Тайвань, БНХАУ худалдааны гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Тайвань, БНХАУ худалдааны гэрээ байгууллаа

Хятад, Тайвань хоёр иргэний дайнаар тусдаа болсноос хойш сүүлийн 60 жилд байгаагүй түүхэн худалдааны гэрээнд талууд Хятадын Чонгчин хотод гарын үсэг зурлаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээний тохиролцоо хэмээх гэрээгээр хоёр улсын хооронд хэдэн зуун худалдааны тарифыг үгүй болгож байна. Энэ гэрээ байгуулагдсанаар одоо 110 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа хоёр улсын хоорондын худалдааны харилцааг бүр нэмэгдүүлэх болно. Эдийн засгийн хувьд энэ гэрээ Тайваньд илүү ашигтай бол урт хугацаандаа Бээжингийн улс төрийн ашиг сонирхолд илүү нийцнэ гэж Бээжин үзэж байна.

Энэ гэрээг хоёр улсын хоорондын хүйтэн харилцааг зөөлрүүлнэ гэж амалж сонгогдсон Тайванийн ерөнхийлөгч Ма Инг-жеогийн бодлогийн том амжилт боллоо гэж зарим улс төрчид үзэж байна. Одоогийн байдлаар Хятад Тайваниас жилд 80 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа бол Тайвань жилд 30 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн Хятадаас худалдаж авч байна. Шинээр байгуулагдаж байгаа гэрээний дагуу бараг 14 тэрбум ам.долларын үнэ бүхий Тайванийн бараа бүтээгдэхүүн Хятадад экспортлогдохдоо тариффын хөнгөлөлт эдлэх болно.

Түүнчлэн Тайванийн компаниуд Хятадын үйлчилгээний салбаруудад, тухайлбал банк, даатгалын салбарт хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байна. Тайваньд энэ гэрээг байгуулахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байсан ч санал асуулгын дүнгүүдээс үзвэл тайваньчуудын дийлэнх нь энэ гэрээг байгуулахыг дэмжиж байгаа бололтой. Энэ гэрээг эсэргүүцэж байгаа Тайваньчууд гэрээ байгуулагдсанаар Хятадын хямдхан бараа бүтээгдэхүүн Тайваньд орж ирж эдийн засагт нь сөрөг нөлөө учруулна гэж болгоомжилж байгаа юм. Мөн ирээдүйд энэхүү худалдааны гэрээгээ улс төрийн зорилгод ашиглах вий гэсэн болгоомжлолыг Тайванийн зарим иргэд ярьж байгаа.

Энэ гэрээ Бээжингийн хувьд эдийн засгийн гэхээсээ улс төрийн ач холбогдолтой гэж Хятадын улс төрчид ярьж байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жиабао “бид ашиггүй байж болно, учир нь Тайванийн нөхөд бол бидний ах дүүс” гэж ярьж байсан юм. Олон арван жил хоёр талын харилцаа хурцадмал байдалтай байсан бөгөөд одоо ч гэсэн Хятадын цэргийн пуужингууд Тайванийг онилсон хэвээрээ байгаа. 1949 онд Хятадын иргэний дайны дараа Хятад, Тайвань хоёр тус тусдаа засаглалтай болсон. Чонгчинг хотод гарын үсэг зурах болсон нь түүхэн учир холбогдолтой гэнэ. Учир нь 1949 онд Хятадын коммунист удирдагч Мао Зедунг, үндсэрхэг ерөнхийлөгч Чиан Кай Шек нар тус хотод энх тайвны гэрээ байгуулах гэж байсан ч байгуулаагүй, харин оронд нь Чиан Кай Шек Тайваньруу зугатан гарч тусдаа Засгийн газар байгуулсан юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж