Хуримтлалтай болсноор эрсдэл даах бяд сууна

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Хуримтлалтай болсноор эрсдэл даах бяд сууна

Эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлогын асуудлаар банк, санхүүгийн салбарын ахмад мэргэжилтэн, Эдийн засгийн ухааны доктор Э.Сандагдоржтой уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.

-Монголын эдийн засаг хүндэрсний гол учир шалтгаан чухам юунаас үүдэлтэй гэж та боддог вэ?

-Хуримтлалгүй, дархлаагүй, маш эмзэг эдийн засагтай явж ирсний үр дагавар юм даа. Аливаа эдийн засаг өсөх нь тодорхой хэмжээний мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлтийг зайлшгүй шаарддаг. Эдийн засагт гаднаас орж ирэх мөнгөн урсгал, улсын төсвийн орлого сайн байсан онуудыг аваад үзэхэд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох мөнгөний нийлүүлэлтийг голдуу л төсвийн зарцуулалт, арилжааны банкны зээлээр хийж ирсэн байдаг. Тэгвэл энэ харьцаа, бүтэц, хэлбэр нь өнгөрсөн онд эрс өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг тэтгэгч гол эх үүсвэр нь улсын төсөв биш, харин эдийн засгийн бодит секторт банкуудаас олгосон зээл байсан. Яагаад ийм өөрчлөлт гарчихав гэвэл өнгөрсөн онд Монголын эдийн засагт гаднаас орж ирэх валютын урсгал асар ихээр хумигдаж, тэр хэрээр санхүүгийн салбарт эх үүсвэрийн хомсдол нүүрлэх аюул тулгарсан. Төлбөрийн баланс ганцхан жилийн дотор бараг 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх ганц тоо л ямар их хэмжээний валютын дутагдал үүссэн болохыг нотлоод байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлт саарч, хувийн сектор агшиж байгаа цаад шалтгаан бол бидний амьдралын чанарыг тогтвортой хадгалж тэтгэхэд шаардагдах гадаад валютын эх үүсвэрийн хомсдол юм. Хуримтлалтай эдийн засаг баргийн эрсдэлийг даваад л гардаг. Харин манайд хуримтлалаа бий болгож чадалгүй олон жил явсан. Хуримтлал гэх юмгүй манай эдийн засагт гадаад талаас орж ирсэн том цохилтыг зөөлрүүлэх бодлогыг төрөөс хэрэгжүүлсэн хэдий ч, тэрхүү цохилтын сөрөг нөлөөллийн тусгал нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлээр илэрч байна.

-Хүндрэлээс гарах гол арга замыг та юу гэж харж байна вэ? Зарим хүмүүс гаднаас хөрөнгө, мөнгө оруулж ирэх ёстой гэдэг. Макро бодлогоо хатууруулах хэрэгтэй гэж ч хэлдэг. Аль нь зөв гарц вэ?

-Эдийн засгийг хүндрэлээс гаргая гэвэл гаднаас валютын шинэ эх үүсвэрийг л оруулж ирж, түүгээр эдийн засагт үйлдвэрлэл, бүтээмж бий болгох мөнгөний нийлүүлэлтийг тэтгэж, сэлбэх хэрэгтэй. Тэр валютын урсгал нь нэг удаа үзэгдээд өнгөрөх төдийхөн биш, тогтвортой шинж чанартай байвал илүү сайн. Төсөв, мөнгөний бодлогын хувьд эдийн засгийн мөчлөгийг дагах бус, харин мөчлөгийг сөрсөн байх, зөв хослол, оновчтой солбицлыг хангасан байх нь чухал. Түүнээс биш хоёулаа нэгэн зэрэг тэлдэг, эсхүл зэрэг хумьдаг байж таарахгүй. Улсын төсөв сахилгатай, замбараатай, за бүр болж өгвөл жижгэвтэр байгаад мөнгөний бодлого нь эдийн засгаа тогтвортой тэлэх чиглэлд үйлчилдэг байвал макро бодлогын хувьд хамгийн оновчтой хослол юм. Би хувьдаа төсвийн болон төсвөөс гадуурх зарцуулалтыг нэг малгайнд хамруулж, нийт төсвийг тогтвортой байлгах ёстой гэж боддог. Ер нь сүүлийн хоёр жилийн гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байсан. Гэхдээ эдийн засаг маань эх үүсвэрээр хатчихалгүй, тэг зогсолт хийчихэлгүй явсны үрээр ноднин 12 орчим хувиар өслөө. Энэ өсөлтийг цааш нь огцом унагалгүй, болж өгвөл хадгалмаар л байна. 

-Мөнгөний нийлүүлэлтийг гадаад валютаар нэмэгдүүлж чадахгүй бол юу болох вэ?

-Хэрвээ гаднаас валютын шинэ эх үүсвэр нэмэгдэж орж ирэхгүй бол үр дагавар нь хувийн хэвшил, бодит секторт ахиад л нэмэлт дарамт, ачаалал бий болгоно. Эдийн засгийг тэлж томруулах бус, улам л агшаах, хатаах болно гэсэн үг. Үүний эсрэг шийдвэрлэх алхам хийх хэрэгтэй. Төрөөс энэ чиглэлд тогтоол шийдвэр гаргаж, тодорхой арга хэмжээ авч байх шиг байна. Гэхдээ асуудлаа чухал зэрэглэлээр нь эрэмбэлж, тэрийгээ яаралтай гүйцэлдүүлж, бодит үр дүн гаргах нь чухал байна. Валютын урсгалаа сайжруулж, төлбөрийн балансаа эерэг болгож байж л бид тогтвортой өсөлт, хөгжилд тэмүүлнэ шүү дээ. Яагаад гэвэл улс орны хөгжлийн тулгын чулуу бол төлбөрийн баланс нь эерэг байх, валютын нөөц тогтвортой нэмэгдэж байх буюу хуримтлалаа нэмэгдүүлэх урьдач нөхцөл юм.

-Гадаад худалдаа тэнцвэржсэн ч, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна гэж судлаачид хэлж байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалгүй болох боломж байгаа юу?

-Байлгүй яахав. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл тогтвортой эрүүлжих цог дөнгөж улалзаж эхэлж байна. Үүний нэг жишээ бол цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсноор 2015 оноос эхлэн импортыг жил тутамд 200 сая ам.доллараар орлох боломж бий болсон мэдээтэй байна. Энэ мэтчилэн өрсөлдөх чадвартай дотоодын үйлдвэрлэл алхам алхмаар хөгжих л ёстой. Бид алийн болгон мэдэхгүй чадахгүй гэж, юм үйлдвэрлэх гэж ядаж байхаар хатуу валютаар импортолсон нь дээр гэсэн сэтгэхүйтэй явах вэ. Хийж чадах, хийх ёстой зүйлээ бид дотооддоо үйлдвэрлэж сурах л ёстой. Гэхдээ мэдээж үүнд цаг хугацаа, оновчтой бодлого, хөрөнгө оруулалт, урьдач нөхцөл хэрэгтэй л дээ. Дотоодын үйлдвэрлэл гэдэг бол ер нь урт хугацаанд төлбөрийн баланс тогтвортой ашигтай гарах суурь нь юм.

-Та дунд, урт хугацааны асуудал хөндөх шиг боллоо. Ойрын ирээдүйд төлбөрийн тэнцэл гэх энэ үзүүлэлт маань сэргэх, сайжрах магадлал харагдах юм уу?

-Оны эхнээс экспорт өсч байгаа мэдээтэй байна. Төлбөрийн урсгал дансны алдагдал огцом буурч эхэллээ. Дотоодын үйлдвэрлэл, бүтээмж, хуримтлалыг дэмжих бодлогын суурь нь тавигдлаа гэж би бодож байгаа. Гагцхүү бодлогын хэрэгжилтийг нь зөв, зохистой хангахад анхаарч, элдэв гажуудал үүсэхээс сэргийлэх нь зүйтэй. Хөрөнгө оруулагчдын алдарсан итгэл гэж их ярих болж. Тэр итгэлийг сэргээхэд, элдэв хүлээс, хүлээлтийг тайлахад төрийн бодлогын тогтвортой бөгөөд тууштай байдал маш чухал юм даа.

-Импортын барааны үнэ өсч, худалдаа, үйлчилгээний салбар буурах хандлагатай боллоо. Сүүлийн 20 гаруй жилийн эдийн засгийн хэврэг бүтэц биднийг байнга л хямраах эрсдэлийн дунд байлгасаар өдий хүрлээ гэхэд хилсдэхгүй байх. Бид хямралыг сөрөх чадалтай, тогтвортой эдийн засагтай болохын тулд яах ёстой вэ?

-Импорт буурах, хэрэглээ зарим талаар хумигдах, импортод суурилсан бизнесийн ашиг орлого багасах үзэгдэл гарч, эдийн засгийн өсөлт саарч байгаа нь бодит үнэн. Ер нь өрхийн түвшинд ч, улс орны түвшинд ч зохистой хэрэглээтэй болж, өрх гэрийн төсвөөс эхлээд улсын төсвийн зарцуулалт хүртэл илүү замбараатай болохыг сүүлийн ганцхан жилийн эдийн засгийн хүндрэлтэй орчин биднээс хатуу шаардлаа. Үүнд өрх гэр, бизнесүүд дор бүрнээ л бүсээ чангалж, хүндрэлийг гэтлэн давах гэж эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Ийм хүнд үеийг бид сэтгэлийн хат, ухаалаг үйлдлээрээ тэсээд, даваад л гарах хэрэгтэй. Одоо байгаагаас ч долоон дор, бүр элгээрээ мөлхөх хэмжээнд байж болохоор байсныг бас санахад илүүдэхгүй болов уу. Одоо манай эдийн засаг уул уурхай дагасан цаг зуурын орлогын үүлэнд хөвсөн нөлөөллөөс ангижирч, газар дээрээ, яг бодит хөрсөн дээрээ л буучихаад байгаа нь энэ шүү дээ. Гэхдээ ямар ч гэсэн бид 2009 оных шиг тархиараа савж газардсангүй. Одоо бид эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг зөв хийж, хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэж бодож байна. Хуримтлалтай болсноор эрсдэл даах бяд сууна. Ингэж байж үе үе хямрах гээд байдаг хууч өвнөөсөө бүрэн салж, өөрийн гэсэн дархлаатай болно.

-Таныхаар Монголын эдийн засагт хуримтлал бий болох, өсөн нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байна уу?

-Хүн амын мөнгөн хөрөнгийн чиглэл нь урсгал хэрэглээнээс илүүтэй капиталжих хандлагад аажмаар шилжиж, хэмнэлт, хуримтлалын эрүүл сэтгэхүй сууж эхэлж байна уу даа гэж бодогдож байгаа. Энэ нь иргэд, өрх гэрүүд орлого, зардлаа оновчтой зохицуулж, эдийн засгийн үндэсний чадавхийг зузаатгахад хувь нэмэр оруулах чанарын чухал өөрчлөлт юм. Манай улсын эдийн засаг бүхэлдээ хэрэглээг дэмжинэ гэхээс илүүтэй хуримтлалыг нэмэгдүүлэх өвөрмөц үедээ байгаа өнөө цагт энэ хандлага маш эерэг зүйл. Ийм нааштай хандлагыг гүнзгийрүүлэх л учиртай.

-Валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа сайжруулах нь зүйн хэрэг. Эдгээрээс өөр ямар арга зам байж болох вэ?

-Экспортын бүтээгдэхүүний үнэ сайнгүй байна. Тээвэрлэлтийн өртөг зардал нь ч сайн буухгүй байна. Гаргаж байгаа түүхий эдийн маань өрсөлдөх чадвар тааруу байна. Гадаадын хөрөнгө оруулалт бас санасны зоргоор нэмэгдэхгүй л байна. Ийм үед бид хувийн хэвшлээ дайчилж, урт хугацаанд өгөөжтэй, маш тодорхой төслүүдийг боловсруулж, тэдгээрт олон улсын хөндлөнгийн шинжээ хийлгэсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдад санал болгох хэрэгтэй болов уу. Энэ ажлыг төр биш, хувийн хэвшил л хийнэ. Төрийн оролцоо, зохицуулалт нь эрсдэлийг хуваах зарчмаар л хязгаарлагдах байх. Үнэхээр урт хугацаанд ашигтай, тогтвортой, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийн төслийн зарим хэсэгт төр баталгаа ч гаргаж болох.

-Тэтгэврийн, даатгалын, хөрөнгө оруулалтын гээд олон сангууд гадаадад байдаг. Тодорхой төсөлд энэ сангуудаас эх үүсвэр татах боломж байдаг уу?

-Дэлхийн санхүүгийн зах зээлийн сүүлийн дөрвөн жилийн байдлыг харахад санхүүгийн эх үүсвэрийн бүтэц нь банкны зээл төвтэй гэхээсээ бонд, үнэт цаасны зах зээлээр удирдагдсан хэв шинжтэй болсон байна. Санхүүгийн эх үүсвэрийн хөрвөх чадвар дэлхий дахинд ч, манай Азийн бүс нутгийн хэмжээнд ч муугүй байна. Ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас эх үүсвэр татах боломж бий. Энэ хүрээнд дотооддоо хэд хэдэн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тухайлбал, тоймтой төслүүдийг боловсруулж бэлтгэн, хөрөнгө оруулагчдад санал болгох, компанийн засаглалыг сайжруулах, компаниуд зэрэглэлээ тогтоолгох, олон улсын түвшинд үнэлгээ хийлгэдэг болох хэрэгтэй байна. Компанийн засаглалын реформыг зөвхөн хувьчлалаар хязгаарлах бус, олон улсын сайн жишгээр гүнзгий хийх нь тулгамдсан асуудал хэвээр байгаа. Ингэж байж эрсдэл багатай шууд хөрөнгө оруулалтыг түлхүү татах нөхцөл сайжирна.

-Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэхэд гадаадын банк оруулж ирэх асуудлыг зарим хүмүүс онцолж байна. Энэ талаар таны байр суурийг сонсмоор санагдлаа?

-Гадаадын банкны салбарыг Монголд оруулж ирэхээр л зээлийн хүү шууд буурчихдаг, эдийн засаг сайжирчихдаг гэж ойлговол дэндүү гэнэн, өрөөсгөл юм даа. Манай улсын өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, санхүүгийн салбарын хөгжлийн түвшингээс харахад хадгаламжийн хүүн дээр спекуляци хийхээр мөнгө ганзагалсан, эсхүл дотоодоос эх үүсвэр татаж, арилжааны банкуудтай өрсөлдөж зэрэгцсэн жижиглэнгийн үйл ажиллагаа бүхий гадаадын банкны салбар оруулах шаардлага харагдахгүй байна. Учир нь хэрэв тэд манай санхүүгийн жижигхэн захад энгийн арилжаа, жижиглэнгийн зээл эрхэлнэ гэвэл инфляцийн түвшинтэй жишиж, ашиг олох нөхцөлийг л харгалзана. Энэ тохиолдолд дотоодын санхүүгийн салбарт эерэг нөлөөлөл гэхээсээ сөрөг нь давамгайлах болов уу. Харин эх үүсвэрээ өөрсдөө гаднаас татан оруулж ирж, хөрөнгийн зах зээлд болон бусад сонгодог чиг үүргээрээ зуучилдаг, дотоодын аж ахуйн нэгжид гаднаас зээл олгож, хөрөнгө оруулалт хийдэг, гадаад худалдааг санхүүжүүлдэг төрөлжсөн үйл ажиллагаатай гадаадын банкийг үгүйсгэхгүй. 

-Ийм үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэл бүхий банкны онцлог нь юу вэ?

-Үйл ажиллагаагаар нь үндсэн хоёр хэсэгт хувааж болох юм. Нэгд, арилжааны болон хөрөнгө оруулалт хосолсон банкууд, хоёрт, зөвхөн хөрөнгийн зах зээлд дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг тусгай  сангууд, компани, хувь хүний өмчөөр баталгаажсан барьцаат үнэт цаас гаргаж мөнгө босгоход нь зуучлагч, эсхүл өөрөө эх үүсвэр гаргах чадавхи болон үүрэгтэй, хөрөнгө оруулалтаар дагнасан банкууд бий. Эдгээр нь манайд салбар нээгээд ажиллана гэхээсээ илүүтэй, гадаад дахь толгой компани нь шийдвэр гаргаж, нөхцөл нь бүрдвэл зайнаас л хөрөнгө оруулалтын болон бусад төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх талтай. Жишээ нь одоо Монголд байгаа гадаадын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн газрын толгой компани нь манай улсын эрсдэлийг хэрхэн үнэлж, тооцож байгаагаас тэдний бизнесийн шийдвэр, Монголд хийх хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээ шууд хамаарна л даа.

-Банкны зээлийн хүү өндөр байсаар байна. Үүнийг яаж бууруулах вэ?

-Зээлийн хүү өндөр байхад нийт эдийн засгийн эрсдэл, бүтцийн шинжтэй гажуудлууд, хөрөнгийн зах зээлийн сул хөгжил, бодит эдийн засагт хөрөнгө оруулалт, мөнгө дутагдсан байдал, инфляцийн түвшин, санхүүгийн салбарын бүтэц, банкуудын татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрийн шинж чанар гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Зээлийн хүүг бууруулахын тулд орчныг нь л бүрдүүлэх хэрэгтэй. Инфляци, банкны зээл, хадгаламжийн хүү гурвуул харилцан хамааралтай. Инфляци хоёр оронтой тоонд байхад хадгаламжийн болон зээлийн хүүг хоёр оронтой тооноос бууруулж чадахгүй. Статистикаас харахад зээл, хадгаламжийн хүүний зөрүү 2013 оны эцсийн байдлаар жилийн 2.8 хувь байсан байна. Инфляцийг цэвэрлэж тооцвол банкны зээлийн үйл ажиллагааны бодит ашгийн маржин тийм ч их биш болох нь харагдана. Зээлийн үндсэн эх үүсвэр нь хадгаламж. Хэрэв зээлийн хүүгийн түвшинг механикаар бууруулах гэвэл хадгаламжийн хүүг зайлшгүй дагуулж хүчээр бууруулах хэрэг гарна. Гэтэл банкууд инфляцаас үүдэлтэй иргэдийн хадгаламжийн үнэгүйдлийг хувийн секторын зээлийн хүүгээр нөхөж байгаа. Хадгаламжийн хүүгийн одоогийн мөн чанар нь иргэдийн мөнгөн хуримтлалынх нь үнэгүйдлийг л сааруулах хэрэгсэл болж байгаа. Гэтэл инфляцаас үүдэлтэй хадгаламжийн үнэгүйдэл, түүнээс үүдэлтэй банкуудын мөнгөний дундралтаас гарах сөрөг үр дагаврыг яах вэ. Тиймээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтвортой сайн байлгах, арилжааны банкууд тогтвортой эх үүсвэрээр хангагдсан байх, бодит салбарт үйлдвэрлэл, бүтээмж, хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зээл, санхүүжилт хангалттай хийгдэх, эдийн засагт бүтцийн өөрчлөлт явагдах, санхүүгийн салбарын өрсөлдөөн, зохистой засаглал сайжрах нь инфляци, хадгаламж, зээлийн хүүг гурвууланг нь бууруулахад эерэг нөлөөтэй юм.

-Санхүүгийн зах зээлийн үйлчилгээний дийлэнхийг банкны салбар эзэлдэг гэсэн статистик байдаг. Санхүүгийн зах зээлд тэгш оролцоог хангах, төрөлжүүлэхийн тулд цаашид яах ёстой вэ?

-Банкны салбарын зохих орон зайг нөхөх хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг бий болгох ёстой. Үнэт цаасны зах зээл хөгжихгүй байгаа нь нэгд, эдийн засагт нөлөө бүхий салбар, түүнийг бүрдүүлэгч томоохон компаниудын дийлэнх нь төрийн өмчийн оролцоотой тул үнэт цаасаа арилжих, хөрөнгө оруулалт хийлгэх нөхцөл хаагдмал. Хоёрт, хувийн хэвшлийн компаниуд компанийн засаглал сулаас болоод хөрөнгийн зах зээлд оролцох шалгуур хангахгүй, хөрөнгө оруулагчид тэдгээрт итгэл хүлээлгэх магадлал сул байна. Иймд төрийн өмчийн ба хувийн хэвшлийн ялгаагүй компанийн өмчлөлийн бүтэц, засаглалын томоохон өөрчлөн байгуулалтыг үндэсний хэмжээнд явуулах, нийтэд хувьцаагаа арилждаг сонгодог хэлбэрт шилжүүлэх, ер нь төрийн өмчийг тогтолцоогоор нь шинэчлэх шаардлага байгаа. Үндэсний компаниуд гадаад зах зээлд гарах баталгааны нэг чухал хэсэг нь манай улсын валютын нөөц. Тэгэхээр бид дор хаяж ДНБ-ний 40 хувьтай тэнцэх чөлөөт валютын болон мөнгөжсөн алтны тогтвортой нөөцийг дунд, урт хугацаанд бий болгох хэрэгтэй. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засагт орж ирэх валютын урсгалыг тогтвортой, сайн байлгах хэрэгтэй юм.

-Улсын төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл хоёр их зөрдөг. Төсвийн гүйцэтгэл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээсээ өөр байдаг. Улсын төсвийн төлөвлөлтийг хэрхэн сайжруулж, сан хөмрөгийг арвижуулж болох вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савалгаа бол мөнхийн гэж хэлж болох давтамжит үзэгдэл. Иймээс тус салбарын зах зээлийн үнийн түр зуурын өсөлтийн үүлэн чөлөөний наранд хууртаж авдраа, үүцээ хоосолдгоос татгалзаж, төсөв, сангийн төлөвлөлт зохицуулалтын чанд горим баримтлах нь зүйтэй юм. Монгол улсын төсөв дунд хугацаанд ашигтай байж, хуримтлал үүсгэх ёстой. Үүний тулд ойрын 5-10 жилд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн тааз бус, дундаж ч бус, ёроол үнэлгээнд суурилсан орлогоор төсвийн баланс зохиодог, эрдэс баялгийн салбар эдийн засагт нь түлхүү оролцоотой бусад орны нийтлэг жишгээр уул уурхайн оролцоотой болон оролцоогүй нөхцөлөөр төсвийн зэрэгцүүлсэн үнэлгээ хийдэг зарчим баримталж, үнийн өсөлтийн илүүдэл орлогыг олон улсын зах зээлд түргэн хөрвөх улсын нөөцөд шилжүүлж байх нь зүйтэй юм. Энэ бодлогыг Монгол улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Том төрөөс ухаалаг төрд шилжих үндэсний хөтөлбөрийн үзэл санааны дор том төсвөөс ухаалаг төсөв болон шилэн дансны тогтолцоо, валютын арвин нөөцийг бүрдүүлэх зарчимд даруй шилжих нь зүйтэй. Энэ нь манай улс төв банкны болон засгийн газрын хувьд санхүүгийн хос нөөц, хуримтлалын тогтолцоотой болоход чухал алхам болох билээ.

-Таныг төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг анх судалж санаачилсан гэж Сангийн яамныхан ярьдаг юм билээ. Энэ талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Сангийн яамны шугамаар 2002 онд Австралийн сангийн яаманд судалгаа хийж ажиллахдаа анх “төсвийн хариуцлагын тухай” гэсэн агуулгатай нэг хууль байгааг олж үзсэн юм. Яаманд байхад иймэрхүү зүйл нухацтай судлах зав үнэндээ гардаггүй байсан. Хожим 2003-2004 онуудад Японы Сангийн яамны Бодлогын судалгааны хүрээлэнд ажиллах явцдаа төсвийн сахилга, хариуцлага, тогтвортой байдлын асуудлыг нэлээд нарийвчлан судалж ирсэн. 2008 онд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төслийн шугамаар хуулийн төслийн анхны эхийг нь суурь судалгааны хамт боловсруулж, яаманд танилцуулсан нь яамны удирдлагын зүгээс дэмжигдэн, олон улсын санхүүгийн байгууллагаас хэрэгжүүлсэн хөтөлбөрт тусгалаа олж, хууль маань С.Баярцогт сайдын үед УИХ-аар 2010 онд батлагдсан. Одоо төсвийн асуудал ярихдаа энэ хуулийн нөхцөлүүд хэрхэн хангаж байгааг ихэвчлэн харгалздаг, төсвийн асуудлаар нэг ёсондоо “үндсэн хууль” шиг л юм болж дээ. Энэ хууль бол макро эдийн засаг тогтвортой байх суурь нөхцөл мөнөөс мөн.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар яригддаг. Энэ талаар таны бодол?

-Аливаа хууль өөрчлөгдөж болно. Гэхдээ энд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол зарчим, агуулгыг өөрчлөх тухай яриа байхгүй л болов уу. Харин улсын өрийн босгын үйлчлэх хугацааны өртөөчлөлийн тухайд бол тодорхой санал бий. Өрийн дээд босго дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь хүртэл байж болохыг энэ хуулиар зарчмын хувьд зөвшөөрсөн л байдаг. Манай улсын хувьд арилжааны зээлийн нөхцөлөөр зээлжих боломж бүрдсэн, “хөрөнгийн чадавхи сайтай атлаа мөнгө хомс орон” гэж олон улсад дүгнэгддэг бөгөөд хөгжлийн санхүүжилт ихээр шаардлагатай улс л даа. Улсын эдийн засагт өр даах дунд, урт хугацааны чадавхи байгаа бол өрийн босгыг цаг хугацааны хувьд өөрчилж, хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Гагцхүү өрийн босгыг өөрчлөх бодит боломжийг нотолсон өр үйлчлэх чадавхийн үнэлгээ зөв, хөгжлийн санхүүжилтийн зориулалт нь оносон, зарцуулалт нь шинээр нэмж гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан татахуйц бөгөөд эдийн засгийн потенциал, шингээх чадварыг тэлэхүйц, төсөвт төвлөрөх татварын орлогын суурийг бэхжүүлсэн, ирээдүйн экспортын орлогыг нэмэгдүүлсэн, төлбөрийн балансыг сайжруулах чиглэлд нөлөөтэй байхыг чухалчлах хэрэгтэй.

-Засгийн газар нэмж өр тавих шаардлагагүй, нэг хүнд ногдох улсын өр 5-7 сая төгрөг болно гэж зарим улс төрчид тооцоод, үүнээс болгоомжилж байгаа шүү дээ?

-Өрийн удирдлагын тухай хуультай болж, улсын өрийг урт хугацаанд удирдах, өрийн тогтвортой байдлыг хангах бодлоготой болох нь нэг дэвшил юм. Өрийн дарамт нэмэгдэх вий, хяналтгүйгээр их хэмжээний өрийн санхүүжилт гарах вий, тэр нь эдийн засагт сөргөөр нөлөөлчих вий гэж болгоомжлох ч зүй ёсны хэрэг. Гол нь бид хөгжлийн санхүүжилт хийх боломжоо үргэлж нээлттэй байлгах хэрэгтэй. Үүний сацуу хөгжлийн санхүүжилтийн зарцуулалтыг оновчтой болгох, түүний ил тод, тунгалаг байдлыг хангах, хяналтын механизмыг сайжруулах зэрэг асуудлаа хуулиндаа зайлшгүй тусгах учиртай. Мөн Засгийн газрын шугамаар бий болгосон санхүүгийн эх үүсвэр нь нэмэлт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, багтаамж, шингээх чадавхийг сайжруулах  нөхцөлийг бүрдүүлж байх зарчмыг баримтлах учиртай л даа.

-Төв банк бол УИХ-ын харьяа, бие даасан, хараат бус бодлого хэрэгжүүлдэг байгууллага. Та энэ салбарын мэргэжилтний хувьд Засгийн газар, Төв банкны бодлогын уялдааг юу гэж боддог вэ? Ялангуяа инфляцийг бууруулах чиглэлд энэ хоёр байгууллага хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх болсон шүү дээ.

-Миний баттай үнэмшил бол бодит эдийн засгаас салангид мөнгөний бодлого, банкны үйл ажиллагаа гэж байхгүй. Төв банк гүйцэтгэх засаглалаас хараат бус байна гэдэг нь Засгийн газартай сөргөлдөж, жишүү харж сууна гэсэн үг биш л дээ. Харин төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайтар хангаж, макро эдийн засгийн оновчтой бодлогыг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй институциуд бол яалт ч үгүй Төв банк, Засгийн газар хоёр. Инфляцийг бууруулж, бага түвшинд нь тогтвортой байлгах буюу бараа, үйлчилгээний үнийн тогтвортой байдлыг хангах нь Төв банкны үндсэн зорилт байдаг ч, манай орны хувьд инфляцтай тэмцэнэ гэдэг нь дангаараа Төв банктай хамаарах асуудал биш гэж би ойлгодог. Ялангуяа манайх шиг бүтцийн асуудалтай, барааны нийлүүлэлтийн гинжин сүлжээ олигтой хөгжөөгүй, улирлын шинж чанартай эдийн засагт бүтцийн доголдлынх нь илрэл болж олон жил үргэлжилсэн өндөр инфляцийг мөнгөний стандарт бодлогоор бууруулах боломж хязгаарлагдмал. Тиймээс инфляцийг бууруулахын тулд стандарт бус арга хэрэгсэл давхар ашиглахаас өөр арга замгүй. Барааны нийлүүлэлтийн тогтолцооны гажуудлаас үүсдэг инфляцийг бууруулж чадах байсан бол өнгөрсөн 20 гаруй жилд Засгийн газар ч юмуу, эсвэл манай хувийн хэвшил барьж аваад шийдчих л байсан байх.

-Таныхаар Засгийн газар, Монголбанкны хамтарсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү? Эдийн засагчийн нүдээр харахад энэ хөтөлбөрийн хэрэгжилт дээр нь ямар байр суурьтай байна вэ?

-Үнэ тогтворжуулах гэдгийн агуулгыг зарим хүмүүс анхнаасаа үнийг огт хөдөлгөөнгүй нэг түвшинд царцаах, эсхүл үнийг бууруулах гэж ташаа ойлгосон тал бий байх. Гэтэл энэ хөтөлбөр нь онилсон гол нэр төрлийн барааны үнийн өсөлтийн хурдцыг нь сааруулж, аажмаар тогтворжуулах, инфляцийн бүтцэд өөрчлөлт оруулах агуулгатай биз. Миний төсөөллөөр үнэ тогтворжуулах хөтөлбөр байхгүй байсан бол 2013 оны төгсгөл гэхэд кило махны үнэ 18 мянган төгрөг, литр шатахууны үнэ 2500-3000 төгрөг, нийт инфляци 20 гаран хувь өлхөн хүрэх байсан. Яагаад гэвэл монголын эдийн засагт нийлүүлэлтийн инфляци хүчтэй нөлөөлдөг, эргэлтийн хөрөнгийн дутагдлаас шалтгаалж барааны үнэ өсөх дарамттай байдгийн сацуу гадаад талаас том цохилт ирж, эдийн засагт “цус алдалт” удаан үргэлжилсэн л дээ. Ийм нөхцөлд стандарт бус арга хэмжээ авах нь зайлшгүй байсан байх. Анхаарах асуудал бол мэдээж төр өөрөө хөтөлбөрөөс хэзээ, хэрхэн, ямар үе шатаар гарах вэ, цаашид хувийн секторт голлох барааны нийлүүлэлтийн улирлын нөлөөллийг арилгаж жигдлэх ямар тогтолцоо бий болсон байх вэ гэдэг зүйл юм. Энд нэг зүйлийг бид бас эргэцүүлж тунгаах хэрэгтэй байх. Пост коммунист тогтолцоотой, бүрэлдэж эхэлж байгаа эмзэг зах зээлийн орнуудад хэрэглээний барааны үнэд хэвийн гулссан өсөлт байх нь  тухайн орны хөдөлмөрийн бүтээмж өсч,  ажлын чанар сайжрахын хэрээр үнэлгээ нь олон улсын бодит түвшин рүү тэмүүлж байгааг илтгэх нэг үзүүлэлт гэж үздэг. Монголын хөгжлийн зорилго бол бүтээмж, хөдөлмөрийн чанараар ч, түүний үнэлгээгээр ч хөгжсөн орны түвшинд дөхөж очих асуудал. Ингэхлээр Монголд бүх зүйлийн үнэ бусад орны дунджаас доогуур байх ёстой гэвэл бид хөдөлмөр, бүтээмжээ мөн тэгж л үнэлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг болчих гээд байна л даа. 

-Та Монгол улсад шинэ үеийн банкны тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн реформ хийхэд идэвхтэй оролцож, хэд хэдэн банк, мөн Сангийн яамны төсвийн бодлогын газрыг удирдаж, Засгийн газарт хэрэгжүүлж байгаа олон улсын төслүүдэд мэргэжлийн зөвлөхөөр олон жил ажилласан. Энэ хугацаанд гол бүтээсэн зүйл юу байгаа вэ?

-Худалдаа хөгжил, Капитал банкны удирдлагаар ажиллаж зах зээлд шилжүүлэх алхмуудыг амжилттай хийлцсэн. Тэр үед Монгол улсад байгуулагдсан 16 банкнаас дийлэнх нь дампуурсан байдаг. Худалдаа хөгжлийн банкны хамт олны хүчин чармайлтаар янз бүрийн сорилтыг даван туулалцаж, компанийн засаглалын түвшинг нь олон улсын стандартын түвшинд ойртуулах алхам хийлцсэндээ сэтгэл хангалуун явдаг. Төрийн захиргааны байгууллагад болон олон улсын байгууллагын шугамаар Засгийн газарт хэрэгжүүлж байгаа төслүүдэд сүүлийн 15 жил ажиллаж байна. Үүнд төсвийн болон хадгаламжийн даатгал, зээлийн батлан даалт, хөгжлийн санхүүгийн байгууллагын эрх зүйн болон институцийн тогтолцоог бүрдүүлэх, уул уурхайн татварын судалгааны  чиглэлээр голчилж ажиллаж ирсэн.

-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.

Б.ТАЙВАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж