Хаврын чуулган хаалтаа хийхэд арваадхан хоногийн хугацаа үлдээд байна. Гурван сарын турш улстөржсөн гишүүд чуулганы хаалттай зэрэгцээд морь мал, баяр наадам гээд алжаал ядаргаагаа тайлахаар алга болж өгөх нь тодорхой биз.
Гэтэл улс орны эдийн засгийн байдал улам хэцүүдэж, парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан хэд, хэдэн хуулиас болоод орж ирэх мөнгө ч саатсан хэвээр байна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой уялдуулж, Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дөрвөн жилийн турш хоригтой байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох асуудал уул уурхайн салбарт юу юунаас ч илүү чухал асуудал болчихоод байгаа юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хориг гол зорилгоо биелүүлж чадсан нь үнэн. Өнгөрсөн 2005-2010 оны хооронд Монголын газар нутгийн 45 хувь нь лицензний наймаачдын цүнхэнд явдаг байсан талаар албаны хүмүүс ярьдаг. Тиймээс тусгай зөвшөөрлийн замбараагүй олголт, хууль бус наймааг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүчинд манай улсын нутаг дэвсгэрийн 7-8 хувийг тусгай зөвшөөрөлтэй газар эзэлж байгаа юм. Харин өнөөдөр энэ хууль үүргээ нэгэнт гүйцэтгэчихсэн болохоор эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг цуцлах шаардалга тулгарч буй. Тэгээд ч Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод геологийн судалгаа түрүүлж хөгжих ёстой гэдэг асуудлыг тусгачихсан болохоор хайгуулын тусгай зөвшөөрлийг хориг цуцлах асуудлыг хаврын чуулганаар шийдвэрлэх хэрэгтэй байна.
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол орны бүтээн байгуулалтын цаг бага, намрын сэрүүнээс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хоригийг цуцалж, мөнгөний хомсдолд орсон эдийн засагтаа цус сэлбэхгүй бол ирэх он хүртэл дахиад бүтэн жил хөрөнгө оруулалт таг зогсоно гэсэнм үг. Тэр тусмаа эрэл хайгуулгүйгээр эрдэс баялгийн салбарын хөгжил урагшилдаггүй болохоор хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг хэзээ тавих бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад ч, эдийн засагчдад ч, уул уурхайн салбарынханд ч багагүй бий. Мэдээж, хориг тавилаа гээд хэн дуртайд нь хаа хамаагүй газар тусгай зөвшөөрөл олгогүй. Урьдын адил танил талтай, овжин сэргэлэн нэгэн төрийн тамгатай цаасаар баяжих боломж гарахгүй гэсэн үг. Хуулийн төсөлд тусгаснаар дархан цаазтай, төрийн тусгай хамгаалалттай, ой, усны сан бүхий газарт тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй. Зөвхөн төрөөс тогтоосон талбайд тусгай зөвшөөрөл олгох бөгөөд лицензний бизнесийг цэцэглүүлэхгүйн тулд тодорхой шалгуур, шаардлага тавьж байгаа ажээ.
Өнгөрсөн гуравдугаар сард болсон эдийн засгийн чуулга уулзалтаар УИХ-ын дарга З.Энхболд наадмаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг цуцална гэдгээ амалсан. Гэтэл наадам болоход хоёр долоо хоног, хаврын чуулган хаалтаа хийхэд арваадхан хоног үлдээд байгаа болохоор энэ их улс төржсөн парламентаар Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх хугацаа байхгүй ч байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайнханд өгсөн УИХ-ын дарга амлалт бүтэхгүй байх магадлал өндөр байгаа юм.
Хаврын чуулганаар эдийн засагт чухал хэд хэдэн хуулийн төслүүд “төрхөмдөө” буцсанаас харвал Ашигт малтмалын тухай хууль парламентын босгыг давж чадах болов уу гэсэн эмзэглэл төрүүлж байгаа юм. Энэ хуулийг хэлэлцэх хугацаа хойшилогдох тусам эдийн засагт орж ирэх мөнгө хойшлогдсоор байх нь гарцаагүй. Тиймээс л наадмаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг тавих асуудлыг амжиж хэлэлцэх нь чухал байна. Хэдэн сарын турш сандал суудлын хэрүүл хийсэн гишүүд чуулган хаалаа л бол намар болтол саарал ордонд үзэгдэх ч үгүй. Намрын чуулган нээлтээ хийгээд дахиад л энэ хавар шиг улстөржих юм бол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах асуудал талаар өнгөрч болзошгүй юм. Ийнхүү дөрвөн жил уул уурхайн салбарынханд хүлээлт үүсгэсэн хайгуулын тусгай зөвшөөрөлийн хориг хэзээ тавигдах нь бүрхэг асуудал хэвээр, УИХ амалсан амлалттаа хэзээ хүрэх нь тодорхой бус байна. Ингэхэд энэ хаврын чуулганаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг цуцалж чадахгүй бол УИХ үүргээ маш муу гүйцэтгэсэн хаврын чуулган боллоо гэж тодорхойлохоос өөрөөр яах билээ.
Ж.НЯМСҮРЭН