АН, МАН завсарлага авав

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

АН, МАН завсарлага авав

Даргын хүүхэд төрийн унаа унаж байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10:20 цаг хүргэв. Хуралдаанд нийт 76 гишүүн оролцох ёстойгоос 62 нь хүрэлцэн ирсэн юм. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцэж байсан Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлан тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр төрийн байгууллагууд гадаад томилолтын зардлаа 2-588 хүртэл сая төгрөгөөр хэтрүүлсэн гэж зарласан. Тэгвэл үүнд зарим сайд тайлбар хийлээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Л.Болд “Гадаад томилолт нь Гадаад харилцааны яамны үндсэн ажил. Хэвлэлүүдэд бичээд байгаа шиг хэдэн тэрбумаар гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн зүйл яамны хувьд байхгүй. Нийт есөн сая төгрөгөөр гадаад томилолтын зардал өссөн, энэ нь валютын ханшийн өсөлттэй холбоотой” гэлээ. Мөн хэлэлцүүлгийн шатанд хөндөгдсөн нэг асуудал нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны тодорхойлсноор төрийн албаныхан гадаад руу олноороо явдаг болжээ. Бүр онгоц дүүрэн зорчдог болсон, зардлыг хувиасаа гаргаад байна уу, улсаар даалгаад байгаа юу гэдгийг тодорхой болгохгүй бол үргүй зардал энэ мэтчлэн их гарч байна гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэлснээр бол Аудитын газраас гаргасан авто машин унах эрхгүй 222 төрийн албан хаагчдын жагсаалтыг тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны даргын хүүхэд нь өөрийг нь сайд байх үед унадаг байсан авто машиныг унаж явна” гэсэн юм.

Мөн төрийн алба данхайсан. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь 60 албан хаагчтай байсан бол Боловсрол, шинжлэх ухааны яам болсноор 80 гаруй албан хаагчтай болсон. Харин Соёл, спорт аялал жуулчлалын яам нь 60 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээр асуудлыг анхаарч ажлын үр дүнг гаргах цаг болсон” гэлээ. УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд асуулт асууж, саналаа хэлсний дараа Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв.

 

Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай багтсан байв. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат эл асуудал дээр тус бүлэг тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Үндэслэлийг тэрээр “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн, мөн Хөгжлийн банкийг “Гудамж” төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн зэрэг хэд, хэдэн асуудал сайдыг огцруулах асуудалтай зэрэгцэж байгаа тул бүлэг тав хоногийн завсарлага авч байна” гэлээ. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудал ирэх долоо хоногийн пүрэв гариг хүртэл хойшилсон юм.

 

МАН-ын бүлэг завсарлага авлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бол мөн хуралдаанаар хэлэлцэхээр баталсан байсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг дээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, завсарлагыг угсрууллаа. Мөн л хэлэлцэх асуудал ирэх долоо хоног хүртэл хойшлов.

Харин үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч батлах шатанд унагав. Хуулийн төсөл унахад, гишүүдийн ирц хангалтгүй байсан нь нөлөөлөв. Ингэхдээ эрх баригч хүчин болох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ирц тааруу байсан нь цөөнхийн бүлгийн хувьд өр зээл тавихаас болгоомжилж байгаа энэ үед боломж болж, эсрэг кноп дарж, Засгийн газар төслийг дахин өргөн мэдүүлэхээс аргагүйд хүрэв.

УИХ энэхүү зээлийн хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар Монгол Улсын одоогийн төлбөрийн системийн нууцлал, хамгаалалт, найдвартай ажиллагаа хангагдах боломж бүрдэх байв.  Зээлийн нөхцлийн тухайд, Азийн хөгжлийн банкаас хийгдэх санхүүжилт болох 20.0 сая ам.долларын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлэх ба Лондонгийн банк хоорондын захын зээлжих хүүд суурилсан хувьсах хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцаан төлөх. Үүнээс эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, төслийг 2014 оны зургадугаар сараас 2017 оны зургадугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн  банктай тохиролцсон байсан аж.

 

Ирц хангалтгүйгээс санал хураалтаа хойшлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч “Хэлэлцэх эсэх”-ийг шийдвэрлэж чадалгүй хуралдааныг завсарлууллаа. Учир нь чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц хангалтгүй байсантай холбоотой юм. Чуулганы хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ирц 30 хувь, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 80 хувь, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ирц их муу байна, тиймээс хоёр минутад багтаад УИХ-ын гишүүд чуулганы танхимд хүрээд ир, санал хураах боломжгүй байна” гэсэн юм.

Гэвч УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос өөр гишүүн ирээгүй тул үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр санал хураахаар болж, үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж