Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэст энэ онд долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжиж байна. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхэлж байгаа бол өөртөө ажлын байраа дэмжүүлэх зорилгоор нэг ажлын байранд 1-5 сая төгрөгөөр тооцож санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хөтөлбөрт эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй буюу тухайн иргэний биеийн байдал нь ажил хөдөлмөр эрхэлж төслөө хэрэгжүүлэх боломжтой, хөдөлмөр алдалтын чадварыг нь хардаг байна. Тухайн хүн Хан-Уул дүүргийн иргэн байх ёстой. Мөн аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх санхүүгийн дэмжлэгт 40-өөс дээш насны, ажил олоход хүндрэлтэй иргэн хамрагдана хэмээн тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг ярьж байсан.
Хөдөлмөрийн яам байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид хүргэх хөдөлмөрийн хэлтсийг 21 аймаг, есөн дүүрэгт байгуулжээ. Өнгөрсөн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Хөгжлийн банкнаас 54 тэрбум төгрөгийг тусгаж 21 аймаг, есөн дүүргийн хүн амаас харилцан хамааралгүйгээр нэг дүүрэгт 500 сая төгрөг хуваарилсан байна. Харин энэ жилийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр улсын төсвөөс 100 тэрбум төгрөг баталсан аж. Үүнээс 21 аймагт 800-гаас нэг тэрбум төгрөгийг хуваарилжээ.Төрөөс мөнгө өгөөд дэмжсэн төслүүдийг хэрхэн ажил хэрэг болгож байгаа талаар яамны мэргэжилтнүүд хяналт тавьж шалгадаг байна. Энэ удаа Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан савхин хувцас, хүлэмжийн аж ахуй, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаатай танилцсан юм.
“Ивентус” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэчимэг: Манайх шилдэг цом авсан
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 90 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилж, 20 гаруй оёдлын машин авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Одоо ОБЕГ-ын захиалгаар 1800 албан хаагчийн савхин хувцасыг оёж байна. Манайд 45-аас дээш насны 11 хүн ажилладаг. Энэ хүмүүс ачаалал даах, идэвх зүтгэл гарган ямар ч ажлыг голохгүй чин сэтгэлээсээ хийдэг.Залуу хүүхдүүд залхуу, цаг барьдаггүй, төлөвшөөгүй байна. Хөдөлмөрийн биржуялдаа муу. Компанитайгаа нягт ажилламаар санагддаг. Компани оёдолчноор ажиллах хүнээ олж сургамаар байна. Үнэхээр энэ ажлыг дэмжих гэж байгаа бол компанид нь эрхийг нь өгчих хэрэгтэй. Ингэснээр сургалт ажлын байрны явцад илүү сайн чанартай, хурдан сурах боломжтой. Манайх захиалгат бүтээгдэхүүнээс гадна загварын хувцас хийдэг. Өнгөрсөн жилМишээл экспо, Цагаан сар үзэсгэлэнгээсшилдэг аж ахуйн нэгжээр шалгарч шилдэг цом авсан.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгч ХУД-ийн Х хорооны иргэн Б.Алтантуяа: Санхүүжилт хэрэгтэй байна
-Энэ жил хөдөлмөрийн хэлтсээс төсөл маань шалгарчбуцалтгүй санхүүжилтийн хоёр сая төгрөг өгсөнд талархаж байна. Нарийн ногооны 10-аад төрлийн үрсэлгээ хийж борлуулдаг. Үүнийгээ цааш өргөжүүлж иргэддээ эрүүл хүнс хүргэх зорилго тавьж ирсэн.Мөн иргэдэд хэрхэн ногоо тарих талаар зөвлөгөө өгдөг. Өвөл ч гэсэн хүнсний ногоогоор хангах эрмэлзэлтэй. Ажлын байраа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр ажилгүй иргэдийг ажилтай болгох боломжтой. Хийж бүтээх зүйл их байгаа болохоор дахин төсөл бичнэ.Санхүүжилт хэрэгтэй байна. Би ургамал зүйч, агрономчоор 2001 онд төгссөн.
Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч ХУД-ийн Х хорооны иргэн Б.Түмэнбаяр: Захиалга сайн бол орлого ч сайн
-Манайх хонины ноос, хөөврөөр малгай, цамц, өмд, хүүхдийн хувцасыг захиалгаар хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр 800 мянган төгрөг авч тоног төхөөрөмжөө худалдаж авсан. Таван ажилтантай. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Захиалга сайн байвал орлого ч сайн байдаг.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр олгож байгаа зээлийг арилжааны банкаар дамжуулан олгодог аж. Төр арилжааны банктай хийсэн гэрээгээр “Жилийн долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай энэ мөнгийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн шалгарсан төсөлд арилжааны банк дамжуулж гаргана. Энэ хүүнд нэг ч хувийн хүү нэмж, хасч болохгүй” гэсэн хатуу зарчим гаргаад таван жилийн дараа Төрийн тусгай зориулалтын санд төвлөрүүлэх ёстой байгаа. Арилжааны банк болохоор эрсдэлээ 100 хувь өөрөө хүлээ гэдэг зарчимтай. Зарчим нь арилжааны банк барьцаа хөрөнгө нэхэх шаардлагатай. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд барьцаа хөрөнгөний асуудал дутагдалтай. Энэ асуудлыг шийдэхийн тулд 2012 онд хууль нь батлагдсан. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутдаг, Аав, ээж, ах, эгч, найз нөхөд болон гуравдагч хүний хөрөнгийг банкинд байршуулдаг байсан. Тиймээс энэ системийг халж Төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй учраас батлан даалтын хууль баталсан хэмээн Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа ярилаа.Энэ хуулийг батласнаар 500 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, 1500 ажлын байр хадгалагдан үлдэж байгаа юм байна. 2012, 2013 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ.
Н.ДАЯН