УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалтад хийсэн аудитын тайланг хэлэлцэх үеэр цөөнхийн бүлгийн гишүүд ихэд дуулгавартай сууж, ганц үг ган хийгээгүй аж.
Цөөнх болсон үеэс дуугүй сууж үзээгүй цөөнхийн бүлгийн гишүүд энэ өдрийн байнгын хорооны хуралдаанаар нам жим суусан нь хэлэлцсэн асуудалтай нь холбоотой бололтой. Засгийн газрыг тэргүүлж байх үеийнх нь ажилд холбогдолтой “но”-нууд илрэх вий гэхээс яс нь хавталзаж байсан ч юм уу, бүү мэд.
Ямартай ч, өмнөх Засгийн газрын үед “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болж, “Аморе интернэшнл“ ХХК, ОХУ-ын “Сибтерио” компанийн түншлэлийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон байна. Нийт 16 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эл төслийн хүрээнд “ДЦС-2” ТӨХК-ийн хоёр зуух шинэчлэхээс нэг зуухыг энерги технологийн төхөөрөмж болгох ажлыг хийсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ширхэг ч түлш үйлдвэрлээгүй гэж байгаа. Учир нь анхнаасаа практикт нэвтрээгүй, туршилтын шатандаа байсан технологийг үйлдвэрлэлд ашиглах шийдвэр гаргасан нь хамгийн том алдаа болсон бололтой. Түүнчлэн цахилгаан станцын нэг зуухыг Төрийн өмчийн хорооны шийдвэргүйгээр хувьчилсан “но” ч аудитын шалгалтаар илэрсэн юм байна.
Мөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээгүй уг төсөлд яагаад 14 тэрбум төгрөгийг шилжүүлсэн юм бэ гэх их мөнгөний асуудал сөхөгдөхөөр амаа үдүүлсэн номхон сууцгаасан гэнэ шүү.
Д.ШАРХҮҮ