УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Ганбат гишүүнийг томилохоор болсон байна. Тус байнгын хорооны даргад нэр дэвшигчийн нэг нь та. Тиймээс үүрэг гүйцэтгэгчийн түр томилгооны талаар дүгнэлт хийж байгаа байх?
-Хууль зүйн байнгын хорооны дарга өвчтэй, чөлөөтэй, богино хугацаагаар гадаадад явсан тохиолдолд түр орлон гүйцэтгэгчийг томилж болно. Үүнийг УИХ-ын тухай хуульд тодорхой заачихсан байгаа. Долоо буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар байнгын хорооны дарга эзгүй тохиолдолд томилдог хуультай. Энэ дагуу УИХ-ын дарга захирамж гаргасан гэж би ойлгож байна.
-Д.Ганбат гишүүн үүнийг томилгоо гэж үзэж байсан?
-Байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, үйл ажиллагаагаа байнгын хорооны даргын нэгэн адил явуулах боломжтой.
-Та цаашид байнгын хорооны даргад нэр дэвшсэн хэвээр байх уу. Түр орлон гүйцэтгэгч хэзээ хүртэл байнгын хороог даргалах бол?
-Хугацааны хувьд тодорхой заалт хуульд алга байна. Түр орлон гүйцэтгэгч хэдий хугацаагаар энэ ажлыг гүйцэтгэх боломжтой эсэх талаар заалт байхгүй. Гэхдээ хуульд нэг заалт байгаа. Нэг жилийн хугацаанд байнгын хорооны даргыг байнгын хорооны гишүүдийн дундаас сонгогдсон гишүүн удирдана гэсэн заалттай. Түр орлон гүйцэтгэгч тодорхой хугацаанд удирдах байх. Хэзээ нэгэн цагт дээрх хуулийн заалт хэрэгжиж, байнгын хорооны гишүүдийн саналаар дарга нь сонгогдох байлгүй дээ. Чуулган өнөө маргаашгүй хаах учир Д.Ганбат гишүүн намрын чуулган буюу аравдугаар сар хүртэл байнгын хороог даргалах байх.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэсэн боловч танай намын бүлгээс завсарлага авлаа. Ингэж удаа дараа хойшлуулаад байх нь хэр зохимжтой бэ?
-Манай намын бүлэг гэхээс илүүтэйгээр намын удирдлагуудын нүд нь сохорчихсон байна. Улс орныг улс төрийн удирдлагаар зөв хангаж чадахгүй байна. Шийдэх олон асуудал байгаа. Асуудлаа шийдвэрлэхгүйгээр чуулганыг хойшлуулах, завсарлуулах энэ явдлыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Ойлгох ч үгүй юм байна. Энэ зун эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд олон хууль батлах зайлшгүй шаардлага бий. Иймд УИХ-ын гишүүдэд амрах эрх байхгүй. Улсын баяр наадмаар таван хоног амарч болно. Бусад үед нь жирийн иргэдийн адил ажлаа хийх хэрэгтэй. Миний хувьд намын удирдлага болон УИХ-ын даргад чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахгүй байгаач гэсэн хүсэлт тавина.
-Та Н.Батбаяр сайдыг фракцын зарчмаар авч үлдэх гээд оролдоод байна гэж харж байна уу. Яагаад хэлэлцэхгүй байгаа юм бол?
-Манай намд фракц, фракцын зарчим гэсэн гажуудал үүсээд удаж байна. Үүнийг засахын тулд залуу гишүүд тэмцэж байна. Төрийн институц хооронд уналт тэнцвэрийн зарчим хэрэгждэг. Гэтэл өнөөдөр энэ зарчим нь төрийн институц хооронд бус фракцуудын хооронд хэрэгжиж байна. Энэ нь Монголын төрийг нурааж байгаа юм. Фракцаар албан тушаал хуваарилдаг, фракцууд эдийн засгийн эрх чөлөөг хуваарилдаг, фракцууд мэргэжлийн мэдлэг чадварыг уландаа гишгэж, “Манай фракцын хүн” гэдгээр ханддаг. Энэ нь Монголын төрд гай тарьж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд би өөрийнхөө биеэр эрсдэл хийж байна. Фракц шүтдэг, тахидаг, фракцын зарчимд 100 хувь итгэсэн нөхдүүдтээй тэмцэж байна. Тэр хүмүүс хэзээ нэгэн цагт Ж.Батзандангийн тэмцэл зөв байсныг ойлгох болно. Фракцын зарчим буруу байсныг тэд удахгүй ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Би албан тушаалын төлөө тэмцээгүй. Байнгын хорооны дарга болох, болохгүй нь надад сонин биш. Хамгийн чухал нь фракцын зарчмыг нураах нь Монгол Улсад хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Иймээс би фракцын гаргаж байгаа бүхий л шийдвэрийг эсэргүүцэх болно.
-Таны хувьд фракцыг ил тодоор шүүмжилж байгаа. Ямар нэгэн ялган гадуурхалт болон дарамт ирж байна уу?
-Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж үг бий. Дургүйцэж байгаа хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ бид өнөөдрийн төлөө бус ирж яваа цагийн төлөө амьдрах ёстой. Тийм учраас унаж яваа фракцын зарчмын талд зогсохгүй.
-Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эхлүүлээд талдаа орлоо. Гэтэл эдийн засаг эрчимжсэн зүйл харагдахгүй байна гэж дүгнэх хүмүүс олон байна. Таны хувьд үүнд ямар дүгнэлт хийх вэ?
-Хэдэн замын уулзварын нээлтээс илүү гарахгүй байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Аж ахуйн нэгжүүд дампуурч, хаалгаа барьж байна. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг хямралаас гаргах бус түүн рүү гүн гүнзгий хөтөлж байна гэж би харж байгаа. Тиймээс энэ Засгийн газрын эдийн засгийн бодлогыг барьдаг нөхдүүдтэй хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Энэ саналаа ч би ил тод хэлж байгаа. Харамсалтай нь манай намын нөхдүүд хариуцлага ярихаас зугтааж байна. Ажил ярихаар бултаж байна. Ийм маягаар улс орон урагшлахгүй. Гэхдээ удахгүй үнэнд гүйцэгдэнэ гэж би үзэж байгаа.
-Тэгэхээр та Н.Батбаяр сайдыг огцруулахыг дэмжинэ гэсэн үг үү?
-Огцруулах зайлшгүй шаардлагатай сайдуудын нэг бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Ийм сайд байснаас байгаагүй нь дээр.
-Хэрвээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулбал, эрх баригч Ардчилсан намд энэ салбарыг удирдаад явах боловсон хүчин байгаа юу?
-Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг илүүдэл бүтцийг татан буулгах хэрэгтэй. Сангийн яамтай нэгтгээд эдийн засгийг нэг гарт зангидах хэрэгтэй гэж би үздэг.
-Сүүлийн өдрүүдэд төмөр замын царигийн асуудал парламент төдийгүй нийт ард иргэдийн дунд маргаан өрнүүлээд байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд ямар бодолтой байх нь чухал биш. Монголын хувьд аль нь ашигтай байх вэ гэдэг нь чухал. Урт хугацаанд, улс орны геополитик болон эдийн засгийн хувьд аль нь ашигтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монгол Улс өргөн царигийн төмөр замтай. Төмөр замын бодлого бол улс орны ирээдүйг тодорхойлох, эдийн засгийн өсөлтийг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тусгаар тогтнол, аюулгүй байдалтай ч шууд холбоотой салбар. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрт тулгуурлан УИХ шийдвэр гаргах ёстой. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ төмөр замын царигаар мэргэшсэн хүмүүс биш. Мэргэжлийн хүмүүсийг үгийг сонсох хэрэгтэй. Ингэж байж шийдвэрээ гаргана.
-Таны хувьд төмөр замын нарийн царигийг дэмжиж байгаа юу?
-Энэ асуудлыг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр нухацтай ярилцаж байж шийдвэрээ гаргана. Одоогоор шийдвэрээ гаргаагүй байна.
Б.ДАВААТОГТОХ
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин