Уулзалтын тухай жиргээ

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Уулзалтын тухай жиргээ

Жиргээчид өчигдөр завгүй байлаа. Тэд хэдэн өдөр хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нүргэлсэн асуудалд ерөнхийлөгч анхаарал хандуулсан уулзалтыг онцлов. Юуг хэлж байгааг гадарлаж байгаа байх. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулгыг урьж уулзан, “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн нэгэн дугаарын агуулгаас яриагаа эхэлснийг өчигдөр олон нийт бүгд хүлээн авч үзсэн байх. Жиргээчид Ерөнхийлөгчийг эл асуудал цэг тавихыг хүслээ. Гэвч цэг тавихыг хүлээн зөвшөөрөхгүйгээр дараагийн дуусдаггүй өгүүлбэрээ эхлүүлчихгүй бол шүү дээ.  

Тэр нэвтрүүлэг гарсны дараагаас өргөн, нарийн цариг ашигтэй эсэх, харь цустан, гадны бодлогыг эрлийзүүд дэмжиж байна, Дамба бол урвагч, улсыг маань худалдах нь гэх зэргээр өнгөрөгч өдрүүдэд хангалттай шуурцгаасан. Нэг хэсэг нь зөвтгөж, нөгөө хэсэг нь буруутгаж. Найзууд муудалцаж, гэр бүлийнхэн хүртэл энэ асуудлаас болж хэрэлдээд амжсан гэнэ. Энэ нь жижиг мэт боловч цаагуураа гадаад бодлого, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, талцал хуваагдлыг өдөөхийн эхлэл болох байсныг ч үгүйсгэхгүй нь.

Ямартаа ч олон нийтийг талцуулсан энэ үйлдлээс болж Ерөнхийлөгчийн уулзалт болсныг буруутгахаас илүү зөвтгөж, дэмжигчид олон байлаа.  Өчигдөр, өнөөдрийн хувьд хамгийн олонтаа түгсэн жиргээгээр уулзалтын хоёр дүр Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын аль алиных нь жиргээ байв. Х.Баттулгын “Хөршөө л мууллаа гэх юм, түүхээ ярьсан даа уг нь. Түүхээ мартах юм уу” гэсэн жиргээ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Х.Баттулга гишүүнтэй уулзлаа. Захиалгат, нэр хаяггүй, хариуцлагагүй нэвтрүүлэг үүгээр эцэс болох ёстой” гэх үгс анхаарлын төвд байлаа.

Ингээд жиргээ цааш хөвөрлөө.

“Ерөнхийлөгч маань эв нэгдлийн бэлэг тэмдэг гэдгээ харууллаа…

Бид мууг нь муугаар, сайныг нь сайнаар ярих хэрэгтэй…

Хагаралдуулж боломгүй…

“Ерөнхийлөгч маань улсын "аав"-ын хувьд хэлэх үгээ ч харин сн хэлчих шиг боллоо”

“Ерөнхийлөгч Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлдгийн хувьд Баттулга сайдтай уулзахдаа том дуугарлаа даа. Иргэд үүнийг хүлээж байсан болов уу”

“Баттулга сайдыг юм хийх гэж зүтгэж байгааг бүгд ойлгодог, даан ч ноён нуруутай, зөв мэдээлэл, бас зөвлөгөө өгдөг туслахууд ховор юм шиг”

“Хэвлэл хүчтэй гэдгийг Ерөнхийлөгчийн уулзалт харууллаа. Бас хортой гэдгийг олон нийтийн хандлага харуулав, хариуцлага манайхаан”

“Ерөнхийлөгч энэ улсын эцэг шиг миний аав шиг зангарагтай байна”

 “Манай Ерөнхийлөгч аргагүй улсын эцэг хүн шиг сайхан цэг тавилаа, одоо эсрэг хөдлөөд явахгүй гээ масс хүлээж авахгүйг мэдэж байгаа байлгүй дээ”

“Аав ч сайхан хэллээ, хүү нь ч сайхан сонслоо… Бусад хэд нь бас өөр дээрээ татаж ойлгож чадвал боломжийн л өдөр боллоо. Хагаралдаж л болохгүй”

“Элбэгээ энэ удаад төрийн хүн шиг байж чадсан байна”

“Элбэгээ, Баттулга нь яах вэ, төр шиг төртэй л байгаа юм байна”  гэхчлэн жиргэжээ.

Мөн уулзалтын үеэр Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс ч шууд ишлэн түгээгчид олон байсан бөгөөд хүлээн зөвшөөрсөн, эсвэл дэмжихгүй байгаа үгсийнхээ талаар ярилцаж амжив.

Тухайлбал,

“Хөдлөшгүй үнэн бол Монгол улс ОХУ, БНХАУ-тай хөрш. Нэгийг муулж нөгөөг сайлах эрх бидэнд байхгүй”

“Фэйсбүүк, Твиттер ашиглаж буй иргэд нэр нүүр нь ил байж шүүмжлэх хэрэгтэй энэ бол наад захын хариуцлага" гэнэ шүү. Жиргээчид нүүрээ царайгаа, харуулаарай.

“Ц.Элбэгдорж: Олон нийтийн телевиз гэдэг бол маш хариуцлагатай ажил. Янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа нөхдүүд нэр усаа тавих хэрэгтэй”

“Хөршөө муу хэлдэг сайн хөршийн бодлого гэж байдаггүй…Ц Элбэгдорж”

Уг нь Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэсэн сэдвүүдээр улс төр хийж болдоггүйгэх зэрэг үгсийг жиргээчид онцолсон байлаа.  

Энэ удаагийн уулзалтан дээр Х.Баттулга гишүүн үг дуугараагүй нь, үүдэнд хүлээж байсан хэвлэлийнхэнд яриа өгөлгүй явсан нь зарим нэгэн жиргээчдийн хувьд “Баттулгыг яриулсангүй” гэх хардлага төрүүлсэн бололтой. Энэ тухай зарим нь сурагласан бол “Хэвлэлийнхнийг гаргасны дараа харилцан ярилцаж, уулзсан” гэх мэдээллийг ч зарим жиргээчид өгчээ.

Энэ сэдвийг тойрсон жиргээ өнөөдөр ч үргэлжилсээр л байна. Твийтерчдын өнөөдрийн "нэрийн хоол" нь яах аргагүй энэ уулзалт хэвээр байна.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж