаатар хэлж байна. Тэрбээр Зам тээврийн яамны сайд А.Гансүхийг уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй гэсэн юм.

Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Хот, хооронд гарсан ослуудаас олон нийтэд мэдэгдсэн нь энэ байна. Түүнээс мэдэгдээгүй өнгөрсөн маш олон хэргүүд байгаа. Ер нь хот хооронд гарч буй осол яг юунаас болоод байна вэ?

-Монголын замд осол гарахад жолооч, машин хоёрыг л буруутгадаг. Жолоочийн хэргийг шүүхээр оруулаад ял өгөөд л болоо. Гэтэл ослын үр дагаврыг гаргасан хүмүүс зүгээр л үлдчихэж байгаа юм. Эсвэл тухайн автобус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаад захирлыг нь торгоод л өнгөрдөг. Гэтэл авто тээврийн салбарын үйл ажиллагааг зохицуулдаг газар байдаг. Бодлогыг нь хэрэгжүүлдэг яам гэж байна. Яг тус ослын нөхцөл байдлыг хараад байхад зургаан хүний амь нас эрсдэсэн хэргээр тухайн компани болон жолооч нарт хариуцлага хүлээлгээд л өнгөрөх гэж байна. Бусад оронд иймэрхүү осол гарвал сайдаасаа эхлээд ажлаа өгдөг. Тэгэхээр иймэрхүү ослыг дахин гаргахгүйн тулд жолооч анхаарал болгоомжтой зохих дүрэм, журмынхаа дагуу ажиллах ёстой. Мөн эвдэрсэн зүйл байвал засдаг байх хэрэгтэй. Харин автобус компани нь бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл гаргаж үйлчилдэг байх ёстой. Бас төр өөрийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Учир нь иргэн таны өмнөөс төр өөрөө гэрээ байгуулдаг юм. Захиалгат үйлчилгээнд танай компани хэдэн машинтай яваарай гэсэн гэрээг төр автобусны компаниудтай хийдэг.  Ингээд тус гэрээнийхээ тодорхой заалтуудаар тус, тусдаа хариуцлага хүлээдэг. Иргэн билет авах юм бол дээрх гэрээний нэг тал нь хэрэгжээд явж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо төр нь хариуцлага хүлээхгүй байгаа юм. Харин аж, ахуй нэгж, жолооч нь л хохироод үлдэж байна шүү дээ. Иймэрхүү осол гарсан тохиолдолд ингэж зохион байгуулна гэсэн зүйл нь тодорхой байх ёстой.

-Ослын тоог бууруулахын тулд салбар хариуцсан яамнаас юу хийх ёстой гэж боддог вэ?

-Зам тээврийн яам бүтцээсээ эхлээд буруу зохион байгуулалттайгаар байгуулагдсан. Хяналтын тогтолцоог бүр байхгүй болгосон нь маш буруу. Хяналт бүртгэлийн газар нь машины дугаар зардагаас өөр ажил хийхээ больчихсон байна шүү дээ. Энэ улсын бараг 70-80 хувийг авч яваа авто тээврийн салбарыг хаячихсан байгаа юм. Зам тээврийн яам өнгөрсөн хоёр жилд юу ч хийгээгүй байгаа байхгүй юу. Бодлогын бичиг баримтаа гаргаагүй. Хууль гаргаад өгсөн хоёр жил хав дарчихлаа. Хуулиндаа өөрчлөлт оруулах ямар ч бодол алга. Авто тээвэр заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Хуучин авто тээврийн газрын хэрэгжүүлсэн хөдөлгөөний удирдлагын төвийг эс тооцвол хяналтын механизм байхгүй болж. Тэгэхээр хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-Авто тээврийн салбараа өөд нь татахын тулд хамгийн эхэнд ямар ажил хийх ёстой юм?

-Хамгийн эхэнд эрх зүйн орчноо боловсронгуй болгох ёстой. Би эрх зүйн асуудлыг хоёр жилийн өмнө ярьсан юм. Зам тээврийн яаманд 12 журам есөн хуулийн төсөл боловсруулж өгсөн. Нэгийг нь ч батлаагүй байна. Өнөөдөр яам ажиллахгүй байсан ч тээвэрчид авто тээврийн салбарыг аваад л явна. Гэхдээ гарч буй үр дагаварт төр оролцох ёстой биз дээ. Хаа сайгүй шинээр зам тавьж байна. Харин тэр зам дээр тавих хяналт алга. Зам тээврийн яам лиценз зөвшөөрөл олгохын төлөө л хөөцөлдөж байна. Бодлогын ажлуудаа орхичихсон. Энэ яам бүтцээ буруу эхлүүлчихсэн. Энэ мэтээр байвал маш олон осол цаашид гарна. Тэгэхээр осол гаргахад хүргэж буй А.Гансүх сайд хариуцлага хүлээх ёстой. Саяын осолд дээр ч гэсэн А.Гансүх уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй.

-Тэгэхээр авто тээвэрт үйлчилгээ эрхэлж буй аж, ахуй нэгжүүдээ яаж дэмжих ёстой юм?

-Хотын тээвэрт нөхөн олговор олгодог. Тэгсэн мөртлөө хот, хоорондын тээвэрт нөхөн олговор гэж байдаггүй. Жишээлбэл Баян-Өлгий аймаг руу явах автобус хоёр хүн суулгаад явсан бол тэр хоёр хүнтэйгээ л очдог. Харин хотын автобусууд буудал бүр дээрээс хүн нэмээд суулгаад байх боломжтой. Ийм байхад хотын тээвэрт мөнгө олгоод байна шүү дээ. Бид хот, хоорондын тээврээ харж үзэх ёстой. Хот, хоорондын тээврүүд Цагаан сар, оюутнууд цуглах үед нэг талдаа хүнгүй явдаг. Тэгэхээр иймэрхүү онцгой үеүүдэд нь нөхөн олговрын мөнгийг нь өгөөд явах хэрэгтэй. Тэр мөнгөөрөө тухайн компани нь алдагдлаа нөхөж, ажилчдынхаа цалинг өгнө биз.

-Сая Эрдэнэ сумын нутагт осол гаргасан автобусны жолооч нойрмог явж байсан гэх яриа байна. Бид жолоочийнхоо ээлж, амралтыг яаж зохицуулах ёстой юм бэ?

-Хот, хооронд үйлчилгээ үзүүлдэг аж, ахуй нэгжүүдийн бараг 90 хувь нь машины цуглуулга байна. Машинтай хүмүүсийг цуглуулаад компани болгодог. Тэгээд ямар нэгэн зүйл болбол хариуцлагыг жолоочид үүрүүлдэг. Би үе, үеийн жолооч нарыг буруутгахгүй. Тэд маш сайн ажилласан. Харин төр, аж ахуй нэгжүүд тэднийг зөв зохион байгуулалтад оруулж өгөх ёстой. Анх яам байгууллагдахад авто тээврийн салбарыг парк, аж ахуй нэгжийн системд оруулъя гэхэд огт хэрэгжүүлээгүй. Нэг компанийг хориос доошгүй тээврийн хэрэгсэлтэй болгоод засварчин, гагнуурчин, гражны өрөөтэй болгох хэрэгтэй. Тэгээд эргэлтийг нь хол болгочихвол ядаж жолооч нарын ажил амралтын дэглэм зөв мөрдөгдөөд явна биз дээ. Хэн, хаашаа явах нь тодорхой болоод түүнийг нь тээвэр зохицуулагч зохицуулаад явбал болж байгаа юм. Гэтэл өнөөдөр хоёр машинтай компани байна. Тэр хоёр машинаараа өдөр, шөнөгүй зүтгээд л байна шүү дээ. Тэгээд л аюултай үр, дагавар гардаг. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулж чадаагүй Зам тээврийн яам хариуцлага хүлээдэг байх ёстой юм.

-Та зам тээврийн яамыг маш муу ажиллаж байна гэж дүгнэж байна уу?

-Тийм. Яамны ажилчид бүгд муу ажиллаж байгаа юм биш. Харин шийдвэр гаргадаг гурван хүнийг л муу ажиллаж байна гэж дүгнэж байна. Учир нь авто тээврийнхээ бодлогод нэг удаа ч анхаарахгүй байна шүү дээ.

-Замын чанарын асуудалд яаж анхаарах ёстой юм?

-Замчдаа муу хэлэхгүй. Нөгөө л хяналт бас дутагдаад байгаа юм. Замын эвдрэлээс болж осол гарвал тухайн замын байгууллага хариуцлага хүлээдэг хуультай юм. Одоо манайд энэ заалтыг хэрэгжүүлдэг ганц ч газар байхгүй. Магадгүй жолооч замын ховилоос гарах гээд буруу тал руу дараад осол гаргасан байж болно шүү дээ. Ер нь ямар нэгэн осол гарахад харилцан адилхан хариуцлага хүлээдэг байгаачээ. Ганц доод албан тушаалтнууд бус яам ч мөн хариуцлага хүлээдэг байгаач гэж би хэлмээр байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж