Монголын волейболын холбооноос сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ сарын 21-нд МУИС-ийн IV байранд эхэлсэн УАШТ-нд эрэгтэй 23, эмэгтэй найман баг оролцож байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн баг тодорлоо.
Эрэгтэйчүүдээс "Аврагч", "Хасу Мегастарс", ЭБЦТС, "Хангарьд", "Замчин", "Шандаст Хонгор" болон "Булган Сэлэнгэ пресс", Хэнтий аймгийн багууд шалгарч "Е", "F" хэсгүүдэд хуваагдан тоглож байна. Эмэгтэйчүүдээс "Мөнхтийн", "Замчин", "Хилчин" болон "Эрчим" багууд хагас шигшээд шалгарчээ.
Өчигдрөөс эхлэн эрэгтэйчүүдийн "Е", "F" хэсгийн тоглолтууд эхэлсэн бөгөөд "Аврагч", "Хангарьд", "Замчин", "ЭБЦТС" болон "Булган Сэлэнгэ пресс" багууд эхний хожлуудаа аваад байна. Харин "F" хэсгийн "Замчин" баг хоёр хожил аваад байгаа бөгөөд тэд маргааш "Булган Сэлэнгэ пресс" багтай тоглох аж.
"E", "F" хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр, маргааш болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.
Тэмцээний хагас шигшээ тоглолт баасан гаригт(06.27), шигшээ тоглолтууд бямба гаригт (06.28) болсноор УАШТ өндөрлөнө. Тэмцээн МУИС-ийн IV байр буюу Эдийн засгийн сургууль дээр болж байна.
Ч.БОЛ