Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд 100 тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд 100 тэрбумыг зарцуулжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 83.3 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд чөлөөт бүсийг хөгжүүлэхдээ зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээх биш хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зохицуулалтыг тусгаж өгчээ. Мөн хуулийн хүрээнд хил орчмын чөлөөт бүсийг бий болгох зохицуулалтыг тодорхой болгосон юм байна.  

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улсын төсвөөс өнөөдрийг хүртэл чөлөөт бүсийг хөгжүүлэхэд зориулж 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Гэтэл энийг чөлөөт бүс гэж нэрлэх жишиг болохуйц чөлөөт бүс байгуулагдсангүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа чөлөөт бүсийн хуулийн сул тал юу байв, шинэчилсэн найруулгын төсөлд өмнө тусаагүй байсан үзэл баримтлал юу вэ. Чөлөөт бүсийн өмчлөлийн хэлбэр нь ямар байх юм, нээлттэй байгаа юу.  Чөлөөт бүсийн тухай хуулийг уншихаар зөвхөн худалдааг дэмжсэн агуулга түлхүү байна. Чөлөөт бүсийг байгуулсан бусад улс орнуудын туршлагыг харахад чөлөөт бүсийнхээ дэргэд үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлсэн байдаг, энэ тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлдэг” гэлээ.

Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Хуулийн төсөлд чөлөөт бүсэд эрхлэх үйл ажиллагааны төрлийг тусгаж өгсөн. Түүнд үйлдвэрлэл, дэд бүтэц, үйлчилгээ худалдаа, банк санхүү, тааварт бооцоот тоглоом гээд олон чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжинэ. Тэр дундаа үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулбал эхний таван жилд нь татвараас чөлөөлөх зохицуулалт бий. Оруулсан хөрөнгө оруулалт шүүмжлэл дагуулдаг.  Гэхдээ бас оруулсан хөрөнгө оруулалт бүр үр ашиггүй биш, Хятадын талын хөнгөлөлттэй зээл аваад Замын-Үүд дэх чөлөөт бүсийн гуравны нэгийн ажлыг хийсэн. Урьд жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтдаа түшиглээд гадна дотны хөрөнгө оруулалт хийгдээд явахад чөлөөт бүс хөгжинө” гэлээ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох албаны хүний тайлбараар хуульд ямар үйлчилгээ эрхлэх вэ гэдгийг зааж өгсөн төдийгүй захирагчийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн, барааны гарал үүслийн гэрчилгээ олгох, газрын олголтыг хэрхэн хийхийг тодорхой болгосон юм байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хуулийн төслийг Засгийн газар эргүүлэн татаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлаж чөлөөт бүсийг хөгжүүлэх үзэл баримтлалаа  суулган оруулж ирвэл Чөлөөт бүс хөгжинө. Тийм менежмэнт бүрдээгүй цагт Чөлөөт бүс хөгжихгүй гэв.

Үүнтэй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санал нэг байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Чөлөөт бүсийг байгуулахад өмчийн хэлбэр нээлттэй байх, ингэхдээ хувийн хэвшил давамгайлж менежмэнтийг авч явах. Хоёрдугаарт, тээвэр ложистикийг дагуулж чөлөөт бүсийг байгуулах, мөн үйлдвэрлэлээ дэмжсэн, үйлчилгээгээ дэмжсэн хөгжлийн төвүүдийг байгуулах шаардлага байна. Ингэхдээ Монгол Улсын хөгжлийн бодлоготойгоо уях ёстой” ёстой гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд “Концессын хуулийг ашиглаж болохоор хувийн өмч давамгайлсан бүс байгуулахыг дэмжинэ. Эл асуудлыг байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүд маш тодорхой ярьсан ч харамсалтай нь байнгын хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтэд энэ бүхэн тусаагүй байна. Цаашид мэргэжлийн байнгын хороо үүнд анхаарах шаардлагатай. Яг одоогийн Засгийн газрын оруулж ирсэн хувилбараар төслийг дэмжих бололцоогүй байна” гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад олонхи гишүүн дэмжиж төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө УИХ-аас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжлүүллээ.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Засгийн газар “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах” гэснийг нэмэхээр энэ хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүдийн саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжсэн байна.

Харин хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийг хамруулаагүйн учир шалтгааны талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодруулахад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт жилдээ 13.9 тэрбум төгрөг төвлөрүүлдэг бөгөөд үүний 3.9 хувийг банкууд төлдөг. Уг нь аж ахуйн нэгжүүд илүү татвар оруулдаг, үүнийг цаашдаа анхаарч үзэх нь зүйтэй юм билээ. Гэхдээ байнгын хорооны гишүүдээс энэ талаар бичгээр зарчмын зөрүүтэй санал гаргаагүй учраас санал хураалт явуулаагүй гэв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.6 хувь нь байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бол 56 гишүүний 31 нь буюу 55.4 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжсэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж