Таван тэрбумын зээлийн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Таван тэрбумын зээлийн төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төвөөс энэ сарын 27-нд буюу маргааш “Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид”-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Уг зөвлөгөөний талаар Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төвийн дарга Б.Одгэрэлээс зарим асуултад тодруулга авлаа.

-ЖДҮ эрхлэгчдийн маргаашийн зөвлөгөөний үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Цувж явсан барсаас цугларч суусан шаазгай дээр гэдэг шүү дээ. Үүн шиг нийслэлийн бараг бүх жижиг дунд үйлдвэрлэгчдийг цуглуулж тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлуудыг нарийн сонсоод гарах гарцыг бүгдээрээ эрэлхийлэхээр үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Мөн энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлтэн дээрээ тулгуурлаж цаашдын бодлого чиглэлээ тодорхойлно.

-Зөвлөгөөнд хичнээн жижиг дунд үйлдвэрлэгчид оролцох вэ?

-Нийт есөн дүүргийн 350 жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд оролцоно.

-Өнөөдөр жижиг дунд үйлдвэр эрхлэгчидэд хамгийн их тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Санхүүгийн чадамж, мэргэжилтэй боловсон хүчин, импортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүдээс дотоодын зах зээлийг хамгаалах, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлууд нэн тулгамдаж байна.

-Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт найман үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, “Улаанбаатарт үйлдвэрлэв 2014” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд таван төсөл хэрэгжүүлж байна. Бас сургалт, үзэсгэлэн, судалгааг зохион байгуулж байна. Бас таван тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл хэрэгжинэ. Эдгээр бүх хөтөлбөр хоорондоо уялдаа холбоотой.

-Таван тэрбум төгрөгийн зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Зээлийн таван тэрбум төгрөгийн төсөл 2013-2014 оны төсөв хэлэлцэхэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн хурлаас баталсан. Зээлийн сангийн журмаа тэргүүлэгчид батлаад зөвлөхүүд нь сонгогдчихвол ерөнхийдөө олгогдоод эхэлнэ.

-Жижиг дунд эрхлэгчдэд зээлийн хүү маш чухал шүү дээ. Хэдэн хувийн хүүтэй олгох вэ? 

-Одоохондоо тодорхой хэлэх боломжгүй байна. гэхдээ боломж боломж бололцооныхоо хэрээр үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж хамгийн бага хүүтэй зээл олгохын төлөө ажиллаж байна. 

Б.БУЯНДАЛАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж