Харилцаа, холбооны тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Харилцаа, холбооны тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.06.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд хэрэглэгч үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгажээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс энэ үйлчилгээг нэвтрүүлээд байгаа аж.

 Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 55 нь буюу 83.3 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл таван өдрийн завсарлага аваад байсан юм. Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг завсарлагын хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны ажлын хэсэгтэй саналаа нэгтгэж төсөлд тусгах талаар АН-ын бүлэгтэй тохиролцсон. Иймээс тогтоолын төслийг хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй хамтад нь хэлэлцээд явах үүднээс энэ асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах саналтай байна гэдгээ хэлэв. Харин байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат цаг хугацаа шахуу байгаа тул асуудлыг хойшлуулахгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч Улсын Их Хурлын дарга З.Энхболд ажлын хэсэгт төслийг дахин нягталж ярих боломж олгох үүднээс тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ өдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасч байгааг мэдэгдлээ.

Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог бөгөөд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголын алт (МАК)” ХХК эзэмшдэг аж. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу уг төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031,2 сая ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар төр тус ордын 34 хувийн хувьцааг эзэмшихээр энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

  Харин Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд уг орд нь Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордод тавигдах шалгуурт хүрээгүй, төрийн хувь оролцооны 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг Засгийн газрын бонд гаргаж эзэмших боломж хязгаарлагдмал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт “төрийн зохицуулалтыг бүртгэл, зөвшөөрөл, хяналтын хувьд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг зохистой түвшинд байлгах” гэж заасан зэрэг үндэслэл, шалтгааныг иш үндэс болгон Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн агуулгаар тогтоолын төслийг өөрчлөх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж