2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний E, F хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд өнөө шөнө /VI.26/ болно. ДАШТ-ий хуваарь ёсоор F хэсгийн Нигер болон Аргентин, Босни Герцеговин болон Ираны тоглолт 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/, Е хэсгийн Гондурас Швейцарь, Эквадор Францын тоглолт 04:00 цагаас эхэлнэ. 2014 оны ДАШТ тун их дуулиан шуугиантайгаар Бразил улсад болж байна. Харин ДАШТ-ий Е, F хэсэг тун даруухан, дуулиан шуугиангүй үргэлжилж байгаа юм. Өнөө шөнө ерөнхийдөө Франц, Аргентиныг аль улсын шигшээ дагаж, хасагдах шатанд шалгарахыг тодорхойлох тоглолтууд болно.
F ХЭСЭГ: НИГЕР – АРГЕНТИН
Дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ Лионель Мессигийн хоёр гоолоор Босни Герцеговин, Ираныг хожиж, зургаан оноотойгоор дараагийн шатанд шалгарах болзлоо хангасан юм. Харин Нигер Ираны шигшээтэй тэнцэж, Босни Герцеговиныг 1:0-ийн харьцаатай хожсоноор дөрвөн оноотой болсон. Өнөөдрийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн тохиолдолд Аргентин, Нигер дараагийн шатанд шалгарна. Хэрвээ Аргентин хожвол Нигер дараагийн шатанд шалгарах нь Босни Герцеговин, Ираны тоглолтын дүнгээс хамаарах болно. Харин Нигер хожвол хэсгээ тэргүүлж, Аргентин хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарна.
Лионель Месси, Гонсало Игуайн, Серхио Агуэро, Анхель Ди Мария, Эзикель Лавесси тэргүүтэй дээд зэрэглэлийн довтлогчтой Аргентин ДАШТ-д “ердөө” гуравхан гоол оруулаад байна. Хоёр гоолыг нь Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси орууллаа. Харин нэг гоолыг нь Босни Герцеговины хамгаалагч өөрийн хаалгандаа оруулсан юм.
Африкийн “Цөлийн үнэгнүүд” хочит Нигер 2014 оны ДАШТ-д Босни Герцеговины хаалганд ганцхан гоол оруулсан нь хожил авчирсан юм. Тиймээс Аргентин, Нигерийн тоглолт тун цөөн гоолтой болох магадлалтай.
БОСНИ ГЕРЦЕГОВИН – ИРАН
Хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа оролцож буй Босни Герцеговины хувьд тэмцээн дууссан. “Супер Бүргэдүүд” хочит Босни Герцеговин Аргентин, Нигерт дараалан хожигдсоноор 2014 оны ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдах нь тодорхой болсон. Босничууд ДАШТ-д анх удаа өрсөлдөж, анхны түүхэн гоолоо оруулсан. Харин өнөө шөнө анхны түүхэн хожлоо авахаар Ирантай өрсөлдөх болно. Босни Герцеговин ДАШТ-ээс хасагдсан тул бодож, санах зүйл тайван тоглох тодорхой. Харин Иран Босни Герцеговиныг хожиж, Нигерийг Аргентин хожоосой гэж залбирч, найдах болно.Нигер Аргентинд хожигдож, Иран Босни Герцеговиныг хожвол дараагийн шатанд шалгарах боломж байгаа юм.
E ХЭСЭГ: ГОНДУРАС – ШВЕЙЦАРЬ
Швейцарийн шигшээ баг Гондурасыг олон гоолыг зөрүүтэй хожих даалгавартай талбайд гарна. Харин Гондурас 2014 оны ДАШТ-ийг ялалт, ядаж тэнцээгээр өндөрлүүлэхийн төлөө тэмцэнэ. Энэ тоглолтод Швейцарь хожвол дараагийн шатанд шалгарах боломж бий. Швейцарь ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Эквадорыг хожиж, дараагийн тоглолтод Францад хожигдсон юм. Швейцарь гурван оноотой Эквадорын шигшээн хамт Е хэсгийн хоёрдугаар байранд бичигдэж байна. Харин Гондурас Франц, Эквадорт хожигдсоноор хэсгийнхээ сүүлийн байранд явна.
ЭКВАДОР – ФРАНЦ
Францын шигшээ Е хэсгээс шалгарах нь тодорхой болсон. Францчууд ДАШТ-ий нээлтдээ Гондурасыг, дараа нь Швейцарийг хожсоноор зургаан оноотой хэсгээ тэргүүлэх болсон юм. Францын шигшээ 2014 оны ДАШТ-д тун хялбар сугалаа татаж, сулхан өрсөлдөгчтэй Е хэсэгт таарсан. Харин Луис Антонио Валенсиа тэргүүтэй Эквадорчууд хэсгийн хоёрдугаар байраар шалгарахын төлөө тэмцэх болно. Е хэсгээс аль улсын шигшээ тодорч, дараагийн шатанд шалгарах нь маргааш өглөө тодорхой болно. Тэр болтол юу болохыг хүлээе.
Ер нь 2014 оны ДАШТ хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлогч томоохон гүрнүүдэд тун халгаатай болж байна. Энэ ДАШТ-ийг дөрвөн удаагийн аварга Итали, нэг удаагийн аварга Испани, Англи орхилоо. Тун харамсалтай. Гэсэн ч дэлхийн аваргуудыг өвдөг сөгдүүлсэн шигшээ багууд дараагийн шатанд хэрхэн тоглох нь сонирхолтой.
Б.БИЛЭГ