Европын холбооны саммит эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Европын холбооны саммит эхэллээ

Фото: EPA/ANJA NIEDRINGHAUS/hh

 

Европын холбооны саммит Брюссель хотноо энэ пүрэв гаригт нээгдэн шинэ удирдлага ба Украины талаар ярилцана.

 

 

Саммитийн ажлын гол нь баасан гаригт явагдана. Тэр өдөр Молдав, Гүржтэй  эвсэх гэрээнд мөн Украинтай эвслийн гэрээний эдийн засгийн  хэсэгт нь гарын үсэг зурсан ёслолоор эхэлнэ. Дараа нь түнш орнуудын лидерүүдгүйгээр ЕХ нь Украины  асуудал ба Орост эдийн засгийн шинэ хориг арга хэмжээг авах эсэхийг ярилцана.  Европын холбооны аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт зэрэг ч тэнд хэлэлцэгдэнэ. Үүний зэрэгцээ Литваг евро мөнгөний бүсэд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хамруулах эцсийн  шийдвэрийг саммит гаргана.

 

Хаалттай хуралдаан

 

Европын холбооны 28 орны лидерүүд энэ пүрэв гаригт уламжлалын дагуу Европын зөвлөлийн "Юстус Липсиус" гэдэг ордонд цугларахгүй тэд Бельгийн Ипр  хотод цугларч Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсний 100 жилийн  ойн арга хэмжээнд оролцох юм. Анх дайнд химийн зэвсгийг Ипр гол дээр хэрэглэсэн байжээ.

 

 

Валют, санхүү эрхэлсэн шинэ еврокомиссараар финнийн  Юрки Катайнен тодорч байна

 

Саммитийн эхний өдрийн ажил төр, засгийн тэргүүн нарын албан ус оройн зоогоор өндөрлөнө. Тэр нь Ипр хотын захиргааны байранд хаалттай дэглэмээр явагдах ажээ. Саммитаар ЕХ-ны  ойрын таван жилийн тэргүүлэх чиглэлүүд яригдана.

 

Еврокомиссийн шинэ бүрэлдэхүүнийг  бүтээх ажил  гэж байгаа. Үүний тулд лидерүүд Европын холбооны гол албан тушаалд нэр дэвшигчдийг  тодруулж өгөх ёстой. Энэ асуудал л өнөөгийн саммитийн чухал зорилт юм.

 

Еврокомиссийг хэн толгойлох бол?

 

Еврокомиссийн дарга Жозе Мануэл Баррозу-г  2014-2019 онуудад орлох  гол нэр дэвшигч нь Люксембургийн экс-ерөнхий сайд Жан-Клод Юнкер.  2009 оны Лиссабоны гэрээний дагуу Еврокомиссийн даргыг сонгохдоо “Европарламентын сонгуулийн дүнг авч үзнэ” гэж заасан байгаа. Гэхдээ тэр баримтад үйлдлийг нарийн заагаагүй.

 

Европарламентын шинэ бүрэлдэхүүний томоохон жигүүр болох Ардын намынхнаас Юнкер нэр дэвшиж байгаа ба түүнийг Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероноос бусад  лидерүүд дэмжиж байна. Дэвидийн хувьд “евро мөнгийг бүтээгчдийн нэг” Юнкер нь “хуучинсаг, Их Британид найрсаг бииш ЕХ-г  төлөөлж байгаа  гэнэ. Харин түүнийг томилуулахгүй байх нөлөө Кэмеронд байна уу гэсэн асуудал нээлттэй үлдээд байна.

 

Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпейн залгамжлагчаар томилогдож магадгүй хүн нь социал демократуудын төлөөлөгч Данийн ерөнхий сайд Хелле Торнинг-Шмитт болж байна. Европдаа их алдартай байгаа нь  түүнд ашигтай болж байна. ЕХ-ны лидерүүд дээд тушаалууддаа тивийн географийн янз бүрийн бүсийн эрэгтэй эмэгтэйчүүдийн тэнцвэрийг барих эрмэлзлэлтэй нь бас тэр нэр дэвшигчид тус болох нь дамжиггүй.  Торнинг-Шмитт  өөрөө Данийн  Засгийн газрын тэргүүнээр үлдэхийг илүүд үзнэ гэдгээ хэд хэдэн удаа хэлсэн байгаа. Энэ саммитаас шууд санал авбал тэрээр санаа бодлоо өөрчилж  магадгүй юм. Мөн энэ тушаалд Италийн ерөнхий сайд асан Энрико Летта өрсөлдөх хүний нэг болно.

 

Европын холбооны гадаад бодлогын газрын дээд комиссар Кэтрин Эштоныг Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский эсвэл Голландын сайд Франс Тиммерманс хоёрын аль нэг нь солин гарах магадлалтай байна.

 

Европарламентын тэргүүний хувьд бол өнөөгийн дарга Мартин Шульцийн мандатыг сунгах бололцоо байгаа. Үүний төлөө Герман  зүтгэж байна. Ер нь бол даргын бүрэн эрхийн хугацаа нь 2,5 жил учраас Шульц  өөрийн залгамжлагчаа олох л хэрэгтэй байгаа. Шульцийг 2017 оноос хойш  солин гарч ирэх нэр дэвшигчдийн тоо цоонгүй,  Либерал жигүүрийн лидер Бельгийн ерөнхий сайд асан  Ги Верхофстадт хамгийн өндөр магадлалтай.

 

ЛАВЛАХ: Европын холбоо гэж юу вэ?

 

 

Европейын холбоо (Еврохолбоо, ЕХ; European Union, EU)  нь Европын орнуудын эдийн засаг-улс төрийн томоохон нэгдэл юм. Түүний урьдатгал болох Европын чулуун нүүрс, болдын нэгдэл нь 1951 онд байгуулагджээ.  Гол зорилго нь аж үйлдвэрийн сэргээн босголт ба нүүрс, металлургийн салбаруудад ажлын  байрны асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн зах зээлийн бий болгох явдал байв. Францын санаачлагаар, Европын зураан орон (Франц, ХБНГУ, Бельги, Нидерланд, Люксембург, Итали) энэ холбоонд нэгдсэн байлаа. Тус холбооны парламентыг 1952 онд байгуулсан ба тэр нь 1962 оноос Европын парламент гэж нэрлэгдэх болсон байна. Мөн шүүх байгуулсан нь 1993 оноос Европын шүүх  нэртэй болов. Европын чулуун нүүрс, болдын нэгдэл нь 1957 оны гуравдугаар сарын 25-нд Ром хотноо Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг  (ЕЭЗХН), Цөмийн эрчим хүчний хамтын нийгэмлэг  (Евратом) байгуулах гэрээнд гарын үсгээ зурсан байлаа. Дээрх байгууллагууды удирдлагыг нэгтгэсэн Европын хамтын нийгэмлэг  гэсэн шинэ бүтэц 1967 онд үүсээд дээд удирдлагын Европын зөвлөлийг төр засгийн тэргүүн нарын төвшинд 1974 онд бий болгожээ.

 

Маастрихийн гэрээ гэгдэх Европын холбооны гэрээг 1992 онд байгуулсан байв. Уг баримтаар  эдийн засаг ба валютын холбоог байгуулах, аюулгүйн болон гадаад бодлогын  нэгдсэн системд шилжихийг заасан байлаа. Тэр баримт 1993 оны арваннэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор, тус байгууллага нь Европын Холбоо гэсэн өнгийн нэрийг авчээ.

 

Тухайн үедээ 1985 ба 1990 онуудад гарын үсэг зурагдсан Шенгений гэрээ нь 1995 оноос хойш хүчинтэй болжээ. Тэр гэрээний дагуу, Шенгений бүсэд ЕХ-ны гишүүн Их Британи, Ирланд, Кипр, Болгар, Румын, Хорват  мөн холбооны гишүүн биш  Исланд, Норвеги, Швейцари, Лихтенштейн зэрэг орнууд мөн холбооны гишүүн 22 орон хамаарагддаг ба холбооны дотор хилд визийн хяналтыг цуцласан байгаа.

 

Европын  Төв банк 1998 онд байгуулагдав. Уг банк ньхолбооны нэгдсэн валютын бодлогыг тогтоон хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Евопын валют евро мөнгөний бэлэн биш мөнгөний  гүйлгээ 1999 онд хэрэгжиж эхлэв. Мөн тэр онд Эдийн засгийн ба валютын холбоо нь байгуулагджээ. Евро мөнгө 2002 оноос бэлэн мөнгөний гүйлгээтэй болсон байна.  Одоо энэ валют нь 18 оронд  хэрэглэгдэж байна.

 

Лиссабоны гэрээг 2007 оны арванхоёрдугаар сард байгуулж, тэр нь 2009 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Уг гэрээний дагуу ЕХ нь евро бүсийн гишүүн орнуудын эдийн засгийн бодлогыг зохицуулах, эрчим хүчний нэгдсэн бодлогыг явуулах  эрхийг Европын холбоонд олгосон байна. Холбооны гишүүн орнуудын иргэд нь өөрийн иргэншэлэл дээр Европын холбооны иргэн гэсэн статусыг нэмэн авлаа. Шинэ гэрээгээр,  тус байгууллагаас гарах, боломжийг өгсөн ба удирдлагын шинэлэлийг хийсэн байна. Европын зөвлөлийн даргын суудлыг 2009 онд бий болгосон  ба тэр тушаалд нь бүх гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалтаар хүн томилдог. Даргын бүрэн эрхийн хугацаа нь 2,5 жил бөгөөд тэрээр холбоог олон улсын уулзалтуудад төлөөлдөг. Одоо энэ тушаалд Херман Ван Ромпёй (Бельгия) байгаа. 2011 оны нэгдүгээр сараас тус холббоны Гадаад яам болох Гадаад үйл ажиллагааны алба бий болон ажиллаж байна.

 

Гүйцэтгэх болон хууль тогтоох засгийг нь Европын холбооны зөвлөл гардан явуулдаг. Даргыг нь ротацийн зарчмаар нэг улс зургаан сарын хугацаанд гүйцэтгэдэг. Засгийн газрын ажлыг нь Европын комисс явуулдаг ба Европын парламент нь хууль тогтоох байгууллага нь юм.

 

ЕХ-ны ихэнх институци нь Брюссель хотод байрладаг. Люксембург, Страсбургт зарим байгууллага нь ажиллана. Холбооны бүх бичиг баримтыг ажлын 23 хэл дээр үйлддэг.

 

Европын холбооны түүхэнд долоон удаа өргөжсөн  хэрэг явдал байдаг. Анхных нь 1973 онд хийгдэж, тэр үед Их Британи, Дани, Ирланд холбоонд элсчээ. Хамгийн сүүлд Хорват ЕХ-д нэгдсэнээр 2013 өргөжив. Одоо ЕХ нь 28 гишүүн оронтой.

 

Европын холбоо 2012  онд Нобелийн энх тайвны шагналаар шагнагдав. “Европт хүний эрх, ардчилал, эвлэрэл, энх тайвны хэргийн төлөөх жаран жилийн зүтэлийнх нь төлөө” гэж Нобелийн хорооны шийдвэрт өгүүлсэн байлаа.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж