УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тавьж байсан асуудлын хүрээнд мэдээллийг ил тод болгох ёстой гэсэн шаардлага тавьж, хуралдааныг орхин гарчээ.
Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Үндэсний аудитын газраас УИХ-д тодорхой мэдээллийг хийж байсан юм. Тухайлбал, төрөөс авто машин унах ёсгүй 222 төрийн албан хаагч бий болсон тухай, мөн зөвшөөрөлгүйгээр 100 гаруй данс нээсэн, гадаадын томилолтын зардлаа хэтрүүлсэн зэрэг үргүй зардал их байгааг онцолж зарим зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгснөө зарлаж байсан. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс авто машин унах эрхгүй албан тушаалтнуудыг тодорхой болгох, хууль зөрчин данс нээсэн төрийн байгууллагуудын мэдээллийг тодорхой болгож, хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгдсэн. Энэ дагуу шаардлагаа тавьж, хуралдааныг орхин гарчээ.
Мөн өнөөдөр 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан ч одоо хэр нь эхлээгүй байна.
Товлосон цагтаа чуулган хуралдаж чадахгүй байгаа нь дээрх цагт зарим байнгын хорооны хуралдаан давхацсантай холбоотой аж. Хэдийгээр цаг орой болж буй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийж, төлөвлөсөн асуудлаа хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл мөн байна
Г.ДАРЬ