Эр хүн биеэ голдоггүй

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Ийм нэг үг байдаг даа. Бодвол эмэгтэйчүүдийн өгсөн дүгнэлт байх. Ер нь бол эр хүн ч гэлтгүй, эм хүнд ч гэсэн өөрийгөө үнэлэх үнэлэмж, биеэ тоох сэтгэл байх ёстой. Гэхдээ тэр нь хэрээсээ хэтэрвэл нөгөө “саваагүй нохой саранд хуцах” гээч болно биз дээ. Тийм болохоор хэрээ мэдэж, бяраа тань аа гэж сайхан үг байдаг.

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр нэг ийм зүйл болов. Уг хуралдаанаар Хүнс хөдөө ах ахуйн сайдаар томилогдсон Ш.Түвдэндоржийн оронд Хууль зүйн байнгын хорооны даргыг шинээр сонгох ёстой байлаа. Ардчилсан намын бүлэг уг асуудлаар хуралдаад Д.Ганбат гишүүнийг сонгохоор бүлгээсээ нэрийг нь дэвшүүлээд байгаа. Гэвч өмнөх удаагийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Д.Ганбатын эсрэг Ж.Батзанданг нэр дэвшүүлснээс болж Байнгын хорооны даргын томилгоо одоо хүртэл хийгдээгүй байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Ж.Батзандан гишүүн хэвлэлийн бага хурал зарлаж, “Ардчилсан нам шударга бус байна. Миний нэрийг ч гэсэн хамтад нь дэвшүүлж байж шударга өрсөлдөөн бий болно. Хэрвээ тэгэхгүй бол би Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хүртэл явна. Манай нам ардчилсан биш, анархи болсоны жишээ энэ” гэх мэтчилэн мэдэгдэл хийсэн билээ. Хаа байсан МАХН-ын О.Баасанхүү өөрийнх нь “шид”-ийг олж харчихаад байхад Ардчилсан нам гишүүнийхээ потенциалыг үл тоов хэмээн айлгасан нь тэр.

Гэвч өчигдөр хуралдсан Байнгын хорооны хуралдааны өмнө Ардчилсан намын бүлэг дахин хуралдаж, “За Батзандан минь. Олон хүн нэр дэвшүүлж саналаа хуваахгүй шүү. Дахиад нөгөө МАН-ынхаа идэш болохын цондон. Тиймээс бүлгээсээ нэр дэвшсэн Д.Ганбатыгаа дэвжээд явчихья” хэмээн баахан ятгасан аж. Тэгээд Байнгын хорооны хурал эхэлж, Д.Ганбатын нэр дээр санал хураалгах болоход Ж.Батзандан гишүүн яаран микрофон шүүрч, “Би нэг үгээ хэлээдэхий” хэмээн хуралдаан зохион байгуулагчаас зөвшөөрөл хүсчээ. Намынхан нь ч гэсэн “За овоо доо, одоо нэг зөв ярих нь” хэмээн чихээ тавьж суутал мань шударга ёс мос ярьж, баахан тойруулж байснаа телевизийн камер хараад гэнэт царай нь хувирч, “Ер нь би Байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлнэ” гэх нь тэр. Мань хүний гэнэтийн энэ хувирлыг хараад намынхан нь байтугай МАН-ын бүлгийнхэн хүртэл амаа ангайн хэсэг “шок”-онд орсон. Тэгээд эцэст сэхээ орж, энэ сайхан завшааныг ашиглалгүй яахав, санал хураах болоход МАН-ын гишүүд “Ингэхэд бид хэнд нь санал өгөхөө мэдэхээ больчихлоо. Танайхан нэг л хүн нэр дэвшүүлнэ гэсэн биз дээ. Хоёр хүн нэр дэвшиж байгаа юм бол бид энэ асуудлаар дахин хуралдаж, шийдвэрээ гаргана” гээд завсарлага авчихав. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж, үгүй мөн “лайтай”  нөхөр шүү. Хаа явсан газраа л намаа ч, найз нөхдөө ч хорлож явах юм даа.

Б.АМУР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж