Солонгос хөлбөмбөгчид цэрэгт мордох уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Солонгос хөлбөмбөгчид цэрэгт мордох уу?

Самба бүжгийн хөнгөн цоглог хэмнэл хөлбөмбөгийн фанатуудын уухай түрлэгээр солигдож, дэлхий нийтийн анхаарал Бразилийг онилоод 14 хонолоо. Өнгөрсөн шөнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний H, G хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн 16 баг бүрэн тодров. Тэдний дунд Азийн төлөөлөл багтсангүй.  

"Н" хэсэгт Белги, ОХУ, БНСУ болон Алжирын шигшээ багууд багтсан. Энэ хэсгээс шөвгийн 16-д багтах боломжтой солонгосчууд амжилттай тоглож чадалгүй нутаг буцлаа. Тэд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо хүчирхэг Белгийн эсрэг хийж, 0-1-ээр ялагдал хүлээснээр дэлхийн аваргыг өндөрлүүллээ. Белги хэсгээ гурван хожилтой итгэл төгс тэргүүлсэн бол Алжир хоёр хожил авснаар шөвгийн 16-д шалгарсан.

Солонгос хөлбөмбөгчдийг томоохон тэмцээнд амжилт гаргасан тохиолдолд цэргийн албанаас бүрэн чөлөөлдөг. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчдаа фэнүүд нь "хангалтгүй" үнэлгээг өгөөд байна. Маш муу тоглож байгаа тэднийг цэрэгт явуулах хэрэгтэй хэмээн үзэж байна. Учир нь тоглолтын эхнээс ОХУ-тай 1:1-ээр тэнцэж, Алжирт 4:2-оор хожигдсоны дараа солонгосчуудыг дэлхийн аваргад оролцох хэмжээний чадвартай тамирчид биш гэж гадаадын хэвлэлүүд бичиж эхэлсэн нь фэнүүдийнх нь уурыг хүргэсэн бололтой.

БНСУ-ын шигшээ баг хэдийгээр хэсгээсээ шалгарч чадаагүй ч ОХУ-ын хаалганд нэг, Алжирын хаалганд хоёр гоол хийж амжсан. Тэд энэхүү амжилтаараа 32 багаас 27-д эрэмбэлэгдсэн бөгөөд тэдний ард Иран, Япон, Австрали, Гондурас болон Камерун улсын шигшээ багууд бичигдсэн байна.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж