Украин, Молдав, Гүрж гарын үсгээ зуржээ

Хуучирсан мэдээ: 2014.06.28-нд нийтлэгдсэн

Украин, Молдав, Гүрж гарын үсгээ зуржээ

Украин, Молдав, Гүрж ЕХ-той эвсэх гэрээнд гарын үсгээ зурцгаав

 

 

Европын холбоо Гүрж, Молдав, Украинтай эвсэх эдийн засгийн баримтуудад гарын үсэг зурах ёслол Брюссельд баасан гаригийн үдээс өмнө боллоо. Гэрээнд Гүржийн ерөнхий сайд Ираклий Гарибашвили, Молдавын ерөнхий сайд Юрий Лянкэ түүнчлэн Украины ерөнхийлөгч Петр Порошенко нар гарын үсгээ зурлаа. Европын холбооны дээд удирдлага, холбооны  28 орны төр засгийн тэргүүн нар гэрээнд гарын үсэг зуржээ.

"Бүх нийтийн цэцэглэлт нь ардчиллын зарчим, хүний эрхийг сахих, хуулийн дээдлэл зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурладаг” гэж ёслол дээр Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей хэлэв. “Одоо эдгээр орнуудад өөрчлөлт, шинэчлэлийн урт бөгөөд  эрчимтэй үйл ажиллагаа эхэлж байна” гэж Евро комиссийн тэргүүн  Жозе Мануэл Баррозу мэдэгдлээ.

 

 

Гүржийн ерөнхий сайд юу амлав

 

Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили “Европын холбоотой эвссэний бүх ашиг тусыг Өмнөд Осети ба Абхазад амаллаа. Тэрээр энэ тухайгаа гэрээнд гарын үсгээ зурсны дараа мэдэгдсэн юм. Европын гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болох мөрөөдөл Гүржид бий. Удалгүй хүсэл биелэнэ гэж найдаж байна хэмээн Гарибашвили хэллээ.

 

Европын замын эхлэл

"Эвслийн гэрээнд гарын үсэг зурсан нь Гүрж, Украин, Молдовын хувьд европын замын зөвхөн эхэлэл нь” хэмээн ёслолын арга хэмжээний явцад Еврокомиссийн дарга Жозе Мануэл Баррозу хэлэв. Үүнийг хэлэхдээ тэрээр төгсгөлийн агшин биш зөвхөн эхлэл гэдгийг сануулаад эдгээр орнуудын Европын холбоонд элсэх боломжийн  талаар чимээгүй өнгөрөв.

 

Европын холбоо Оростой хамтран ажиллахад бэлэн

 

Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпейн хэлснээр эвслийн гэрээ нь “ЕХ-ны  гуравдагч орнуудтай хамтран ажиллах  хамгийн амбицитай төсөл” ажээ. Энэ ёслол дээр тэр хэлэхдээ Европын холбоо нь Оростой хамтран ажиллахад бэлэн ба эвслийн гэрээний талаарх “бүх ойлгомжгүй зүйлийг саринуулахад” ч бэлэн гэжээ. Гэрээнд Орост хор хөнөөл болох зүйл огт үгүй. Тэр нь ирээдүйн цэцэглэлтэд чиглэгдсэн гэдгийг тэр онцолсон байна. Харин Оросын Гадаад хэргийн яам энэ гэрээ нь Оросын эдийн засагт хор хөнөөл үзүүлэх чадвартай гэж мэдэгдлээ. Оросууд энэхүү гэрээний улмаас өөрийн хөршүүдтэйгээ худалдаа эдийн засгийн харилцаагаа бууруулах хөнөөлтэйг санууллаа.

 

Дээр байгуулагдсан гэрээ нь гэрээнд гарын үсэг зурсан орнуудын парламент нь уг баримтыг баталсны дараа хүчин төгөлдөр болох ёстой.

 

ЛАВЛАХ: Европын холбоо ба Украины хоорондын эвслийн гэрээ

 

 

Гишүүн нь биш улстай байгуулсан Европын холбооны эвсэлдэх гэрээ нь улс төр, худалдаа, соёл, аюулгүй байдлыг бэхжүүлэх гэх мэтийн салбаруудад хамтран ажиллах хүрээг бий болгодог. Ийм гэрээний хууль эрх зүйг нь 1993 оны Европын холбооны тухай  хэлэлцээрт суулгаж өгчээ. Ердийнхөөр бол Европын холбоо нь эвсэлдэх гэрээг улс төр, эдийн засаг ба хууль зүйн салбарт заавал шинэчлэл хийх үүрэг хүлээлгэж байгаад байгуулдаг. Гэрэнд гарын үсэг зурсан орон Европын холбооны зах зээлд эсвэл заримд нь татваргүйгээр орох, санхүү, техникийн тусламж авах, тус холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг хөнгөлөлтүүдийг авдаг. Эвсэлдэх гэрээ нь Европын холбооны гишүүнчлэлийн асуудлыг харж үздэггүй, баримт нь бүх гишүүн орнуудын парламентаар батлагдсан байх ёстой.

 

Европын холбоо нь Украины тусгаар тогтнолыг 1991 оны  арванхоёрдугаар сарын  26-нд хүлээн зөвшөөрсөн юм. Өнөөдөр үндэс болж байгаа баримт нь 1994 онд гарын үсэг зурагдаад 1998 онд хүчин төгөлдөр болсон  Түншлэл ба хамтын ажиллагааны гэрээ юм. Тэр гэрээний дагуу Европын холбоо ба Украины хамтын ажиллагааны хороо байгуулагджээ. Хорооны хүрээнд янз бүрийн асуудлаар долоон дэд хороо ажиллаж байна. Яриа хэлцэл нь Европын холбоо ба Украины саммитаар сайд нарын болон улс төрийн захирлуудын төвшинд  явагддаг.

 

Украин 2002 онд хяналттай цагаачлалын дэглэмийг хөнгөвчилсөн “хөршийн тусгай статус” авсан байна. 2004 оноос хойш Европын холбоонд элсэх нөхцлийг бий болгох “Европын  интеграцийн замаар” гэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх болов. 2004 онд  эрчим хүч, тээвэр, хүрээлэн буй орчин, визийн дэглэмийн хөнгөлөлт зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх Европын холбоо ба Украин гэсэн төлөвлөгөөг Европын комисс хэрэгжүүлж эхэлжээ. 2007 онд визийн дэглэмийг хөнгөвчлөх гэрээг тэд хийсэн байна. 2009 оны тавдугаар сард Украиныг “Зүүний түншлэл” гэсэн олон талт хөтөлбөрт оруулжээ. 2011 онд Украин Европын эрчим хүчний хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн боллоо.

 

“Зүүний түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Европын холбоо ба Украин  чөлөөт худалдааны  бүс байгуулахыг чухалчилсан Эвсэлдэх гэрээг байгуулах тухай хэлэлцээрийг 2007-2011 онуудад явуулжээ. Украин эвслийн гэрээгээ 2012 оны гуравдугаар сард боловсруулаад “Зүүний түншлэл” саммит дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-29-нд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байсан. Гэтэл арваннэгдүгээр сарын 21-нд Николай Азаровын толгойлсон Засгийн газар эдийн засгийн хүндрэлийн улмаас гэсэн шалтгаанаар гэрээ байгуулах ажиллагааг зогсоосон байна. Тэр шийдвэр нь Украины улс төрийн хямралын эхлэлийг тавьсан юм. Евромайдан гэж нэрлэгдсэн эсэргүүцлийн хөддөлгөөн 2014 оны нэгдүгээр сард ширүүн мөргөлдөөн болон хувирав. Хоёрдугаар сарын сүүлчээр засгийг эсэргүүцэгчид хүчээр авчээ. Ингээд Арсений Яценюкийн толгойлсон “Ард түмний итгэлийн” гэдэг Засгийн газар Евроинтеграцийн чиг хандлагыг явуулна гэлээ.

 

Гуравдугаар сарын 21-нд эвсэлдэх гэрээний аюулгүй байдал, терроризмтай тэмцэх  асуудлууд ба улс төрийн харилцан ажиллагаанд хамаатай хэсэгт гарын үсэг зуржээ. Түүний дагуу асуудлуудыг Гадаад хэргийн сайд, шинжээчдийн төвшинд явуулж шийдвэрлэх юм. Гадаад бодлогын хүрээнд нь бүс нутгийн хямралыг зохицуулахад хамтран ажиллах мөн Украиныг иргэний болон цэргийн ажиллагааны Европын холбооны  хээрийн сургууль зэрэгт оролцуулах зэрэг заагджээ.

 

Эвсэлдэх гэрээний эдийн засгийн хэсэгт нь гарын  үсэг зурахаа  тус орны эдийн засгийн аж үйлдвэрийн бүсүүдэд сөрөг нөлөөтэй гээд түр хойшлуулсан байна. Украин түүнд гарын үсэг зурахаа зургадугаар сарын 27 гэж товлосон байжээ. Гэрээний эдийн засгийн хэсэг нь зах зээлд орох бололцоо, хөдөө аж ахуй, тээвэр, металлург, сансар, шинжлэх ухааны судалгаа, жуулчлал, бизнес, оюуны өмчийг хамгаалах зэрэг асуудлыг хамааруулсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж