Ерөнхийлөгч Хариуцлага нэхсэн төслүүдийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Хариуцлага нэхсэн төслүүдийг танилцууллаа

"Ажил авах дуртай ч хариуцлага хүлээх дургүй, Сонгуульд ялах дуртай ч ажил хийх дургүй байна". Энэ үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ хэллээ.

Түүний тайлбарласнаар эрх баригчид төсөв хүрэхгүй байгаа нэрээр бонд гаргаж, зээл тавих дуртай болжээ. Мөн мөнгө зарцуулах шийдвэр гаргаж байж түүндээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг огт мэддэггүй. Эцсийн дүндээ албан тушаалаасаа чөлөөлөгдөөд явахад ард нь бөөн өр зээл үлдэх болж буй. Тэгвэл төсөв ерөнхийлөн захирагч шийдвэр гаргаж, мөнгө зарцуулах эрхийг эдэлсэн бол түүнийгээ олон нийтэд ил тод тайлагнадаг байх, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээдэг байх, мөн жирийн иргэн хэн боловч хороонд хуваарилагдсан хөрөнгө оруулалтаас эхлүүлээд олон улсын зах зээлд босгосон бондын зарцуулалтын тайланг үзэх боломжийг Шилэн дансны тухай хуулийн төслөөр дамжуулж олгож байгааг Ерөнхийлөгч онцоллоо.

Мөн өр тавих бол тэр нь Сангийн яаманд заавал бүртгэгддэг, түүний дараа өр тавих эрхийг холбогдох газруудаас авна. Бусдаас хандив тусламж авсан бол түүнийгээ ч Шилэн дансны тухай хуулийн хүрээнд тайлагнах ёстой. Ийм тогтолцоонд шилжиж байж авлига хээл хахуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх гэнэ.

Одоо үйлчилж байгаа хуулиар төсвийн удирдлагын тогтолцоо нь Засгийн газраас шууд хамаардаг, хэт төвлөрсөн шинжтэй бөгөөд орон нутаг дахь засаг төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ ИТХ-ын эрх хэмжээнээс давж хурлын зүгээс хуульд заасны дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагджээ. Тиймээс УИХ-аас Шилэн дансны тухай хуулийг баталснаар төсөв ерөнхийлөн захирагч бүрийн хувьд хүлээх хариуцлага тодорхой болж, тэдэнд хяналт тавих эрх нь иргэн, аудитын байгууллага хоёрт илүү нээлттэй болох юм байна.

Төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдвол  хэрхэх вэ?

Ухаалаг төрийн хүрээнд боловсруулсан хоёр дахь чухал хуулийн төсөл нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл аж. Хуулийн төсөл дээр санал авахаар Засгийн газарт өргөн мэдүүлсэн ч одоо хэр нь хариу ирээгүй байгаа аж.

Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл сонгогдсон албан тушаалтан нь бүрэн эрх эдлэх хэрнээ сонгосон иргэн нь хагас эрх эдлэх болжээ. Энэ талаарх харамсалтай жишээ олныг тайлбарлаж болох аж. Тухайлбал, сайд дарга нартай холбоотой Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан их гардаг. Гэвч түүнд хариуцлага тооцдоггүй нийгэм шуугиад л өнгөрдөг. Эцэстээ нийгмийг бухимдалд хүргэдэг. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтан нь Үндсэн хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн болох нь тогтоогдвол албан тушаалаас нь эргүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсвэл 4 хүртэл жилийн хугацаагаар хасахаар дээрх хуулийн төсөлд зааж өгсөн байна.

Мөн УИХ-ын гишүүн нь үндсэн ажлаа цалгардуулж УИХ, Байнгын хорооны хуралдаандаа суудаггүй бол түүнийг сонгогчид нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авч болохоор. Үүнийг нь тухайн байнгын хорооны дарга нь УИХ-ын даргад өргөн мэдүүлснээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэж дээрээсээ эхэлж хариуцлагатай болж монгол төр ухаалаг болно гэж үзэж байна. Дээрх хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар хамаарах аж.   

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол яах вэ?

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж ирдэг байхаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэдгийг Ерөнхийлөгч хэллээ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүний гэмт хэрэг үйлдэж байгаа нь үйлдэл дээрээ баригдсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хөндөгддөг байна. Хэрвээ парламентаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж шийдвэр гаргавал Улсын ерөнхий прокурор дахин асуудлыг УИХ-д оруулна. Ингэж байж, Монголд улс төрийн зөв хариуцлага бий болно гэж Ерөнхийлөгч тодотголоо.

Гишгэх мөрөө ч харах ёстой

Ухаалаг төрийг бий болгох, тэр тусмаа Монголын төрийн байгууллагад амин чухал хэрэгтэй хуулийн төсөл бол Захиргааны ерөнхий хуулийн төсөл аж. Энэ тухай Ерөнхийлөгч "Ахмадууд биднийг хүүхэд байх үед "Гишгэсэн мөрөө эргэж хардаг цаг ирнэ" гэж сургадаг байсан. Тэр цаг ирж байна, тэр байтугай гишгэх мөрөө ч харах ёстой.  Захиргааны ерөнхий хуулийг одоо болтол гаргаагүй байгаа нь дур дураараа журам гаргадаг, эсвэл нууж шийдвэр гаргадаг буруу тогтолцоог хэвшмэл болголоо гэж тодотголоо.

Нууж шийдвэр гаргадгийн цаана ах дүү хамаатан садан найз нөхдөө албан тушаалд томилдог, дараа нь албанаасаа буухдаа гаргасан шийдвэрээ устгаад явдаг. Тэгвэл ингэж аашилсан хэн боловч гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. Иймийн тулд төрийн алба хашиж байгаа хэн боловч тухайн асуудалтай холбоотойгоор шийдвэр гаргах бол маягт бөглөнө. Уг асуудал нь эдийн засгийн хувьд ач холбогдол багатай ч ард түмэнд хэрэгтэй байсан бол түүнийг нэгдүгээрт тавьж, шийдвэр гаргасан гэдгээ тэрхүү маягтад бичиж, тэр нь түүх болж дараа, дараагийн албан тушаалтан уншиж танилцан түүхийг мөн үргэлжүүлж бичих үүрэг хүлээх аж. Энэ бол түүний үүрэг.

Мөн Засгийн газар шийдвэр гаргачихаад түүнийгээ албажуулалгүй зургаан сар болж ажил хийж буй дүр эсгэдэг бохир тогтолцоог халахад ч дээрх хуулийн төсөл тустай гэнэ. Нөгөө талдаа УИХ-аас гаргасан хууль, тогтоомжоос давсан шийдвэрийг дарга нар гаргахгүй байх, түүнийг мөрдөн ажиллахад энэхүү хуулийн амин сүнс орших аж.

Ардчиллын амин сүнс нь нийтийн сонсгол

Сүүлийн үед урантай холбоотой асуудлыг орон нутгийн иргэдээс их тавих болсон. Тэгвэл УИХ-ын холбогдох байнгын хороо нь тухайн орон нутагт ажиллаж, иргэд, төрийн албаныхан, хөрөнгө оруулагч нарыг оролцуулсан сонсгол зохион байгуулж, бүгдийнх нь үгийг сонсч, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахад Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн ач холбогдол орших аж. Үндсэндээ иргэдийн эрх ашгийг хангахад чиглэнэ. Нийт долоон төрлийн сонсгол явуулж  төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилго агуулагдсан юм байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан жишээ нь долоон төрлийн сонсголоос зөвхөн нэг нь аж.

Хэрвээ олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улстөр, эдийн засаг нийгмийн тодорхой асуудалтай холбоотойгоор УИХ, Засгийн газрын гишүүн хууль зөрчсөн тухай асуудал яригдвал Мөрдөн шалгах сонсголыг мөн энэ хуулийн хүрээнд зохион байгуулж болох юм байна.

Иргэний танхимд болсон дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Н.Батцэрэг нар оролцлоо.

  Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж