Олон улсын хөрөнгө оруулагчид хэдхэн зүйлийг шаарддаг бөгөөд үүнд хамгийн эхэнд мэдээж тогтвортой байдал голлох байрыг эзлэнэ. Монгол шиг ардчилсан, аливаа үндэстний болон шашин хоорондын дайн самуунгүй, харьцангуй тайван орчинтой улс орны хувьд энэ бол асуудал биш баймаар ч бид сүүлийн жилүүдэд бараг л хоёр жил тутамд уул уурхайн бодлогоо ямар нэг хэмжээгээр сольсоор байгаад хөрөнгө оруулахад хамгийн төвөгтэй, найдваргүй орнyyдын нэгээр нэрлэгддэг болчих гээд байгаа нь бодит байдал юм. Улс орнуудын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж зээлжих эрхийнх нь үнэлгээг гаргадаг Moody’s-ийн рейтинг эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах болон бизнэс эрхлэхэд таатай байдлаар нь жагсаадаг “Дэлхийн банк”-ы жил бүрийн судалгааны үр дүн зэргээс хархад сүүлийн хэдхэн жилд манай улсын эрэмбэ огцом доошилжээ.
Ардчллын рейтингийн 10 оноог бүгдийг нь авч Өмнөд Солонгосын урд ордог Монгол улс яагаад өөрөөсөө мөнгө зyгтаалгаад, хөрөнгө оруулахад хамгийн найдваргүй орнуудын нэгд нэрлэгдэхэд тулаад байна вэ? Яагаад бид олборлох салбарт баримталдаг бодлогоо ойр ойрхон сольж хавь ойрын хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийнхээ үйлийг үзээд байна вэ? Хэн үүнд буруутай вэ? Яаж үүнийг залруулах ёстой вэ?
Монгол Улс “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” (ОҮИТБС)-ыг 2006 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар шаардлага хангасан орон гэсэн сататустай болж долоо дахь тайлангаа хэвлүүлж олон нийтэд хүргэх гэж байна. ОҮИТБС бол нэг талаас компаниудын улсад төлсөн бүх татвар хураамж, шимтгэлээ олон нийтэд тайлагнаж байгаа хэрэг. Нөгөө талаас Засгийн газар хүлээж авсан татвар, хураамж, ашиг зэргээ тайлагнасныг ТББ хөндлөнгөөс нэгтгэх явцдаа хянаж Олон улсын нэр хүнд бүхий аудитийн байгууллагуудаар баталгаажуулж талууд энэ салбарын мэдээллийг олон түмэнд хүргэх зорилготой өдгөө дэлхийн уул уурхайн үйлдвэрлэл ихээр явагдаж байгаа 40 гаруй орон нэгдсэн олон улсын сайн дурын санаачлагын байгууллага юм. Засгийн газар, компани, иргэний нийгэм гурав буюу сонирхлын бүлгүүд тус бүрдээ мэдүүлж үр дүнг нь хамтран гаргасан энэ тайлангаас бид Монгол улсын олборлох салбарын ерөнхий дүр зургийг олж харж болохоос гадна дээрх гурван тал хэр зэрэг санаачлагатай оролцож байгааг тоймлон дүгнэж болох их ач холбогдолтой тайлан юм.
Монгол улсын жил жилийн тайлангуудын аудитийн дүгнэлт дээр тодорхой бэрхшээлтэй асуудлуудыг хөндөж тавьсан байх юм. Ялангуяа оролцогч талуудын идэвх, санаачлага, мэдээллийг ил тод бодтой болгох тал дээр зарим үед итгэхэд бэрхшээлтэй гэмээр хариуцлагагүй, хойрго хандсан нь илэрхий харагдах ажээ. Эхний жилүүдэд алдаа оноотой ч харьцангуй ач холбогдол өгч байсан нь ажиглагдах бөгөөд жилээс жилд энэ тайланд оролцогч талуудын идэвх суларсан, тэр дундаа үүрэг чиглэлийн хувьд ч, мэдээлэл төвлрүүлэх, түүнийг боловсруулах чадварын хувьд ч энэ тал дээр хамгийн идэвх санаачлагатай, манлайлан оролцох учиртай Засгийн газрын харъяа агентлагуудын хандлага эрс суларчихсан байх юм. Мөн тайланд оролцогч компаниуд мэдээллээ өгөхдөө хойрго, үл тоосон, энэ тайлангийн ач холбогдлыг бүрэн ухамсарлаж, үр дүнг нь хүртэнэ гэдэг ойлголтгүй зөвхөн Засгийн газрын ажил мэтээр ханддаг аж. Харин ТББ-ын зүгээс шахаж шаардах олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах ажлуудаа хийхгүй орхигдуулсан зөвхөн мэргэжлийн холбоодын хүрээнд үйл ажиллагаа нь хязгааралагдсан байдал ажиглагдлаа. Үндэсний зөвлөл нь жилдээ хоёр удаа хуралдаж зөвхөн сонсох, батлах хоёрхон ажил хийдэг. Ингэхдээ урд жилүүдийн тайлангийн дүгнэлт зөвлөмжүүдийг биелүүлж гүйцэтгэх талаар анхаараагүй зэргийг нь харахад ил тод байдлыг дээшлүүлэх, иргэдээ ойлголттой болгох, түүгээр дамжуулж салбрын зөв засаглал хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар идэвх чармайлтгүй байгаа дүр зураг харагдав. Жил жилийн аудитийн зөвлөмж дээрх зайлшгүй анхаарч, үр дүн гаргах шаардлагатай зөвлөмжүүдээс бараг ёс юм шиг “Өмнөх жилийн тайлангийн зөвлөмжүүд хэрэгжээгүй” гэсэн мөр уншигдах ажээ.
үргэлжлэл: daimka07.blogspot.ca