Бисекс эрчүүд хамгийн сүүлд хөшигний цаана үлджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Бисекс эрчүүд хамгийн сүүлд хөшигний цаана үлджээ

Роберт Винн эхнэр Кристинтайгаа коллежид байхаа танилцсан. Роберт хөвгүүдийн клубынх, Кристин охидын клубынх байв. Харин харилцаанд ороод удаагүй байхдаа Роберт Кристинд өөрийн гэр бүл, найз нөхдөөсөө ч нуудаг нэг нууцаа дэлгэсэн. Үнэнийг хэлэхэд түүнд хялбар биш байв. Робертыг нэг л зовнингуй, үгээ хэлж ядаж байгааг анзаарсан Кристин түүнийг өвчтэй байгаа юм болов уу, эсвэл үхэх гэж байгаа юм болов уу гэж бодсон гэнэ. Харин Роберт түүнд “би бисекс” гэж хэлсэн гэж  энэ талаар сурвалжлага хийсэн “CNN” агентлаг дамжуулж байна.

Одоо 40 настай Роберт Винн, 41 настай Кристин Винн нар гаднаасаа яг л ердийн, аз жаргалтай хетеросекс (сексийн ердийн чиг хандлагатай) хосууд шиг. Тэд гэрлээд 18 жил болж байгаа. Роберт бусдад хүндлэгддэг эмч бөгөөд Филадельфи хотод сексийн өөр чиг хандлагатай хүмүүстэй ажилладаг. Кристин харин эмнэлгийн захиргааны ажилтан. Цаг хугацаа явахын хэрээр хосууд улам бүр хоорондоо ойртож бие биенээ ойлгодог болсон гэнэ. Гэхдээ ямар ч гэрлэлтэд гардаг шиг ялгаа тэдний хооронд бий бөгөөд тэр нь сексийн чиг хандлага. Кристин Винн шулуун буюу өөрийнхөө эсрэг хүйстнийг сонирхдог. Гэсэн ч тэр бисекс гэдгээ илэрхийлсэн нөхрийгөө ойлгож дэмждэг. “Үүнийг би хүлээн зөвшөөрөх ёстой зүйл гэж үздэггүй. Энэ бол түүний нэг хэсэг гэж би боддог. Яг л бусад зарим нөхрүүд оймсоо шалан дээр хаядаг, эсвэл хогоо гаргаж асгадаггүйтэй адилхан төрөлхийн”.

Нөхөр нь эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан татагддаг гэнэ. Тэрээр эсрэг хүйстнээ сонирхдог найз эрчүүдийнхээ нэгэн адилаар Анжелина Жолийг шохоорхохын хамт тэднээс ялгаатай нь түүний нөхөр Бред Питтэд бас харц унагадаг. Энэ нь хоёр ертөнцийн аль алиныг нь агуулсан аятайхан юм шиг санагдаж болох авч үнэндээ илүү төвөгтэй асуудал. Тэрээр байнга бисекс хүмүүсийн тухай хүмүүсийн нийтлэг төсөөллийг эсэргүүцэхэд хүрдэг. Хүмүүс бисекс хүмүүсийг завхай гэж боддог. Эрчүүдийг сонирхож байгаа нь гол асуудал. Бисекс гэж байгаа нь өнгөлөн далдлалт. Тэр үнэндээ гей бөгөөд бисекс гэж өөрийгөө болон бусдыг хуурч байгаа юм гэж зарим нь боддог. “Миний амьдрал ямар вэ гэдгийг өмнөөс минь бодчихсон тохиолдол маш олон байдаг. Үнэндээ намайг гей бөгөөд бусдад хэвийн харагдахын тулд эхнэр авсан гэж зарим нь боддог. Хүмүүс бисекс гэдгийг ойлгодоггүй. Хүйсийн хоёр гол чиг хандлагын голд нь үлдсэн над шиг ийм хүмүүсийг ойлгодог, дэмждэг байдал маш цөөхөн” гэж Роберт ярьж байна.

Өнгөрсөн тавдугаар сард “Gallup” төвөөс авсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын бараг 50 гаруй хувь нь ижил хүйстнүүдийн харилцааг байж болох юм гэж хүлээн зөвшөөрсөн байна. Харин тус судалгаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь романтик байдлаар татагддаг бисекс хүмүүсийн талаар асуулт байгаагүй байв. Энэ бол эсрэг хүйстнээ, эсвэл ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийн аль алинийх нь нэг их яриад байдаггүй тийм асуудал гэж судлаачид, адвокацийн бүлгүүд ярьж байна.

2005 онд АНУ-ын Өвчнөөс сэргийлэх, урьдчилан сэргийлэх төвөөс хийсэн судалгаагаар 15-44 насны хоорондох судалгаанд хамрагдсан эрэгтэй, эмэгтэй иргэдийн 1.8 хувь нь өөрсдийгөө бисекс хандлагатай гэж тодорхойлсон байна. Олон бисекс хүн өөрийнхөө талаар үнэн бодитой мэдээлэл өгөх дургүй тул Засгийн газраас явуулсан энэ судалгаа бодит байдлыг хэр тусгаж байгаа бол гэж хүмүүс эргэлзэж байна.

“Сүүлийн үед сексийн хандлагын талаар илүү их судалдаг болсон. Өмнө нь энэ асуудлыг чимээгүй дарахыг илүүд үздэг байсан юм. Түүнчлэн эмэгтэй хүмүүст бисекс гэдгээ зарлах нь илүү хялбар бололтой” гэж Кампус Прайд төвийн захирал Шейн Виндмейер ярьж байна. Жишээ татвал Lady Gaga, Lindsay Lohan, Anna Paquin нар өөрсдийгөө бисекс гэж ярьдаг. “Эмэгтэйчүүдийн бисекс хандлагыг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх шиг байна. Учир нь заримдаа эрчүүдэд энэ нь сонирхолтой, зугаатай санагддаг бололтой” гэж АНУ-ын Бисексийн институтын захирал Денис Пенн ярьж байна.

22 настай Бэн Пиерс саяхан коллеж төгссөн бөгөөд Массачусетс мужид амьдардаг. Тэр өөрийгөө бисекс хандлагатай гэж үздэг бөгөөд яагаад хүмүүс ийм байдлаа нуудаг вэ гэж гайхдаг. Бисексийн талаарх хандлагыг тэрээр 1960-аад оны арьс өнгөний үзлийн хандлагатай харьцуулж ярьж байна. Тухайн үед арьсны өнгө холилдсон хүмүүст хэцүү байсан. Түүний нэгэн адилаар шал өөр хоёр бүлгийн хооронд хавчигдсан хүмүүс бол бисекс гэж тэрээр тайлбарлаж байна.

Өнгөрсөн зуунаас эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүйсэнд зэрэг татагдах хэв шинжийг шинжлэх ухааны аргаар тодруулж эхэлсэн. 1920-иод онд сэтгэл судлаач Сигмунд Фройд бисекс хандлага бол хүний төрөлх чанар гэж тодорхойлсон онол гаргасан. Түүнээс хойш нэлээд хэдэн арван жилийн дараа Альфред Кинсей тухайн хүн эсрэг хүйстнээ сонирхдог уу, ижил хүйстнээ сонирхдог уу, эсвэл дунд нь уу гэдгийг тодорхойлох зургаан шатлалт хэмжүүр дэвшүүлсэн. Зарим нийгэм судлаачид дэлхийн улс орнуудад ялангуяа залуу үеийнхний дунд бисекс хандлагыг илүүтэй тэвчин хүлцэж байгаа талаар ярьдаг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж