Болох ёстой зүйл болдгоороо боллоо. Г.Сарангэрэл гэгч охин хорих ангиас гараад гэртээ ч очилгүй ТВ-д ярилцлага өгч, Хууль зүйн сайдын “булайг дэлгэв”.
Ийм зүйл болно гэдгийг логик дарааллаар сэтгэдэг хэн ч урьдчилан таамаглана. Энд сэтгүүлчийн “гавьяа”-ны тухай яривал гэнэн болно. Ийм зохиомжоор хийсэн “түүх” дэлхийн улс төрд наяараа байгаа. Бид л юм үзээгүйгээрээ шогширч гүйгээд байгаа болохоос биш. Хэн нэгэн улстөрчийг секс скандалд холбох нь хамгийн үр дүнтэй “алах” арга гэдгийг олон удаа нотолсон. Хөрөнгө мөнгө идсэн бол маш амархан зайлуулна. Авлига хахууль бас амархан. За тийм зүйл олдохгүй бол сонгодог хувилбар секс хэрүүл.
Нэг их олон жишээ дурьдаж хол явалгүй хоёр нэгийг хэлэхэд Францын Ерөнхийлөгчид өрсөлдөхийг оролдож нам авахуулсан Страсс Кан байна. Зочид буудлын өрөөнд хүн хүчиндэхийг оролдоод гавлуулаад явдаг, санаж байна уу. Хэвлэлүүд галзуурсан юм шиг шуугиж, хэдийгээр ганц нэг нь болох гэж байгаа сонгуулийн талаар сануулахыг оролдсон ч нэмэр болоогүй. Үүнийг бичигч хүртэл үнэмшиж, “Ийм өндөрлөгт хүрсэн хүн ингэж байхаар францууд ч дүүрсэн хүмүүс юм” гэж бодож байлаа. Одоо хэрэг явдлыг эргээд харахад инээд ч хүрэх шиг. Сонгууль дууслаа хэрэг дууслаа.
Нэмээд ОХУ-ын Ерөнхий прокурор асан Скуратовыг хэлж болох юм. Улс орныг нь донсолгосон гэмт хэргүүдийн асуудлыг шийдэх процесст нөлөөлөхөөр түүнийг зайлуулсан нь хэнд ч ойлгомжтой байсан. Тохироонд орохгүй бол зайлуулахаас өөр аргагүй. Түүний хүүхнүүдтэй саунд наргиж байгаа видео хэн нэгний гар хөлөөр л бий болж, хамгийн мундаг ТВ-ээр анх цацагдсан нь ойлгомжтой. Үр дүнд нь хэний ямар луйвар хаагдаад өнгөрснийг хэн ч мэдэхгүй.
Монгол загварын хувьд бол бас л сайн явж байна. Хууль зүйн сайд "Нэгэн найзынх нь танил маягаар хуулийн зөвлөгөө хүсээд, түүнээс хойш утсаар залгадаг, яаман дээгүүр ирдэг болсон, би ямар учиртайг мэдэж байсан” гэсэн утгатай ярилцлага өгсөн. Өөрөөр хэлбэл өгөөшөөр ашиглаж байжээ, хүний нялх үрийг. Түүнээс манай цагдаагийнхан маш мундагаар гэмт хэрэгтэй тэмцээд явж байсан чинь Хууль зүйн сайдын найз охин баригдаад, тэгснээ хориход утастайгаа ороод шөнөжин 90 удаа залгаад, цагдаа нь залгуулаад энэ тэр бол арай үнэмшилгүй. Тэгэхээр энэ бол анхнаасаа зохион байгуулалттай нэгэн улстөрчийн эсрэг чиглэсэн нууц ажиллагаа байжээ. Зорилго мэдээж тодорхой. Зайлуулах. Яагаад зайлуулах болов. Хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэг хүнд садаа болжээ. Наймаа тохироог хийсэнгүй ээ, цагдаагийнханд урьдынх шиг дураараа аашлахыг зөвшөөрсөнгүй. За тэгээд зайлсных нь дараа өрнөх үйл явдлуудаас харагдана даа, яагаад байж ядацгаагаад байсныг. Харин бидэнд болохоор ёс зүй муутай сайдыгаа хараах зүхэх хүндтэй үүрэг ноогдлоо.
Х.Тэмүүжинтэй холбоотой гэж орон даяар зарласан энэ бүсгүй ярилцлагаа үүнээс хамаагүй өмнө, тавдугаар сарын дундуур уг нь телевизэд өгөх ёстой байжээ. Харин тэр үеийн нөхцөл байдлаас болоод ярилцлагыг хийж чадаагүй гэнэ. Мэдээлэлд их ойр эх сурвалжийн хэлснээр шүү. Сайдыг огцруулах асуудал өрнөж, яг санал хураалт явахын өмнө унтдаг ярилцлага гаргах нь тактикийн хувьд хамгийн ашигтай байсан ч ярилцлага хийж чадаагүй гэнэ. Учир нь бүгд өндөр сэрэмжтэй байж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан нөгөө охиныг ярилцлагад орохоос хамгаалж, шөнөжин манах зэргээр арга хэмжээ авчээ. Сэтгүүлчдээс биш шүү, нөхдөө. Манайхан тэнд очоод явсан юм биш. Нөгөө талын цагдаа нараасаа айсан учраас л шөнөжин манаатай байдаг саванд ч давхар манасан гэсэн үг. Ийш тийш авч явж, янз бүрийн ярилцлага, эвлүүлгэнд оруулах гээд манадаг нөхдийн үйлийг үзэж байгаа тухай ярихыг сонсч л байлаа. Харин яагаад тэр үед чадаагүй вэ гэвэл талцаад үзээд байгаа цагдаагийхан дотор манадаг хэсэг буюу Шүүхийн шийдвэрийнхэн нь сайдынхаа талд байсан юм уу даа. Мөрддөг эрүүддэг нь нөгөө талдаа гэсэн. Иймэрхүү завхрал харин ямар ч сайдын ёс зүйгээс илүү аюултай шүү, үүнийг хүмүүс анхаарахгүй юм.
Хэчнээн үзэлцээд ч энэ удаадаа зайлсангүй ээ. Сар өнгөрлөө асуудал мартагдах тийшээ боллоо. Г.Сарангэрэл гарч ирлээ, ярилцлага өглөө. Нийгмээрээ охиныг өрөвдлөө. Одоо сайдыг зайлуулах ажлаа дахин эхлэх байлгүй. Нууц байгаа хүмүүс хэвлэл мэдээллээр ч, олон нийтээр ч Х.Тэмүүжинг зайлуулах ажлынхаа харыг л хийлгээд байх шиг. Сэтгүүлчид буруугүй байх аа, тэд ямагт сенсаацын төлөө л явдаг. Харин гэртээ ч харилгүй хэд хэдэн ТВ-д өөр өөр утгатай ярилцлага өгөөд байгаа энэ хүнд итгэх хэрэгтэй юу. Бидний дийлэнх нь хүний мууд дуртайгаараа итгэнэ. Нийгмийн сүлжээгээр яваа өнцгүүдийг харахад “унтсан” гээд шийдчихсэн байна лээ. Х.Тэмүүжинг хамгаалсан нь ч, харлуулсан нь ч бүгд. Энийг хэлэлцэж хэрэлдэж суугаа бүх хүмүүсийн ёс зүйд унтсан, унтаагүйг шийдэх эрхийг нь үлдээе. Харин хамгийн баттай хэлэхэд энэ бүхний цаана огт өөр асуудал нуугдаж байгаа шүү. Хөөрхий муу Г.Сарангэрэлийн нэр хүндэд санаа зовоод өөр юм олж харахгүй байх хоорондуур.
А.ТУЛГА