Б.Отгонтүвдэн: Монголчуудад уг нь авъяас бий

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Б.Отгонтүвдэн: Монголчуудад уг нь авъяас бий

Энэ удаад зураач, Репиний академийн залуухан багш Б.Отгонтүвдэн зураачтай ярилцлаа.Түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

-Репиний академийн залуухан багш, ер нь анх яаж ОХУ-ыг зорих болсон бэ?

-1990 оноос хойш Урлагийн чиглэлээр ОХУ-руу манай оюутнууд сурах нь тасарчихсан байсан. Путины зарилгаар 40 гаруй оюутан ОХУ-руу явахаар болж дүрслэх урлагийн салбарт нь би тэнцээд ОХУ-ыг зорьсон доо. Уг нь хувиар авсан сургуульдаа зургаан жил сурах ёстой байдаг гэхдээ дөрөвдүгээр курсээ төгсөөд Санкт-Петрбург хотын Репиний академид суралцаж төгссөн. Уг академи маань улсын зардлаар суралцуулахаа больчихсон, хувиараа сургалтын төлбөрөө төлж сурах ёстой. Миний хүсэл мөрөөдөл маань Репиний академи байсан учраас зориг гаргаж шалгалт өгөөд тэнцэж гуравдугаар курсээс нь суралцахаар болсон. Ингээд дөрвөн жил суралцаж Репиний академийн шилдэг долоон суралцагчийн нэг болж төгссөн. Дараагаар нь Репиний академийн захирал надад сургуульдаа үлдэх санал тавьсаны дагуу багшаар одоо ажиллаж байгаа.

-Нээлтээ хийж буй “Цагаан шөнө” гэх үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулаач?

-Санкт-Петрбург хот өөрөө дэлхий дахинд цагаан шөнө гэдгээрээ алдартай. Манай Монголын анхны ерөнхийлөгч болох П.Очирбат Санкт-Петрбург хотод уул уурхайн чиглэлээр суралцаж төгссөн байдаг. Энэ хотод суралцаж байсан хэдэн мянган оюутнууд бий. Манай төрийн өндөрлөгүүдээс эхлээд бизнес эрхлэгчид, нилээд алдартай уран бүтээлчид хүртэл уг хотод суралцсан байдаг. Тэр утгаараа “Цагаан шөнө” гэх үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа.

-Тэгэхээр тухайн хотыг дүрсэлсэн бүтээлүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдах уу?

-Зурагнуудаа амьд натураас зурсан байгаа. Яг Санкт-Петрбург хотод бүтээсэн 32 бүтээл уг үзэсгэлэнд тавигдана. Долоо найман зураг нь хүний хөрөг зураг байгаа. Санкт-Петрбург хотын балетчин эмэгтэйн зураг хүртэл багтсан. Гэхдээ ихэнх бүтээлүүд маань уг хотод багтах ихэнх хэсгүүдийг тусгаж өгсөн гэж хэлж болно.

-Өөрийнхөө зурдаг чиглэлийг өөрчлөнө гэж бодож байв уу?

-Миний мэргэжил бол суурин уран зураг. Ер нь бодит уран зураг, суурин уран зургаараа л зурна гэж бодож байгаа шүү. Гэхдээ бодит уран зургийг зурахад өөрийн гэсэн арга барил байдаг учраас бусад зураачдын бүтээлээс ялгарч харагдана. Зурах объектын хувьд ихэнхдээ хүн, аж ахуй, үйл явдалтай жанрын зургууд зурдаг л даа. Цаашдаа ч энэ чиглэлээрээ зурна.

-Өөрөө үзэсгэлэн хэр их үздэг вэ, хамгийн сүүлд хэн гэдэг зураачийн үзэсгэлэн үзсэн бэ?

-Санкт-Петрбург хотод Рембрандын үзэсгэлэн, Вангогийн үзэсгэлэн бий. Ер нь дэлхийн алдартай уран бүтээлчдийн үзэсгэлэн жил бүр гарч байдаг. Зарим хүмүүс надаас асуудаг л даа “Яагаад Монголдоо ирж үзэсгэлэн гаргахгүй байгаа юм бэ?” гэж. Урлагийн өлгий болсон газар, уран бүтээлчийн онгод орно гэж ярьдаг даа. Алдартай уран бүтээлчдийн зургийг харж үзэж байхад зурах хүсэл төрнө, орчны хувьд ч маш сайн бүрдсэн байдаг. Тэнд уран бүтээлээ туурвих дуртай.  Мэдээж цаашдаа Монголдоо зураад багшлаад явах байх.

-Хэн нэгэн уран зураг сонирхогч хараад л энэ монгол хүний бүтээл байна гэж хэлэхээр өөрийн гэсэн тодотгол манай уран бүтээлчдэд бий юу?

-Байгаа. Илт харагдана. Репиний академийг 60 гаруй уран бүтээлчид төгссөн байдаг. Үүнд 1954 онд Төрийн шагналт, ардын зураач Л.Гаваа зураачаас эхлэж сурсан бол хамгийн отгон зураач нь би юм уу даа. Монгол оюутнуудын хийсэн дипломын ажлыг архивт хадгалсан байдаг. Монгол зураачийн өнгө аяс, бичилт, техник гэх мэт маш олон зүйл нь илт ялгарч харагддаг. Ази дундаа Хятад, Солонгос, Япон зураач нараас эрс ялгаатай. Ази, Европ гэхээр бас ялгагдахгүй адилхан болчихдог та бий. Харин Монгол зураачийн бүтээл маш тод ялгарч харагддаг.Хятад, Япон, Солонгос оюутнуудыг харж байхад жаахан амьгүй зурдаг. Хүнийг яг фото шиг нь зурчихдаг, ямар ч амь байхгүй. Амь гэдэг маань тухайн хүний зан араншин, арьсны амьсгалж байгаа байдал зэрэг нь тухайн бүтээлийн амь болж байдаг юм. Харин манай уран бүтээлчид тэр болгоныг бүтээлдээ оруулж өгсөн байдаг учраас илүү амьтай болдог. Монгол зураачид ер нь их мундаг гэж би боддог. Монгол зураачид ер нь европын түвшинд очино шүү. Манайханд тулгардаг нэг асуудал байдаг нь боломж бүрдэж өгдөггүй. Санхүүгийн ч байдаг юм уу, олон нөлөөлөх хүчин зүйл нь жаахан болж өгдөггүй. Тэрнээс авьяас бий.

-Гадаадын уран зургийн хөгжлийг харьцуулвал хэр зөрүү байгаа вэ?

-Дэлхийн чиг хандлага орчин үеийн уран зургийн чиглэл рүү хандаж байгаа.Монгол ч мөн энэ хэсэгт яваа. Орчин үеийн урлагийн бүтээл туурвиж байгаа зарим залуус бий. Гэхдээ 30 орчим хувь нь. Орчин үеийн урлагт өөрийн гэсэн гоо сайхан байх хэрэгтэй. Түүнээс биш өөрийгөө гинжээр ороогоод энэ бол урлаг гэх юм бол хэн ч ойлгохгүй шүү дээ. Зарим уран бүтээлчдийн хувьд орчин үеийн урлаг гэдгээ ч ойлгоогүй нь бий. Европт орчин үеийн урлаг маш өндөр хөгжчихсөн. Гэтэл тэд эргээд бодит уран зураг классик уран зураг руугаа эргэж байна л даа. Жишээ нь манай сургуульд гэхэд л сүүлийн үед АНУ, Итали, Европоос маш олон оюутнууд ирж суралцах болсон. Репиний академийн хувьд бодит уран зургийг цорын ганц хадгалж үлдсэн академи гэж хэлж болно. Яах вэ АНУ, Европт уг академитай адилхан сургалттай газрууд бий. Гэхдээ чанарын хувьд Репиний академи илүү.

Монголын уран зураачдын хувьд бодит уран зураг тал дээрээ жаахан уналтанд орчихсон байгаа. Бодит уран зураг зурдаг хүмүүс бий, гэхдээ цөөхөн. Цөөхөн байгааг нь үгүйсгэж болохгүй. Дэлхий өөрөө орчин үеийн уран зураг гэдэг тал руугаа чиглэчихсэн байгаа болохоор уран бүтээлчдийг буруутгаж болохгүй. Гэвч сууриа маш сайн тавьж чадвал орчин үеийн уран зургийн төрлөөр уран бүтээл туурвихад дөхөм байдаг. Бодит уран зураг зурж чадахгүй байж шууд орчин үеийн урлаг руу хөл тавина гэдэг хэцүү. Эхлээд бодит уран зургаа судлах нь зөв. Зарим нь бодит уран зургаа зурж чадахгүй хэрнээ шууд орчин үеийн урлаг туурвина гэж яриад хийгээд л байдаг. Иймээс л орчин үеийн урлаг өөрөө урлаг мөн үү гэсэн эргэлзээг дагуулж байгаа шүү дээ.

-Уран зураач нарыг тэр болгон хүмүүс, улс сайн мэддэггүй ч юм шиг сэтгэгдэл хааяа төрдөг?

-Дүрслэх урлагийн музей гэж байдаг шүү дээ. Уг музейд тавигдсан “Азарганы ноцолдоон”, “Талын айл”, “Ажлын дараа” гэх мэт сор болсон бүтээлүүд шиг бүтээл дахиж нэмж өлгөгдөхгүй байна вэ гэдэг чинь бас нэг төрлийн эргэлзээг бий болгож байгаа биз. Манай сайн уран бүтээлчид байгаа боловч тэднийг дэмжих зүйл байхгүй учраас яаж нэмэгдэх билээ дээ. Урлаг гэдэг өөрөө тухайн улсын нүүр царай. Олимпод явсан тамирчдыг бид ярьдаг шүү дээ “мундаг эх орныхоо нэрийг гаргасан” гэж. Тэгвэл уран бүтээлчид ч ялгаагүй зургаа зураад л томоохон тэмцээнүүдэд Гран-приг нь авсан тохиолдол цөөнгүй хэд бий.  Энэ хоёр зүйл адилхан. Олимпийн хэмжээний нэр хүндтэй тэмцээнээс Монгол уран бүтээлчид зургаа зураад шагнал авчихсан л байгаа. Харин тэр уран бүтээлчдийг дэмжихгүй байна л даа. Бөх, зураач хоёр адилхан л улсынхаа нэрийг гаргаж байгаа. Сая Санкт-Петрбургт Эмнэлгийн цэргийн анагаахын дэлхийн хэмжээний 80 гаруй оюутнууд оролцдог сэлүүрт завины тэмцээнд Монголчууд сар гаруй хугацаанд бэлдээд хоёрдугаар байранд орчихсон. Гэтэл Монголд хэн ч мэдэхгүй. ОХУ-ын хэдэн том телевизүүдээр нь гараад л өнгөрчихөж байгаа юм даа.

-Үндэсний ялгаварлал ОХУ-д их байдаг гэсэн үнэн үү?

-Одоо бол Орост харьцангуй гайгүй болчихсон. Монголчууд өөрсдөө архи уугаад, шоудаж, хүмүүсийг өдөж асуудалд орооцолдчихоод дараа нь оросууд аймар гэж ярьдаг. Хамгийн гол нь Монгол оюутнууд өөрсдөө л болдоггүй юм. Хэрвээ хичээлээ хийгээд л явсан бол хэн ч очиж хатгаж зодохгүй шүү дээ. Харин яг үнэндээ Монголдоо ирээд би гудамжинд явж байгаа залуучуудаас айж байна. Зүгээр шүргээд л өнгөрөхөд Орост залуучууд нь  мөргүүлчихсэн хэрнээ уучлалт гуйдаг. Монголд бол бүдүүлгээр хараагаад замаа харж яваач гэж хэлдэг. Уг нь оросууд бүдүүлэг талдаа ард түмэн. Гэхдээ орчин үеийн залуучууд нь маш соёлтой болчихсон. Магадгүй ОХУ-ын тосгонд ч гэдэг юм уу хэсэг газруудад тийм зүйл байгааг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг сурч байгаа хүмүүс тосгонд очиж сурахгүй шүү дээ том том хотод очиж сурна ямар нэгэн айх зүйлгүй. Эсрэгээрээ манайд харин энэ зүйл бий. Нэг эмэгтэй хятад хүнтэй сууж байх юм бол энэ муу хужаа ална гээд зодох тохиолдол олон бий. Хятадуудад дургүй байж болно, гэхдээ хэт туйлширах нь хэрэггүй л болов уу. Одоо чинь 21-ээр зуун шүү дээ. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Ямар сэлэм бариад байлдаад яваад байгаа биш. Монгол залуучууддаа хандаж хэлэхэд тийм зүйл дэмий л болов уу. Дэлхийтэй уралдаж боловсорч, соёлжих хэрэгтэй.

-Уран зураг гэж ер нь юу юм бэ?

-Уран зураг бол “Уран зур”л гэсэн үг шүү дээ. Техник технологи хөгжөөд чадварлаг зураачид төрөөд байгаа хэрнээ уран зураг гэдэг зүйлийг орхихгүй харин ч илүү сонирхоод байгаагийн нууц нь фото зурганд арьсны өнгө харагдахгүй, уран зурганд агаар амьсгал, арьсны өнгө харагдана. Би чамайг зурах гэж байна гэж төсөөлье. Тэгэхийн тулд хоёулаа харилцаж үзнэ, ямар хүн байна, чиний эмоци, зан чанар тэр болгоныг гаргаж зурдагаараа энэ уран зураг болж байгаа юм. Гэхдээ тэр болгоныг зураач нар тайлбарлаж чадахгүй. Бид тухайн үед зурж байгаа бүтээлээ үгээр хэлж тайлбарлаж чадахгүй. Бид нар чинь ярьдаг биш хардаг хүмүүс шүү дээ. Зураг гэдэг бол угаасаа агуу зүйл л дээ.

-Уран зураач нар амьдрах чадавхийн хувьд ямар байдаг вэ?

-Ихэнх хүмүүс зураачдыг ядуу, архичин, зургаа зураад хямдхан зардаг гэдэг ойлголттой байдаг. Үүнтэй би 100 хувь санал нийлдэггүй. Зураачид гэдэг хамгийн их юм судалсан, мэдлэгтэй, цаг хугацаанаасаа түрүүлсэн хүмүүс байдаг. Зарим залуу зураачид хэтэрхий өөр содон болох гэж оролддог. Гэхдээ тэр зүйл чинь жаахан жул харагдана шүү дээ. Яг зураач хүмүүс гэвэл хамгийн элигантны хүмүүсийг хэлдэг л дээ. Манай сургуулийн багш нар гэхэд костюм пиджак, зангиа галстуктай 80 хүрч яваа хэрнээ цэмбийсэн хүмүүс байдаг. Яагаад гэхээр өөрийнхөө урлагаа хүндэтгэж байгаа хэлбэр нь шүү дээ. Зургаа зурахдаа хүртэл гоёлтойгоо зурдаг байдаг ч юм уу. Зураач нар гэдэг бол эрхэмсэг, баян хүмүүс юм. Мэдээж хэдэн зуун мянган уран бүтээлчдээс ялгарч байж, чаддаг байж зургаа борлуулна. Тийм ч учраас үргэлж зур, зурах тусмаа л сайжирна.

-Багшлах ямар вэ, гадаад оюутнуудад багшлах ямар байдаг вэ?

-Багшлах сайхан шүү. Репиний академийн сургалтыг Монголд оруулж ирэх бодол байгаа. Энэ боломжийг судалж байгаа. Заавал Репиний академид суралцах биш Монголоос баримлаар нэг хүүхэд, графикаар нэг хүүхэд, архитектур театр гэх мэт салбарт хүүхдүүдийг өөрөө сонгож авч яваад сургах бодолтой байгаа. Би өөрөө авч явах учраас хүүхдүүдээ маш сайн харна л даа. Авъяастай хүүхэд ОХУ-д очоод архи уугаад замхарч магадгүй. Авъяасгүй хүүхэд очоод тодроод мундаг болохыг бас үгүйсгэхгүй. Сонголтыг маш зөв хийж, тав, зургаан оюутнуудыг сургаж төгсгөөд энд Репиний академийн салбар сургууль бий болгохсон гэж бодож байгаа. Бид нар заавал ОХУ-д суралцахгүйгээр Монголдоо суралцах боломж бий болно шүү дээ. Би мэдээж хэрэг Репиний академийн сургалтанд юу нэмэгдэж байна, хасагдаж байна гэсэн мэдээллүүдийг нь асуудалгүй авчирч болно. Хааяа ОХУ-аас багш авчираад хичээл заалгах боломжтой.

-Таны ярианаас ажиглахад ОХУ-д уран зургийн чиглэлээр суралцахад их удаан суралцдаг юм шиг санагдлаа. Манайд бол дөрвөн жил сураад л зураач болчихдог шүү дээ?

-Манай дүрслэх урлагийн сургуулийн багш нар мундаг байна. Дөрөвхөн жилийн дотор арван жилээ төгссөн хүүхдүүдийг зураач болгоод гаргаж байгаа юм. Харин ОХУ-д эхлээд дүрслэх урлагийн дунд сургуулиа төгсөөд шалгалт өгнө. Шалгалтанд уначихдаг учраас хоёр жил бэлтгэлдээ сууна. Тэгээд акедемийг зургаан жил сураад төгсдөг. Нийтдээ 12 жил суралцаад төгсдөг гэж хэлж болно. Тэгсний дараагаар зураач мэргэжлийг авч гардаг.

-Тэгвэл манай дүрслэх урлагийн чиглэлийн сургалтын хувьд хэр сайн бэ?

-Соёл урлагийн их сургууль, дүрслэх урлагийн сургуультай нэгдчихсэн юм байна билээ. СУИС-ын удирдлагуудын өгч байгаа сургалтын хөтөлбөрийг харсан. Харамсалтай нь дүрслэх урлагийн талаар ямар ч мэдлэг байхгүй хүмүүс Дүрслэх урлагийн сургуульд сургалтын хөтөлбөр өгч байгаа явдал. Чадваргүй, зураач биш хүмүүсийн хичээлийн программ яаж зураачдыг бэлтгэж гарах билээ. Мөн эрт зураач багш нараа ажлаас нь халчихдаг. Репиний академид залуу хүмүүс нь  50,60 настай хүмүүс байдаг. Хөгшин хүмүүс нь  80,90 настай хүмүүс бий. Тэдгээр доктор профессоруудаас авах юм байгаа учраас байлгаад л байдаг. Энд авах юмтай юмгүйг нь ч мэдэхгүй халаад байхаар чинь яаж боловсрол ахих вэ дээ. Би уг нь бэлтгэл курстэй байх хэрэгтэй гэж сургуулийнх  нь удирдлагад хэлсэн. Мэдээж хэрэг харандаагаа үзүүрлэж чадахгүй хүүхдүүд уран зураг, график зургийн анги руу орох уу гэж байгаад мэдэхгүй зүйлээ сонгож ордог. Харин бэлтгэл курсэд орсныхоо дараагаар нарийн мэргэжлээ сонговол ядаж мэргэжлээ мэддэг болчихно. Бэлтгэл курстэйгээ нийлээд зургаан жил суралцаж байж л ер нь зураач болох юм бол чанартай болно. Дам сонсоход бэлтгэл курстэй болох санал тавьсан юм байна билээ. Тэрийг нь дэмжсэн.Гэхдээ дөрвөн жилийн нэг жилийг нь бэлтгэл курс болгоно гэж ярьжээ. Гурван жил мэргэжлээр нь сургаад төгсгөх, дөрвөн жил хоёр ямар ч ялгаагүй. Ирээдүй монголын урлагийн салбарыг авч явах залуучуудыг ингэж хэдэн төгрөгний төлөө халтуурдаж болохгүй шүү дээ. Оронд нь зургаан жил сурдаг байлгахад хамаагүй дээр болно. Миний хувьд Дүрслэх урлагийн дээд сургуульд Репиний академиас багш нар авчираад хичээл заалгах боломж бий.

-Сургалтын хувьд зайлшгүй шинэчлэлт хийх шаардлагатай байгаа гэсэн үг үү?

-Тийм. Шинэчлэлт хийхгүй биш хийгээд байгаа юм. Хамгийн гол нь мэргэжлийн бус хүмүүс шинэчлэлт хийхээр хуучнаасаа дордуулаад байгаа юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж