“Авлигагүй эрүүл нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт үндэсний чуулган МҮХАҮТанхимын Үзэсгэлэнгийн Их танхимд болж өндөрлөлөө. Авлигагүй эрүүл бизнесийн орчинг бүрдүүлэхэд хувийн хэвшил иргэний нийгэм, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэн хамтран ажиллахыг уриалах, авилгыг бууруулж таслан зогсооход хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хамтран ярилцаж, үндэсний хэмжээнд авлигыг бууруулах чиглэлээр сурталчилан таниулах зорилготойгоор болсон уг чуулганд МҮХАҮТанхим Азийн сан, АТГ, Монгол дахь НҮБ, МОНПАК бүлэг Чуулганд Азийн сан, МҮХАҮТанхим, Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв, УИХ дахь МОНПАК бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р. Бурмаа, ТЕГ, ГЕГ, УНДЕГазар, АОЭХолбоо, Бизнесийн зөвлөл, CEO клуб, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлүүд оролцож буй бөгөөд Монголд авлигыг хэрхэн бууруулах, харилцан ярилцах, мэдээллээ солилцох, цаашид хамтарч ажиллах санал санаачлага гарган оролцож тодорхой зөвлөмж гарган холбогдох төрийн байгууллагад гардуулахаар болжээ.
Чуулганаас хэрхэн хамтран ажиллах тухай зөвлөмж гаргасан бөгөөд УИХ-ын гишүүн, Монпак бүлгийн ахлагч Р.Бурмаа "Хүнд суртлыг ил тод байдлаар арилгана. Аливаа албан байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр нээлттэй ил тод байх ёстой. Шилэн дансны тухай хуулийн төсөл яригдаж байгааг мэдэж байгаа байх. Хэрвээ тус хууль дэмжигдвэл мэдээлэл ил тод байхаас гадна татварын тайлан, тендерийн зарцуулалт гээд бүх зүйлийг ил тод болгоод өгнө. Ер нь Авлигын тухай хуулийн хариуцлага өндөр байх ёстой. Хэдхэн төгрөгийн торгуулийн хариуцлага нь үр дүнтэй механизм болж чаддаггүй. Үүний оронд төрийн албанд тангараг өргөн ажилласан төрийн албыг хувьдаа урвуулан ашигласан нь тогтоогдохвол дахин төрийн албанд ажиллахгүй байхаар дүрэм журам тусгаж өгвөл илүү үр дүнтэй байна" гэв.
Мөн онцловол, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дараг Б.Бат-Отгон: “Хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн хамтын ажиллагаа шударга нийгмийг тогтооход авлигын эсрэг үйл ажиллагаанд ямар чухал вэ гэдэг талаар цуврал хэлэлцүүлгүүдийг бид өмнө нь зохион байгуулсан. Энэ удаагийн чуулганы гол зорилго бол авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг төрийн байгууллага, төрийн албан хаагчдад чиглэсэн сургалт гэж ойлгож болно. Гэхдээ дан ганц төрийн байгууллагад холбоотой бус авлигаас эсрэг байхад хувийн хэвшлийн оролцоо ч чухал байдгийг энэ удаа онцолж байгаа. Аливаа бизнес эрлэгчид үйл ажиллагаа эрхлэх болохоор төрийн байгууллагатай байнга харилцаа үүсгэж байдаг. Тиймээс төрийн албан хаагчид хүнд сурталтай байна, хээл хахууль нэхэж байна, авлигад өртөмтгий байна гэсэн шүүмжлэл гаргаад байдаг хувийн хэвшлийнхэн өөрсдөө авлигын эсрэг санаачлагатай ажиллах, шаардлагатай” гэсэн байна.
Б.ХАНД