Урт нэртэй хуулийг эсэргүүцэж, Төрийн ордон руу буудсан хэрэгт буруутгагдан шалгагдаж хоёр ч шатны шүүхээс ял авсан Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох шүүх хурлын талаар иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн “Гал үндэстэн холбоо”-ноос мэдээлэл хийлээ. Ц.Мөнхбаяр нар давж заалдсан бөгөөд хоёр хоногийн дараа Дээд шүүх хэргийг хянан хэлэлцэх юм. хэвлэлийн бага хурал хийгчид “Дээд шүүх газар шороогоо хамгаалж тэмцсэн иргэнийхээ талд шийдвэр гаргаж, хуулиа биелүүлнэ гэж найдаж байна. Энэ урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргасан. Тиймээс наадмаас өмнө энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардсан манай хөдөлгөөний гишүүдийг суллах байх гэж бид найдаж байна” гэж хэлж байна. Буруу оноосон ялыг цагаатгах ноь зүйтэй гэж тэд үзэж байгаагаас гадна энэ хэргийг буруу гэж үзэж байгаа бол прокурорын байгууллагаас ялын шалтгааныг арилгаж уг хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэйг тэд дурдаад энэ хэргийн төлөө Монголын ард түмэн нэгдэж эрүүл орчинд амьдрах эрхийнхээ төлөө нэгдэх ёстой гэж тэд хэллээ. Ц.Мөнхбаяр тэргүүтнүүд өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай” буюу Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Мөн энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Сэнтрал тауэр, Засгийн газрын хоёрдугаар байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан, мөн төрийн алба хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан хэргийг үйлдсэн юм.“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст холбогдох давж заалдах шатны шүүх хурлаар “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6,1 жил, Д.Төмөрбаатарт 10,6 жил, Ж.Ганболдод 1, жилийн хорих ял, М.Мөнхболдод нэг жилийн хорих ял тус тус оноосон юм. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Энэхүү шийдвэрийг өөрчилж эх орон, нутаг ус, цаашлаад эх дэлхийгээ хамгаалахын төлөө тэмцэж байгаа эдгээр хүмүүсийг суллах нь зүйтэй гэж иргэний хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм.
Хэвлэлийн хурлын үеэр “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Мөнхбаяраа чи энэ хугацаанд шоронд байхдаа ямар нэгэн байдлаар гоншгоносонгүй. Ямар ч шийдвэр гарсан байсан энэ олон хүмүүс байгаа шүү. Харин ч өөрийгөө цэнэглээд илүү их тэмцэл хийхэд бэлдээд гараад ирээрэй гэж хэлмээр байна” гэлээ. Эрүүгийн хариуцлага гэдэг бол хүнийг муу муухай бодсоны төлөө хүлээлгэдэг хариуцлага. Ц.Мөнхбаярт ийм санал бодол байсан уу гэдгийг монголчууд мэдэж байгаа гэдгийг Х.Бат-Ялалт хэлж байна.
Л.ХАЛИУ