УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч “Хэлэлцэх эсэх”-ийг шийдвэрлэж чадалгүй хуралдааныг завсарлууллаа. Учир нь чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц хангалтгүй байсантай холбоотой юм. Чуулганы хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ирц 30 хувь, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 80 хувь, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ирц их муу байна, тиймээс хоёр минутад багтаад УИХ-ын гишүүд чуулганы танхимд хүрээд ир, санал хураах боломжгүй байна” гэсэн юм.
Гэвч УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос өөр гишүүн ирээгүй тул үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр санал хураахаар болов.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үүрэн холбооны хэрэглэгч нь одоогийн ашиглаж байгаа дугаараа солихгүйгээр оператор компаниа сольж, үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээг нэвтрүүлэх бололцоо бүрдэх юм.
Монгол Улсын үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн тоо 2013 оны жилийн эцсийн байдлаар 4.2 саяд хүрсэн байна. Тиймээс өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж буй аж. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрт оруулахад томоохон түлхэц өгдөг байна. Нөгөө талдаа үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ сайжрах давуу тал бий болох аж.
Г.ДАРЬ