Эрдэнэт хотын агаарын бохирдолтыг бууруулах зорилгоор “Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс”-ийг бий болгох асуудлыг АИТХ-ын 17-р хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор дээрх хязгаарлалтын бүсэд дагаж мөрдөх 6 бүлэг бүхий журмын төслийг холбогдох байгууллагаас боловсруулжээ.
Тодруулбал, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийг 1-3 хязгаарлалтын бүсэд хуваахаас гадна хотын төв буюу орон сууцны бүс гэж ангилна. Хязгаарлалтын 1-р бүсэд Булаг, Баянбулаг, Цагаанчулуут, Наран баг, Дэнж багийн хойд хэсэг хамаарна. Тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулах ААН-үүд үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга байгууламждаа агаарын чанарт сөрөг нөлөөлөлгүй тоног төхөөрөмж нэвтрүүлэх, иргэд ахуйн хэрэгцээндээ зөвхөн бүрэн шаталттай, сайжруулсан зуух ашиглаж, шаардлага хангасан түлш түлэх тэргүүтэй 15 заалтыг дагаж мөрдөнө.
Харин хязгаарлалтын 2-р бүсэд Рашаант, Шанд, Даваат, Яргуйт, Их залуу баг болон Уртын гол багийн Эрдэнэт-Булганы авто замын хойд хэсэг хамаарах бөгөөд энэ хэсэгт үйл ажиллагаа явуулах ААН, иргэд нь орчны ногоон байгууламжийг хамгаалах, арчлах, өөрийн эзэмшиж, өмчилж авсан газартаа 5-аас доошгүй мод тарьж, ургуулах, эзэмшлийн нүхэн жорлондоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, орчинд эвгүй үнэр гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг 12 заалтыг хэрэгжүүлэх ёстой. Харин хязгаарлалтын 3-р бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн ААН-үүд үнс, хог хаягдлыг зориулалтын цэг болон битүүмжлэл сайтай саванд хийж түр хадгалах, зориулалтын үйлчилгээний автомашинаар тээвэрлэх тэргүүтэй 10 заалтыг хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: http://erdenet.mn