Ж.Батзандан: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд дутуу дулимаг зүйл их байна

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд дутуу дулимаг зүйл их байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын Дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, ХЗДХЯ, ЭМЯ, НХХЯ-аас хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байна Гэвч хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Тухайлбал, зөвхөн сүүлийн 3 жил 8 сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтсэн байна.

2004 онд хуулийг батлахдаа дагалдах хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл, зөрчилдөөнт байдал үүссэнээс гадна хохирогчийн аюулгүй байдалтай холбоотой хамгаалалт огт зохицуулалтгүй үлдэхэд хүрчээ.  Засгийн газар, яам, агентлагаас гаргасан эрх зүйн актаар хуулийн дээрх хийдлийг нөхөх оролдлого хийж байгаа ч хамрах хүрээ, хууль зүйн хүчин чадлын хувьд салбар хоорондын зохицуулалтыг хангаж чадахгүй байгаа юм байна.  Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх нь чухал гэдгийг хууль санаачлагч дурдсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан дээрх хуулийн төсөлд анхаарах зүйл олон байгааг дуулгалаа. Тэрбээр хэлэхдээ  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлэлцэх нь зөв. Гэвч Монгол улс бол уламжлалт гэр бүлийн тогтолцоотой ард түмэн. Аав нь хүүгээ зандардаг загнадаг заадаг. Загнасны муу гэж байхгүй гэж хувьдаа бодож байна. Аав ээж нь хүүхдүүдээ загнасныхаа төлөө хуулиар яллаж байсан тохиолдол гадны улс оронд л бий. Тэр жишгээр манай улс орон явах гээд байна. Манай улс хэтэрхий  баруунжсан, Америк талруугаа хэлбийсэн хууль оруулж ирэх боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар уламжлалт гэр бүлээ хамгаалмаар байна. Тэгэхгүй болохоор аав нь хүүгээ загнасныхаа төлөө хуулиар шийтгүүлэх болж байна уу. Үнэхээр хуулиар зохицуулах шаардлагатай хэргүүд бол байгаа. Гэхдээ эргээд гэр бүлийг эвлэрүүлэн нийлүүлэх,  өрх гэрийг элэг  бүтэн байлгах арга замуудаа сайн бодолцохгүй бол Монгол улсад элэг бүтэн үлдэх өрх гэр байхгүй болох нь” хэмээсэн юм.

Тэрбээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэчилсэн хуулийн төсөлд гэр бүлийн уламжлалт арга барилыг хадгалах хэрэгтэй гэдгийг сануулсаар байлаа.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж