Цагаан будааны үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Цагаан будааны үнэ тогтвортой байна

Энэ сарын 25-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ. Ингээд хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг дэлгэрэнгүй хүргэж байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул мах 1.5 хувь, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, ямааны махны үнэ 7.3 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 1.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй, ямааны махны үнэ 0.4 хувиар өссөн байна.

Мөн өчигдрийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7530 төгрөг, үхрийн /ястай/ мах 8635 төгрөг, үхрийн цул мах 10565 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 6-р сарын 25-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 9.2 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 5.6 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээд зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ 3.3 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 8.4 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 3.0 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 25-ны байдлаар цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 25-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 46.0 хувь, төмсний үнэ 3.2 хувь, байцааны үнэ 3.5 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 3.8 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 25-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 10.9 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.8 хувиар буурч, задгай сүүний үнэ 0.4 хувиар өссөн байна, өмнөх 7 хоногийнхоос , савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.6 хувиар буурсан бол, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.          

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 11.1 хувиар өссөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж