Бразилд болж буй 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд ээлжит нэгэн шуугиан дэгдсэн нь Уругвайн шигшээ багийн супер од Луис Суарез байлаа. Өнгөрсөн хоёр өдрийн туршид зуудаг, хаздаг гээд элдэв шүүмжлэлийн бай болсон түүнийг хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдөгч багийнхаа тоглогчийг хазсаных нь төлөө FIFA-гаас зохих шийтгэлийг нь оноолоо. Шийтгэл ёсоор Суарез олон улсын чанартай есөн тоглолт өнжиж, дөрвөн сарын турш хөлбөмбөгтэй холбоотой бүхий л арга хэмжэнд оролцох эрхээ хасуулав. Ингээд Уругвай ДАШТ-ийг цаашид Суарезгүйгээр үргэлжлүүлэхээр болсон бол түүний харьяалагддаг “Ливерпуль” зургадугаар сарын 25-наас эхлээд дөрвөн сарын хугацаанд Суарезгүй тоглох нь. Түүнчлэн Суарез 100 мянган швейцарь франк буюу 111 мянган ам.долларын торгууль төлж, аль ч цэнгэлдэхийн ногоон талбайн шугам давах эрхгүй болжээ. Гэхдээ Суарезийн хувьд FIFA-гийн шийдвэрийг давж заалдах эрхтэй, дээр нь шийтгэл үйлчлэх дөрвөн сарын хугацаанд багаа солих, солилцоо наймаанд оролцох эрх нь нээлттэй хэвээр үлдэж байгаа юм.
Өмнө нь хоёр ч удаа талбай дээр өрсөлдөгчөө хазаж байсан Суарез энэ удаад дэлхийн аваргын хэсгийн шатны Италитай хийсэн тоглолтын үеэр Италийн шигшээгийн хамгаалагч Кьеллинийг хазсан юм. FIFA-гийн зүгээс өнгөрсөн лхагва гаригт Суарезийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдөр /VI.26/ хэвлэлийн бага хурал зарлаж, шийдвэрээ албан ёсоор танилцуулсан байна.
Дэлхийн аваргын “үхлийн” гэгдэх D хэсгээс хоёроор шалгарсан Уругвайн шигшээ баг шөвгийн 16-гийн тоглолтоо Улаанбаатарын цагаар 29-ний шөнө Рио-де-Жанейро хотноо Колумбийн багтай хийнэ. Харин тэрхүү тоглолтоос эхлэн Суарезийн шийтгэл үйлчилж эхлэх юм.
FIFA-гийн сахилгын дүрэм ёсоор Суарезийн гаргасан үйлдэлд дээд тал нь 24 тоглолт өнжих, 24 сарын турш эрхийг нь хасах шийтгэл оноох заалттай аж. Өмнө нь Италийн шигшээ багийн тоглогч асан Мауро Тассотти 1994 онд Испанийн Луис Энрикегийн хамрыг хугалж, улмаар найман тоглолтоор торгуулж байсан нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хүнд шийтгэлд тооцогдож байв.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнөхөн өвдөгний мэс засалд орж, улмаар хэсгийн шатны эхний тоглолтыг өнжсөн Суарез Английн багтай хийсэн хэсгийн хоёр дахь тоглолтод дубль хийж, уругвайчууд 2:1-ээр ялалт байгуулсан билээ. Харамсалтай нь, өрсөлдөөний талбарт зүй бус үйлдэл гаргасныхаа төлөө ийнхүү эгзэгтэй үед шигшээ багаа орхих болж байна.
Б.БИЛЭГ