Балотелли онигоонд оров

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Балотелли онигоонд оров

Олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг Италийн шигшээ багийн довтлогч Марио Балотелли 2014 оны ДАШТ-ээр олны дунд “онигоо” болов. Марио Балотелли 2014 оны ДАШТ-ий өмнө “Итали түрүүлж, би домог болно” гэж твиттер хуудаснаа жиргэж, хөгжөөн дэмжигчдээсээ хүндлэл хүлээсэн. ДАШТ-ий нээлтийн тоглолтод Марио Английн хаалганд хожлын гоол оруулж, домог болох эхлэлээ тун давгүй тавьсан. Түүний дараа “Супер Марио” хочит Балотелли “Хэрвээ Итали Коста Рикаг хожвол би Английн хатан хаанаар хацар дээр үнсүүлмээр байна” гэж жиргэсэн нь цахим ертөнцийг шуугиулсан. Итали Коста Рикагийн шигшээг хожсон тохиолдолд Англид хэсгийн шатнаас шалгарах боломж байсан юм. Гэвч Италичууд Коста Рикад 1:0-ийн харьцаатай хожигдож, Марио Балотелли Английн хөгжөөн дэмжигчдэд амаа асуулган, “домог” болох дөхсөн юм.

Хэсгийн сүүлийн тоглолтод Марио Балотелли домог болохоор Уругвайн эсрэг талбайд гарсан ч 46 дахь минутад гэмтэж, талбайг чөлөөлсөн. Энэ тоглолтод Итали Уругвайд 1:0-ийн харьцаатай хожигдсоноор хэсгээс шалгарч чадалгүй ДАШТ-ийг өндөрлүүллээ. Тэгвэл өнөөдөр Марио Балотеллид “Та домог боллоо. Итали 2014 оны ДАШТ-д түрүүллээ. Баяр хүргэе” гэсэн мэндчилгээний үгс олноор иржээ.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж