Европын аварга Испанийн шигшээ Португалийг хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх эрхтэй боллоо. Испанийн баатар нь Давид Вилья байв. “Барселона” клубын супер оддын нэг тэрбээр 63 дахь минутад Португалийн хаалгач Эдуардогийн хаалганд тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулсан нь түүний дөрөв дэх гоол байлаа. Тэрбээр ийнхүү Аргентиний Игуаин, Словакийн Виттек нарын хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж явна.
Висенте дел Боскегээр удирдуулсан “Ялагдашгүй Армада” шөвгийн наймд Парагвайн шигшээтэй тоглоно. Өмнөд Америкчуудын хувьд Японы шигшээг торгуулийн цохилтоор хожиж, дунд шөвөгт өрсөлдөх эрхээ авсан билээ.
Европын топ зэрэглэлийн хоёр багийн тоглолт эхнээсээ л ширүүн өрнөж, “Европын бразил” гэгддэг португальчууд багийн ахлагч Криштиан Рональдуд ихээхэн найдлага тавьж байсан нь лавтай. Харин Испанийн хувьд өрсөлдөгчийнхөө нягт нямбай хамгаалалтыг сэтэлсэн нь том гавьяа. Тоглолтын туршид Вилья дубль хийх боломжтой байсан ч хүссэнээр болсонгүй, ерөнхийдөө испаничууд олон боломжийг чулуу болгож чадаагүй.
Тоглолтын эхний минутад “Ливерпуль”-ийн довтлогч Фернандо Торрес анхны гоолоо оруулж, дэлхийн аваргын дансанд нэрээ тэмдэглүүлэх завшаан тохиосон ч Португалийн хаалгач Эдуардо бөмбөгийг чадварлаг хаасан. Торресийн довтолгооны хамтрагч Вилья хаалгачийн авьяасыг дахин сорьсон бол дөрвөн минутын дараа Вилья дахин хаалга руу довтолсон ч Эдуардо бөмбөгийг аюулгүй болгожээ. Харин Португалийн хувьд Рональду чөлөөт цохилт гүйцэтгэснийг Икер Касильяс амжилттай хаасан юм. Түүнчлэн сэлгээгээр талбайд гарсан Даннид тооны харьцааг тэнцүүлэх боломж олдсон боловч Жоан Капдевила үүргээ сайтар биелүүлж, гайхалтай блок тавьсан. Үүнээс хойш ердөө хэдхэн секундын дараа тоглолтын 89 дэх минутад Рикарду Кошта Капдевила дээр алдаа гаргаж, талбайг чөлөөлснөөр Португалийн дэлхийн аваргын аялал төгсгөл болсныг гэрчилсэн юм.
С.ЦЭЛМЭГ