Швейцарид суугаа Өргөмжит консулд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Швейцарид суугаа Өргөмжит консулд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дэлхийн улс орнууд хилийн чинадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, цаашлаад тухайн улстай эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор Өргөмжит консул гэж томилдог. Манай улсын хувьд АНУ, ОХУ, БНХАУ, Турк, Швейцари гэх зэрэг дипломат харилцаа тогтоосон орнуудад өөрийн гэсэн Өргөмжит консулыг томилсон байдаг. Нэг ёсондоо Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон орнуудад Өргөмжит консул томилж, түүгээрээ дамжуулан өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалуулахаас гадна түүх соёл, зан заншлаа сурталчилдаг хэрэг. Нөгөөтэйгүүр, Өргөмжит консул нь хэдий чинээ идэвхтэй ажиллана төдий чинээ тухайн улсын нэр хүнд өсч байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал Монголыг зорих жуулчдын тоо өснө гэсэн үг. Тэгвэл Монголоос Швейцари улсад суугаа Өргөмжит консул Урс Эрнст Шварценбахт тус улсын хуулийн байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай дэлхийн урлагийн бүтээлүүдийн талаар мэдээлдэг нөлөө бүхий сайт болох http://www.artmarketmonitor.com/-д мэдээлжээ. Тодруулбал, тэрбумтан Урс Эрнст Шварценбах нь Швейцарийн Цюрих хотын өөрийн эзэмшлийн таван одтой "Долдер" зочид буудалдаа чимэг болгож байрлуулсан уран зурагнуудынхаа татварыг төлөхөөс зайлсхийсэн гэжээ.

Тэрээр 75 сая швейцари франкийн үнэ бүхий 45 уран зургийг зочид буудалдаа байрлуулахдаа татвар төлөөгүй аж. Швейцерийн хуулиар өндөр үнэтэй урлагийн бүтээлийг эзэмшихдээ найман хувийн татварыг улсдаа төлөх ёстой юм байна. Гэвч Урс Шварценбахт өнөөдрийг хүртэл ямар нэгэн татварыг улсдаа төлөөгүй байна. Мөн эдгээр зургийг хилээр оруулж ирэхдээ гаалийн татвараас зугтаж хууль бусаар оруулж ирснийг нь тус улсын гаалийн ажилтнууд тогтоожээ. Тиймээс гаалийн татвараас зайлхийж, өндөр үнэтэй урлагийн бүтээлийг хууль бусаар хил давуулсан хэмээн түүнд тус улсын хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус улсын хууль хяналтын байгууллагынхан энэхүү хэргийг бататгахын тулд түүний эзэмшдэг "Долдер" зочид буудалд энэ оны дөрөвдүгээр сард нэгжлэг хийж хууль зөрчсөн болохыг нь тогтоосон байна. Эл хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатандаа яваа учир тус улсын хуулийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж. Швейцари улсад суугаа Өргөмжит консул Урс Шварценбахыг Монгол, Швейцари улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнаж байсан юм. Ямартай ч, Монголоос Швейцари улсад суугаа Өргөмжит консул Урс Шварценбахыг татвараас зайлхийсэн, уран зураг хууль бусаар хил давуулсан хэргээр тус улсын хууль хяналтын байгууллагынхан ийнхүү шалгаж эхэлжээ. Тэрээр Өргөмжит консулаас гадна дэлхий даяар үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалтын худалдаа, худалдан авалт хийдэг "Swiss-Mo Investment AG" компанийн томоохон хувьцаа эзэмшигч аж. Нөгөөтэйгүүр, Английн хунтайж Чарлызын найз гэгддэг Урс Шварценбах Английн нэгэн тосгоныг 38 сая фунт стерлингээр худалдаж авч байсан нь хэсэгтээ шуугиан дэгдээж байсан юм.

Дашрамд, Швейцарийн Цюрих хотын Адисберг ууланд байрладаг "Долдер" зочид буудал нь 1899 онд баригдсан дэлхийд алдартай эхний арван зочид буудлын нэг аж. Өөрөөр хэлбэл, "Долдер" нь 173 өрөө, 13 хурлын том заалтай, Цюрих хотын Адисберг ууланд нийт 40 мянган метр квадрат талбайг хамарсан томоохон тансаг зэрэглэлийн зочид буудлын тоонд зүй ёсоор тооцогддог юм билээ. Хоногийн 18 мянган ам.доллараар хэмжигддэг уг зочид буудалд манай улс төрийн нөлөө бүхий эрхмүүд үе, үе очиж буудалладаг хэмээн тус улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Тодруулбал, өдгөө төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс "Долдер" зочид буудал хоёроос гурав хоногийн турш байрлаад буцдаг ажээ.

Эх сурвалж: www.shuudan.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж