Газрын тосны тухай хуулийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Газрын тосны тухай хуулийг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байсан ч хойшлууллаа.

Учир нь уг хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дахин хуралдах шаардлагатай юм байна, үүнийгээ ч байнгын хороонд уламжилсан аж. Гэвч хуваарьт өөрчлөлт оруулсан гэх шалтгаанаар дээрх байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж орж ирж, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардав. Тэрээр “УИХ-ын тухай хуульд зааснаар байнгын хороо долоо хоног бүрийн мягмар, лхагва гаригт хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдааныг пүрэв, баасан гаригт хуралдуулдаг дэгтэй. Дэгийг зөрчин, дуртай цагтаа байнгын хороо хуралдуулдаг болж байна. Газрын тосны тухай хуулийг ажлын хэсэг ярилцах шаардлагатай байгаа, ажлын хэсгийн зарим шийдээгүй асуудлыг байнгын хороогоор шууд шийднэ гэж юу байдаг юм. Энэ чинь маш чухал хуулийн төсөл, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Үүнийхээ оронд эрх баригч хүчин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг яагаад УИХ-аар хэлэлцэхгүй гацаагаад байгаа юм. Тэр УИХ-ын дарга чинь дэндэж буй юм биш үү, өөрийнхөө дураар сайдад хариуцлага тооцох асуудлыг хойшлуулдаг, дараа нь бүлэг нь завсарлага авдаг. Ингэж явсаар сар болох нь. Хуульд зааснаар сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ 14 хоногийн дотор багтаан шийдвэрлэх ёстой, өргөн барьснаас хойш. Гэтэл хаврын чуулганыг завсарлуулах нэрээр Н.Батбаярыг авч үлдэх нь л дээ” гэв. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар Газрын тосны тухай хуулийн төслийг яаран баталж болохгүй гэдэгтэй санал нэг байгаагаа хэлж, уг төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж байгаагаа мэдэгдсэн юм.

Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж