
Тэрээр шүүлтийн ямар нэг шинэ технологи нэвтрүүлэх тухай яриа байхгүй гээд ингэх нь тоглолтын уур амьсгалыг эвдэх болно гэж үзэж байгаа юм байна. ДАШТ 2010-ын шигшээ тоглолтын үеэр Английн хагас хамгаалагч Лэмпардын цохилтын дараа дээд хөндлөвчид ойсон бөмбөг хаалганы дотор талд ойгоод буцаж гарахад нь Германы хаалгач хурдхан барьж аван цөлсөн бөгөөд Уругвайн шүүгч нар энэ гоолыг хараагүй өнгөрөөсөн билээ.Тоглолтын дараа Германы хаалгач хэлэхдээ үнэхээр бөмбөг хаалганд орсон бөгөөд шүүгчийг төөрөгдөлд оруулахын тулд хурдхан бөмбөгийг барьж аваад өшиглөсөн гэдгээ хүлээжээ. Мөн Германы багийн дасгалжуулагч Иохим Лев Лэмпардын гоол аль ч талаасаа хүчин төгөлдөр байсан гэж хэлсэн байна.
Хэрэв энэ бөмбөгийг тооцсон бол хоёр бөмбөгөөр хожигдож байсан англичууд богинохон хугацаанд хоёр гоол оруулан тоглолтыг тэнцүүлэх байсан юм. Харин эцсийн дүндээ 1:4-өөр хожигдсон билээ. Харин Мексикийн хувьд эхний гоолыг хаалгандаа алдсан нь Аргентины довтлогч Тевезийн отон тоглолтыг Италийн шүүгчид олж хараагүйгээс болсон гэж үзэж байгаа юм. Үнэндээ ч энэ гоолыг отон тоглолтоос хийж байгаа бичлэг цэнгэлдэхийн гол дэлгэцээр хэнд ч харагдахаар давтан гарч байсан ч шүүгч нарт бичлэгийг шийдвэр гаргахдаа ашиглахыг хориглодог юм. Ингээд Мексикчүүд мөн л 1:3 гэсэн хол зөрүүтэйгээр хожигдсон байна. Хэрэв Блаттерийн ярьж байгаа зүйл биелэлээ олбол зөвхөн ирээдүйд болох томоохон тэмцээнүүдэд л хамаарах юм.
М.Наст