УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.50 цагт эхэлж, үдээс өмнө хэлэлцэж байсан Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дахин асуудлыг нягтлах шаардлагатайгаа хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт эл асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед тус бүлэг тав хоногийн завсарлага авч байсан юм. Гэвч дахин асуудлыг нягтлах хүсэлт байгаагаа хэлж, харин тус төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Ганбат “МАК –ийн хувьд асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүссэн. Ийм байтал хойшлуулж байгаа нь зохисгүй” гэв.
Харин УИХ-ын дарга УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тавьсан хүсэлтийг ёсоор болгон, энэ өдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас тус төслийг хасч буйгаа мэдэгдэв.
Одоо тус хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Г.ДАРЬ