Энэ жилийн дэлхийн аваргад хүчирхэг байгаа Өмнөд Америкийн бас нэгэн төлөөлөл болох Парагвайн шигшээ баг торгуулийн цохилтоор Японы багийг хожсоноор анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарч, улсынхаа түүхэнд шинэ хуудас нэмлээ.
Претория хотын “Лофтус Версфельд” цэнгэлдэхэд болсон тун няхуур тоглолтын төгсгөлд Юичи Комано алдаж цохисноор Өмнөд Америкчууд торгуулийн цохилтоор 5:3 харьцаатай ялалт байгуулж, улмаар шөвгийн наймд Испани болон Португалийн багийн ялагчтай өрсөлдөхөөр болсон юм.
Дэлхийн аваргын бүхий л тоглолтын туршид Японы шигшээ багийн дасгалжуулагч Такэши Окада гарааны бүрэлдэхүүнээ огтхон ч өөрчлөөгүй бол хамгийн сүүлд Шинэ Зеландын багтай гоолгүй тэнцсэн Парагвайн дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт оруулсан байв. Карлос Бонет, Антолин Алкарез нар хамгаалалтад, Эдгар Бенитез, Лукас Барриос нар довтолгоонд, харин Нестор Ортигоза дундын шугамд гарч ирсэн юм.
Тоглолтын дөнгөж 30 дахь секундэд Азийн төлөөлөл болсон Японы шигшээ довтолгооны чадвараа харуулж, Ёшито Окубо 30 ярдын зайнаас хаалга руу цохисон бол удалгүй Комано мөн хаалга руу довтолж, Парагвайн хаалгачийг сандаргасан. Гэхдээ Хусто Вильяр бөмбөгийг аюулгүй болгож чадсан юм.
Гэхдээ түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд хөл тавихаар өрсөлдсөн хоёр багийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөх тавилантай байв. Хэдийгээр өрсөлдөгч багууд хэн хэн нь нэг бус удаа хүчтэй довтолгоог эхлүүлсэн ч амжилтгүй болсон юм.
Үндсэн цагт ч, нэмэлт цаг ч гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн тоглолтын дараа Жерардо Мартиногоор удирдуулсан парагвайчуудын торгуулийн таван цохилт бүгд байгаа оносон. Гэхдээ “Самурай”-чуудаас Юичи Команогийн цохилт хөндлөвч оносон нь тэдэнд том боломж олгосон юм.
Японы дасгалжуулагч ноён Окада дэлхийн аваргын хагас шигшээд шалгарна хэмээн ам гарч байсан ч ийнхүү хүсэл зорилго нь талаар болж, дэлхийн аваргын дэвжээн дэх Ази тивийн сүүлийн төлөөлөл нутаг буцахаар болж байна. Харин эсрэгээр шөвгийн наймд Өмнөд Америкаас дөрвөн баг шалгарлаа.
Парагвай ирэх ням гаригийн шөнө шөвгийн наймын тоглолтоо Йоханнесбург хотын Эллис парк цэнгэлдэхэд хийх бөгөөд шөвгийн наймын учраа нь тун удахгүй тодрох учиртай.
Парагвай 0:0 (5:3 пен) Япон /Лофтус Версфельд, Претория/
Гоол: Баррето O, Барриос O, Риверос O, Валдез O, Кардозо O
Эндо O, Хасебе O, Комано X, Хонда O
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ