“Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв”, “Ану хатан” киноны ерөнхий зураглаачаар ажилласан Д.Ангараг зургийн найруулагчийг монголын кино урлагийн энэ цаг үеийг тодорхойлж байгаа авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг билээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард болсон 86 дахь удаагийн “Academy awards” наадмын бүх арга хэмжээнд оролцоод ирсэн гэдгийг кино сонирхогчид маань андахгүй болов уу.
Зургийн найруулагч Д.Ангараг Холливудын нэгэн бүтээлийн продюсер, зургийн найруулагчаар ажиллахаар болсон байна. Тэрээр 2013 оны аравдугаар сард болсон Америкийн кино зураглаачдын холбооны урилгаар мэргэжлийн кино зураглаачдын сургалт, семинарт оролцож байх үеэрээ “Precious” киноны төсөл дээр ажиллахаар болсон аж. Түүний Оскарын шагнал гардуулах ёслолд оролцсон нь тус төслийг бодитой болгоход нөлөө үзүүлжээ. Сонирхуулахад “Precious” буюу сэтгэхүйн драм жанрын дэлгэцийн бүтээлийн ажлаар тэрээр тун удахгүй АНУ руу буцах юм байна.
Түүний тус бүтээлийн ажил нь Холливудад манай уран бүтээлчид өөрсдийн гэсэн нэгэн том орон зайг бий болгож байгаа томоохон ажил гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Э.ТЭКҮ